Монголчуудын тархийг хагална гэх зан үйлийг эсэргүүцлээ

Билгийн тооллын 8-р сарын 15 бол БНХАУ-ын Намар дундын баярын өдөр. Өнөөдөр нийслэл хотноо, Ю.Цэдэнбалын хөшөөний дэргэд хэсэг иргэн “Энэ баярын үеэр зарим ухамсаргүй хүн монгол хүний тархийг хагалах зан үйл хийдэг явдлыг таслан зогсооё” гэж эсэргүүцлээ илэрхийлэв. Тус арга хэмжээнд оролцсон иргэд ингэж ярьж байна.
Ч. Мөнхбаяр: Юань улсын үед Цагаан лянхуа шашны бүлгийнхэн Намар дундын баярын саран боов буюу еэвэнг түгээсэн, саран боовыг шөнө идэхэд “Татаруудыг ал” гэсэн зурвас дотроос нь гарч ирсэн, ингээд татар буюу монголчуудыг алснаар Улаан алчууртны бослого эхэлсэн гэсэн домог бий. Түүнээс хойш еэвэн, тарвас дээр хүний нүүр зурж, монгол хүний тархийг хагалъя гэж уухайлан хагалж иддэг ёс үүссэн. Олон зуун жил энэ ёсыг хийж байгаа. БНХАУ үндэстэн хооронд зөрчил гаргах хуучны зан үйлийг хална гэсэн ч дээрх ёсыг халах талаар дорвитой хийсэн зүйл үгүй.
Ийм учиртай гээд Еэвэн баярыг улсын баяр болгоогүй байсан бол, 2013 оноос улсын баяр болгосон. 5 дахь жилдээ улсын баяр болгож хийж байна. Энэ баяраас болж, монгол хятад хүмүүсийн хооронд зөрчил зодоон цөөнгүй гарч байсан, хууль бус ёс хийсэн нэг ч хятад хүн хариуцлага хүлээгээгүй. Харин бүр өмнөд монголчууд Еэвэн баярыг хийх ёстой болсон. 2013 оноос хойш өмнөд монголчууд хууль бус ёсыг халах, өмнөд монголчууд Еэвэн баярыг тэмдэглэхгүй болох шаардлагуудыг тавьж ирсэн ч тоогоогүй. Өвөг дээдсийг минь алж хядсан өдөр бид баярлаж цэнгэж, дуулж бүжиглэж чадахгүй гээд нэмэр болоогүй.
Өнөөдөр дэлхийн янз бүрийн улсуудад монголчууд эсэргүүцлийн арга хэмжээ хийж байна. Монголын иргэд монголчуудын тархийг хагалах зан үйлтэй холбоотой еэвэнг Цагаан сараар хэрэглэхгүй байх хөдөлгөөн олон жил өрнүүлж байгаа, энэ учрыг сайн мэднэ. Монгол-Хятадын найрамдалд дээрх зан үйл нь нийцэхгүй байна.
Д.Чулуунбат: Еэвэн баярт монголчууд бидэнд таагүй санагдах зан үйл байдаг. Еэвэн, тарвасыг “Монгол хүний тархийг хагална” гэж хашгирч хагалаад, дараа нь идэж баясаж байдаг нь хүн идэх каннибалист шинжтэй. Хүнийг алж махыг нь идэх хүмүүн бусын ийм ёс соёлт хүн төрөлхтөнд байж болохгүй. Дэлхийн хэмжээнд дэвшүүлж тавих асуудал.
Үүнд өмнөд монгол ахан дүүс ялангуяа их дургүйцэж ирсэн. Харин Монгол улсын иргэдийн дунд мэдэхгүй болоод ингээд байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу, асуудал тавихаар үл ойшоох, мушгин гуйвуулах, үгүйсгэх, цагаанаар будах явдал их байх юм. Энэ бол буруу. Монгол хүн л юм бол хэрхэн ойлгох, хүлээж авах нь адил л баймаар. Монгол хүнийг алж идэх энэ ёсыг бүх нийтээрээ эсэргүүцэх хэрэгтэй. Хөрш үндэстнээ ална иднэ гэж заналхийлсэн баяр байж болохгүй.
Иргэн: Би өөрөө бага байхдаа хятадуудын суудаг хорооллын ойролцоо өссөн. Монгол улсад ч тийм ёс хийдэг байсан. Одоо ч хийж л байгаа байх. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөө ярьж болно. Харин энэ утгагүй зан үйлээ болих хэрэгтэй. Монголчууд маш их эмзэглэж байна. Болиоч ээ гэж шаардаж байна.
Иргэн: Ер нь энэ Еэвэн баяраа манайд ч тэмдэглүүлэх бодлого явагдаад байна уу гэх хардлага төрдөг. Бидэнд үндэсний дархлаа буй болохын төлөө бид энд цуглаад байна. Шаардлагаа элчин сайдын яаманд хүргүүлнэ гэх зэргээр ярилаа.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *