Өмнөд монголчуудын их хуралдайд Монго…

Өмнөд монголчуудын их хуралдайд Монгол улс дахи дэмжигчдийн мэндчилгээ

Өмнөд монголчуудын их хуралдайд

Монгол улс дахи дэмжигчдийн мэндчилгээ

Дэлхийн өмнөд монголчуудын их хуралдай анх удаа чуулах гэж буйг тохиолдуулан, өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжигч Монгол улс дахь журмын нөхөд ахан дүүгийн халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч, мандан бадрах болтугай гэж ерөөл өргөж байна.

Бөмбөрцөг даяар дуурссан аугаа түүх соёлыг бүтээсэн монгол их үндэстэн нь түүхэн эмгэнэлт үйл явдлууд, их гүрнүүдийн хомхой түрэмгийллээс болж, хэдэн улсад хуваагдан, тархай бутархай суух болжээ. 1911 онд бүх монголчууд нийлж нэгэн гэр улсыг байгуулах үйлсэд өмнөд монголчууд хамтран удирдах хэмжээнд оролцож, Таван
замын цэрэг хөдөлгөн Чөлөөлөх дайныг хийж байсан ч, энэ эвлэлдэн нэгдэхүйг Хиагтын гэрээгээр таслан зогсоож байсан. Гэвч 20-р зуунд БНХАУ байгуулагдах хүртэл өмнөд монголчууд үндэсний эрх чөлөөний өргөн их хөдөлгөөнийг өрнүүлж, хэдэн ч удаа бүрэн тусгаар тогтнох дөхөж байлаа.

Говийн өмнөхи монголчууд Улаан малгайтны урвалгаан, дайн дажин, Баруунтныг дарах, Өвөр ардын намыг малтах, Соёлын хувьсгал зэрэг их харгислалуудад өртөж, дэлхийн хамгийн их аллага хядлагад өртсөн, зовж зүдэрсэн, хохирч хэлмэгдсэн түмэн олны тоонд зүй ёсоор багтах болжээ. Өмнөд монголчууд энэ бүхэнд шантарч мохолгүй, шударга ёсны тэмцэл хөдөлгөөнөө тасралтгүй үргэлжлүүлэн өрнүүлсээр энэ өдөртэй золголоо. 1981 онд хятад иргэн олноор суурьшуулахын эсрэг сурагчдын томоохон хөдөлгөөн өрнөсөн бол, малчдын бэлчээр нутгийнхаа төлөө хөдөлгөөн 2010-аад онд идэвхжиж, Мэргэн агсан зэрэг малчин баатруудыг төрүүлж, өнөөг хүртэл тасралтгүй өрнөж байна.

Ар монголчууд өмнөд монгол ахан дүүсээ дэмжих явдал нь Сөнидийн Тэнгис ноёныг өмгөөлөн тулалдсанаас өгсүүлээд хөгжиж явсаар Богд хаант нэгэн Монгол улсыг байгуулах, олноор нүүж ирснийг суурьшуулах, 1945 онд өмнөд монголчуудаа нэгтгэнэ гэж Японтой байлдах хүртлээ төвшинд хүрсэн байдаг. БНМАУ-ын үед маршалл Чойбалсан нас барах хүртэл өмнөд монголчуудтайгаа нэгднэ нийлнэ гэсэн чиг шугам хэвээрээ байлаа. БНМАУ БНХАУ муудалцсан он жилүүдэд өмнөд монголчуудаа дэмжих нь багасч, 1980-аад оны өөрчлөн байгуулалтын он жилүүдээс ахин сэргэсэн.

Одоогоос 25 жилийн өмнө, БНХАУ-ын ЭСЯ-ны үүдэнд “Дэмчигдонров хунтайж” нийгэмлэгийнхэн өмнөд монголчуудын эрхийн төлөө суулт хийж байлаа. 90-ээд онд энэ мэт арга хэмжээ цөөнгүй зохион байгуулагдсан. 2010-аад оны малчдын хөдөлгөөнтэй зэрэгцэн, Монгол улс дахь дэмжигчдийн үйл ажиллагаа ахин идэвхжиж, олон жагсаал цуглаан, хурал уулзалт, мэдээллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж ирэв. Цаашид ч бид бүхэн үндэс язгуур, элэг зүрх нэгт ахан дүүсээ үнэн санаагаар дэмжин тэмцэх болно гэдгээ илэрхийлье!

Даян дэлхийн өмнөд монголчуудын эвлэлдэн нэгдэх үйл явцыг Монгол дахь дэмжигчид ямагт сайшаасаар өдий хүрлээ. Монгол дахи дэмжигчид санал нэгтэйгээр Өмнөд Монголчуудын их хуралдайг хүлээн зөвшөөрч, талархан дэмжиж байна. Бид бүхэн их хуралдайд Өвөр Монголын ардын нам, Монголын эрх чөлөө, холбооны нам, Өмнөд Монголын ардчилсан нам, Хөх туг холбоо зэрэг үндэсний эрх чөлөөний гол байгууллагууд нэгдсэн байна гэж ойлгож байна. Тийм учир энэ хуралдай маань өмнөд монголчуудын тэмцлийг шинэ шатанд гаргаж, ялалт амжилтанд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хуралдайн төлөөлөгчид өө! Их Эзэн Богд Чингис хааны маань аугаа их алдар суу биднийг ивээн тэтгэх болтугай! Бүх дэлхийн монголчууд эвлэлдэн нэгдэж, хүн төрөлхтний эрхэм нандин эрх чөлөө бүрийг олж, хамтдаа хөгжин дэвжиж, энхжин мөнхжих болтугай! Сайн үйлс арвижин дэлгэрэг ээ!

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *