ӨМНӨД МОНГОЛЧУУДЫГ ДЭМЖИГЧ ЧАН ХОТИНИЙГ СУЛЛА!

Хонконгийн тусгаар тогтнолын намын дарга Чан Хотинийг 8-р сарын 1-ний шөнө баривчилжээ.

Өнөөдөр Хонконгод улс төрийн хэлмэгдүүлэлт өрнөж байна. Өдгөө явагдсаар буй Хонконгийн ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийг барьж хорьж байна. 

Хонконгийн тусгаар тогтнолын намын дарга Чан Хотинийг 8-р сарын 1-ний шөнө  баривчилжээ. 2018 оны 9-р сард Хонконгийн засгийн газар энэ намыг хориглосон. Энэ нь Хонконг дахи улс төрийн эрх чөлөөг маш бүдүүлгээр зөрчсөн хэрэг болсон юм. 

Хонконгийн ардчилсан хувьсгал энэ оны 3-р сарын 31-нд эхэлсэн. БНХАУ цөөн хэдэн өрнөдийн гар хөл бологчдын үйлдэл гэж мэдээлдэг. Гэвч байнга түм буман хүн, заримдаа сая сая хүн үүнд оролцож, Хонконгийн ардчиллыг боомилох гэсэн Бээжингийн бодлогыг эсэргүүцэж, Засгийн ордон, Бээжингийн төлөөлөгчийн газар луу дайрч, гудамжинд хаалт бэхлэлт босгон цагдаа нартай тэмцэлдэж ирэв. Саяхан 100 гаруй бээжингийн хөлсний этгээд мод төмрөөр зэвсэглэн жагсагчид руу дайрч айлган сүрдүүлэхийг оролцсон ч түмэн олонд алуулахаа алдан ум хумгүй зугтаж нуугдсан. 

7-р сарын 1 буюу Хонконгийг БНХАУ-д нэгтгэсэн өдрийн баяраар хонконгчууд баярлаж цэнгэх бус, 1 сая хүн БНХАУ-ыг эсэргүүцэн жагссан. Баяр хийх гээд жагсаал цуглаанд тохиромжтой нөхцөл үүсгэснийг ашиглан тэд Хонконгийн засгийн ордон руу дайран орсон. Парламентын чуулганы танхимд Хятадын харьяан дорхи Хонконгийн сүлдийг хар будгаар будсан, өмнөх үеийн Хонконгийн далбааг мандуулсан, “Хонконг эрх чөлөөтэй болж, БНХАУ зайл” гэсэн лоозон барьсан. Шөнө дунд Хонконгийн цагдаа цэрэг арай гэж засгийн ордноос эсэргүүцэгчдийг гаргасан. БНХАУ Хонконгийн хил дээр их хэмжээний цэрэг хуримтлуулж, байлдааны 1-р бэлэн байдалд оруулж, байлдааны сум цэргүүдэд тарааж өгөн байлгаж байгаа гэх мэдээлэл түгсэн. Бүх нийтээрээ БНХАУ-ыг эсэргүүцэж, тусгаарлах дөхөж байгаа Хонконгод юу ч болж мэдэхээр байна.

Сая хүн оролцсон жагсаал ч болсон. 7,4 сая хүнтэй орны хувьд энэ бол том тоо. Ялтан сэжигтэнг Хонконгоос Хятад руу шилжүүлдэг болох гэснийг эсэргүүцэн, ардчиллаа хамгаалсан хэрэг юм. 

Хонконгод 2014 онд Бээжингээс сонгуулийн эрх чөлөөг хязгаарлах гэснийг эсэргүүцсэн Шүхрийн хувьсгал гарч байв. Хонконгийн захиргаа тэгэхэд 900 хүнийг баривчилж, 90 хүнийг шүүж, цөөн хүнийг бага хугацаагаар хорих болж ялласан ч, ялын хугацаа дуусаагүй байхад суллаж байв. Хонконгод Хятадын нам засгийн дарамтын эсрэг улс төр, иргэний нийгмийн үйл ажиллагаа байнга бөгөөд хүчтэй явагддаг. Хонконгийн тусгаар тогтнолын төлөө тэмцдэг хүмүүс, нам хөдөлгөөн ч бий. Тэднийг эх газрын Хятад шийтгэж эхэлбэл ямар харгислал хэлмэгдүүлэлт гарах нь тодорхой.

Өмнөд Монголын их хуралдайд гадаад ертөнцөөс өмнөд монголчуудын үйл хэргийг дэмжин ирж оролцогсдын дунд, Энди Чан Хотин гэдэг, 26 настай хонконг залуу их идэвхтэй байлаа. Тэрвээр 2014 оны Хонконгийн залуусын Амбрелла хувьсгалын лидерүүдийн нэг бөгөөд, тусгаар тогтнолыг шаардсан хатуу байр сууриараа ялгарч байв. Тэр онд Хонконгийн тусгаар тогтнолын намыг байгуулж, даргаар нь ажиллаж байлаа. Түүнийг Хятад улс аюултай салан тусгаарлагчийн тоонд оруулжээ. 2016 оны Хонконгийн парламентын сонгуульд түүнийг бүртгэхээс татгалзсан. Хятадын цөөнхи үндэстнүүдийн ҮЭЧХ-үүд хүчээ нэгтгэн үйл ажиллагаа явуулахын чухлыг энэ залуу идэвхийлэн сурталчилж байлаа.

Өмнөд Монголын нам холбоод нэгдэн байгуулсан Өмнөд Монголын их хуралдайд гадаадын олон тэмцэгч ирж оролцсон билээ. Японы парламентын байранд болсон хуралдаанд Хонконгийн тусгаар тогтнолын намын удирдагчдын нэг Жэйсон Чоугийн үг анхаарал татаж байв. 

Тэр: “Би дундад хүн биш, хонконг хүн. Миний төрөлх хэл хятад хэл биш, гуандун хэл. Би манай хонконгчуудыг дарлагчдын хэлээр энд одоо ярихыг хүсэхгүй байна. Учир нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийхөн энд цуглажээ. Миний гуандун хэлээр энд ойлгох хүн цөөн байх. Тиймээс англиар ярья” гээд хуралдайд баяр хүргэж, Хятадын цөөн тоот үндэстнүүдийн эрх чөлөөний хөдөлгөөний бүрэн эрхт гишүүн нь хонконгийн тэмцэгчид байх учиртай гэж байсан юм.

Чан Хотин өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг, Өмнөд Монголын их хуралдайг тууштай дэмжиж ирсэн, бид бүхний анд нөхөр юм. Эх оронч, тэмцэгч, хувьсгалч, шударга залуу Чан Хотинийг суллахыг эрс шийдэмгий гаардаж байна!

Өдгөө явагдсаар буй Хонконгийн ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийг барьж хорьж байна.
Өдгөө явагдсаар буй Хонконгийн ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийг барьж хорьж байна.
Өмнөд Монголын Их Хуралдай байгуулагдах үеэр. Баруун гараас: Хуралдайн тэргүүн Тэмцэлт, Хонконгийн хувьсгалч Чан Хотин.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*