МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛД ӨМНӨД МОНГОЛЧУУД ОРОЛЦСОН

Монголын ардчилсан холбоо (МоАХ) анх байгуулагдах хуралд, Монголд дүрвэж сууж байсан өмнөд монгол Д.Хөххад, Г.Цэнгэлт, Н.Түмэнбаяр нар Эзэн Чингис Хааны сургаалийг монгол бичгээрээ хичээнгүйлэн залж, баяр хүргэж байсан юм. Энэхүү бичгийг хожмын Монгол улсын ерөнхийлөгч маш их өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч, толгой дээрээ өргөн мандуулж, цаасан дээр сийрүүлсэн халуун баяр хүргэлтийн мэндчилгээг индэр дээрээс тод дуугаар уншин хүргэхэд хурсан олон түмэн уухайлан баясаж, алга нижигнүүлэн ташиж байлаа. Тэрхүү баярын мэндчилгээ ардчилагчдын сонинд нийтлэгдэж үлдсэн.

Өмнөд Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож байсан хүмүүс БНМАУ-д ирээд багагүй нөлөөг үзүүлсэн байдаг. Тэд өөрчлөн байгуулалт, ил тод байдлын чөлөөт үеийг ашиглан, өөрсөдтэй нь харилцсан залууст тэмцэл хөдөлгөөний үлгэр домог адил сонсдох арга туршлагаасаа ярьж зааж өгч, үндэсний эрх чөлөөний үрийг тарьж байсан байдаг. Энэ нь өмнөд монголын хувьсгалчид 1911 оны Нэгдсэн Монгол улсыг байгуулах хувьсгалын өмнө орж ирж нөлөөлж байсантай төстэй.

Ховдод анхны ардчиллын цуглаан болсон. Тэгвэл Ховдод байсан өмнөд монгол улс төрийн дүрвэгчид үүнд нөлөөлсөн гэх сураг ажиг дуулддаг. Өмнөд Монгол тэмцэгчдийн тухай мэдээ ардчиллын анхдагч лидерүүдийн чихэнд ч хүрч, тэд уулзаж учран, зөвлөгөө авч, элдэв нарийн учрыг хэлэлцдэг байжээ. Тийм чиг учраас, өмнөд монгол дүрвэгчид Монголын ардчилсан холбоо байгуулагдахад санаа нийлсэн ар өвөр нөхдийн үйл хэрэг бүтэв гэж ихэд баясан, мэндчилгээ дэвшүүлж байсан ажээ. Өнөөдөр Монголын ардчилсан хувьсгалд өмнөд монголчууд тусалж дэмжиж байсан тухай дурсамж санамж ихэд бүдгэрчээ. Янз бүрээр, хөрөнгө мөнгөөр ч тусалж байсан өмнөд монголчууд бий. Ардчилсан хувьсгалын партизан, анхдагч, ахмад зүтгэлтэн гэж бүрнээ болох өмнөд монголчууд бий.

Энэхүү зурган дээр байгаа хүн бол өмнөд монголчуудын баярын мэндчилгээг барьж, олонд танилцуулж байгаа Ц.Элбэгдорж тэмцэгч юм.

“Түмэн түмэн ардаас

Төр ёсыг мэдэгч хүн үлэмж.

Хол хэмээн бүү цөх.

Явбаас хүрьюү.

Хүнд хэмээн бүү цөх.

Өргөвөөс дааюу.

Чингис хааны сургаалиас.

Шарагчин могой жилийн өвлийн …

Цэнгэлт

Хөххад

Түмэнбаяр” гэжээ.

Энэхүү туузан дээр “Хий морь манд” гэсэн гурван үг байгаа нь 1981 оны 9-р сард, Өвөр Монголд өрнөсөн Хятадын бодлогыг эсэргүүцэх монгол оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөний бэлгэдлийн үгс юм. Өмнөд монголчуудын баяр хүргэлт, түүнийг БНМАУ-ын хувьсгалчид хүлээж авсан байдлыг Хятад улсад панмоголизм сэргэж байна гэж мэдээлж байжээ.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *