БОРЖИГИН СЭНГЭРИНЧИН ЖАНЖИН БА 118 САЯ ХЯТАД ХҮНИЙ АМИЙГ АВСАН ИХ БОСЛОГО

СЭНГЭРИНЧИН

НЭГ. XIX зуунд Хятадад хоёр том бослого дэгдсэний нэг нь Тайпинийх юм. Тайпиний бослогод тухайн үеийн Манж гүрний хүнд хэцүү нөхцөл байдал их нөлөөлжээ. Британи хар тамхины хориогоо цуцал гэхчлэн янз бүрийн шаардлагууд тавьж, Хар тамхины дайн хийж (1840), сөгтгөн дарлав (1842 онд Чин гүрний 416 сая хүн амын хоёр сая нь хар тамхинд орсон байсан бол, 1881 онд 369 сая хүн амын 120 сая нь буюу 1/3 нь хар тамхинд орсон байлаа).

Энэ мэт олон асуудлыг эсэргүүцэж, 1850 онд, Христийн шашны тугийн дор хятад тариачид Манжийн төрийг эсэргүүцэх болсон байна. Эхэн үедээ тэд үлэмж амжилт олж, Жянси, Жэзян муж, Аньхуйн ихэнх, Гуансийн тал, Хубэйн бараг талыг эзэлсэн Тайпиний улсыг байгуулжээ. Нийслэл нь Нанжин.

Тэдний цэрэг итгэл сүсэг ихтэй ч, удирдагчид нь шашинд хэт автан, Библийн сургаалийн дагуу дайтаж байв. Нийслэл Бээжин рүү бус, Дорно зүг рүү хөдөлсөн нь их алдаа болжээ. Мөн мэдэл дорхи нутгууддаа хятад соёлыг устгаж, ноёд баячуудыг алж, хөрөнгийг нь хураан, армийг сөнөөж байв. 25 гэр бүлээс бүрдэх 25-тын систэмдээ л гол найдлага тавина.

Хэт туйлширсан байдлаасаа болж, эхэндээ тэднийг дэмжиж байсан ард олны итгэлийг алджээ. Үүнийг далимдуулж, баячууд бослого дэгдээн, их хэмжээний нутгийг хяналтаас нь гаргав.

Бээжин рүү довтлохын чухлыг 1853 онд ойлгож, хойд зүг рүү хөдөлж, Тяньжин орчимд ирэв. Манжийн хаан Бээжингээс эрдэнэсээ авч зугтлаа. Энд тайпинчууд Хятадын уламжлалт өмнөд-хойдын зөрчилтэй тулгарав. Хойдынхон өмнөдийнхний хэл усыг ч, зорилгыг ч ойлгосонгүй.

Хар тамхины II дайн гарч, өрнөдийн гүрнүүд Манж руу довтолсныг тайпинчууд шашин нэгтнүүд маань туслав гэж андуурчээ. Өрнөдийнхөн Тайпиний бослогыг эзэрхий зорилгодоо л ашиглаж байсан нь мэдээж.

Санаандгүй юм болж, Сэнгэринчин гэдэг монгол жанжнаар удирдуулсан цэрэг тайпинчуудад үхлийн цохилт өглөө. Хааны цэрэг, Тайпиний эсрэг давшилтад орлоо. Олзлогдсон босогчдыг бараг бүгдийг нь хороож, тэдний байсан нутагт аймшигт аллага хядлагыг эхлүүлжээ. Өмнийнхөн үүнд хилэгнэн, хааны цэргийг эсэргүүцэж, иргэний дайны шинж тодров.

Тайпиний хүчүүд хоорондоо ч хагаралдан дайтав. Хаос, өлсгөлөн, инквизици, сүйтгэл хаа сайгүй. Тайпиний бослого олон арван сая хятад хүний амь насыг авч оджээ. Тайпиний бослогоос өмнө Хятадад 400 сая хүн буюу, дэлхийн хүн амын 40 хувь нь амьдарч байсан бол 280 сая болтлоо буурчээ. Хятадад тэр үед, охидыг “зарлага үрлэгээс бусдыг эс авчрах лай ланчиг” хэмээн егүүтгэх явдал өргөн байгаагүй бол хүн ам нь дэлхийд бүр их хувийг эзлэх байсан биз. Тэр үед 10 хөвүүнд 2-3 охин оногддог, охидын 10 хувийг бүрэлгэдэг байжээ.

Тайпинчууд хүйсийн тэгш эрхийг тунхаглаж, охидыг хороох, хөлийг нь нугалж хатаан жижигрүүлэхийг хориглосноороо багагүй дэмжлэгийг олж байсан. Цэрэгт нь элсэн тулалдаж, хойд насандаа диваажинд залрах гэсэн бүсгүйчүүдээр тусгай эмэгтэйчүүдийн батальонууд байгуулж байв.

Тайпиний арми заримдаа сая хүнтэй болдог байжээ. Нанжингийн дэргэдэх нэг тулалдаан сая хүний амь үрэгдэж ч байв.

Тайпиний удирдагч Хун Сю Цюань бусадтайгаа адилаар амьдарна гэсэн ч хаан мэт тансаглаж, зуу зуун шилмэл бүсгүйчүүдтэй амраглаж, нэр хүндээ алдаж, хагаралд хүргэж байв.

Дайны зорилгоор Хуанхэгийн их далан сэтлэгдсэнээс 11 хот, 300 тосгон үерт автаж, зургаан сая хүн үхэж байлаа. Нийтдээ Тайпиний бослогын үеэр (1850-1864) үеэр 118 сая хүн үхсэн нь хамгийн олон хүний амь насыг бүрэлгэсэн дайн гэж хүн төрөлхтөний түүхэнд үлджээ.

Тайпин гэдэг нь урт үст (гэзэг биш) гэсэн үг бөгөөд, Христийн үсийг хэлж буй юм. Удирдагч Хун Сю Цюань нь өөрийгөө Христийн дүү гэдэг байлаа. Тэрбээр христ, күнз, дао, буддаг хольсон тайпиний шашны урсгалыг үүсгэжээ. Гэхдээ Христийн шашин гол нь байв.

Тайпиний тэнгэрийн улс нь 30 сая хүн амтай байлаа. Тайпиний улсад хар тамхи, архи, мөрий, сэксийг бараг хорьсон, дайнд оролцон яваа 25-тын систэмийн гэр бүлүүдэд бол бүрмөсөн хориглож байв. Тэр улсад тэгш эрхтэй гэх коммуны нийгэм тогтножээ. Тайпинчууд Манжтай холбоотой бүхнийг устгаж байсан (Нанжинг эзлээд 20 мянган манж хүнийг хүүхэд хөгшид, эмэгтэй гэлгүй бүгдийг хядсан) бол, 1864 онд бослого нь дарагдсаны дараа хааны талынхан тайпинтай холбоотой бүхнийг устгажээ.

Хар тамхины дайны дараа өрнөдийн орнууд Манжаас нэг хүнд нь хоёр мөнгөн зоос оногдохоор их хэмжээний дайны төлбөр авах болсон нь шинэ аймшигт бослогын эхийг тавьсан юм.

ХОЁР. Тэр үед монголчуудын нэлээд хэсэг Манж Чин гүрний харьяанд байсан тул үр дагаварт нь их өртсөн юм.

Боржигин Сэнгэринчин (1811-1865) Хавт Хасарын 26 дахь үеийн удам нь бөгөөд, манж гүнжтэй гэрлэсэн эфү, жүн ван. Найман тугийн морьт цэргийн жанжин тэр Тяньжин орчимд тайпинчуудыг тосч байлдан, хоёр жил тогтоож, нэг удирдагч Ли Кай Фэнг нь барьж цаазлан, чин ван цол шагнуулжээ. “Эзэнт гүрний түшиг тулгуур” хэмээн, шашны хийрхэгч шороон түмэн тайпинийг няцаагч түүнийг нэрлэн, итгэл найдвараа тавьж байлаа. Тэрбээр итгэл найдварыг нь ч хөсөрдүүлэлгүй, тайпинчуудад үхлийн цохилт өгч ухраасан юм. Тэгэхдээ Тяньжингийн даланг сэтэлж, усанд авахуулан түйвээж байгаад дайрчээ. Энэ дайнд Улаантай жанжин, манж морин цэргийн захирагч Ихдамба гээд монголчууд бас гавъяа байгуулжээ.

Сэнгэринчинг, Хар тамхины дайнд оролцогч өрнөдийнхөн Сэм Коллинсон гэдэг ирланд жанжин хятадуудыг британичуудын эсрэг босгож байна гэж эндүүрч явсан удаатай. Ханз үсгээр Сэн Ко Лин Син гэснийг тийнхүү тайлж уншин, цэргийн эрдэм чадлыг нь европ жанжных л байж таараа гэж таамагласнаас тиймд хүрчээ. Чингээд “Сэм Коллинсон”-ы эсрэг их цэрэг хөдөлгөж, дайралтыг нь шүршүүр буугаар зогсоожээ. 60 мянган манж, монгол цэрэг англи, францчуудад хядуулсан байдаг.

Ялагдашгүй гэж итгэж байсан жанжин нь мөхөсдсөнд хилэгнэсэн манж хаан түүнийн Няньжуны буюу Бамбартны гэх тариачны бослогыг даруулахаар илгээв. Үүнийг хялбар дөнгөх биз гэж бодсон атал Сэнгэринчин тариачдад баригдаж алагджээ. 54 настай байжээ.

Чин гүрэн шооконд орж, төрийн их оршуулгаар хүндэтгэж, улс даяар гашуудал зарлаж, их чин ван цол нэхэн олгожээ. 1889 онд Бээжингийн Дунчэн дүүрэгт Сэнгэринчингийн сүмийг, 1995 онд Өвөр монголын Улаанхад хотод түүний хөшөө, мүзэйг босгожээ. Билгүүн номч Захчидсэцэн “Хамаг хүчээ Манжид л өгсөн хүн дээ” гэж харуусан үгүүлжээ.

Тайпиний бослогын үед Манжийн хятад бус үндэстнүүдийн дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байжээ.

1862-1881 онд дунгааны бослого өрнөж, дунгаан, салар, уйгур, казах, киргизүүд оролцож байв. Тэд дийлдэх үедээ Монголд орж ирж түйвээж байсан билээ. 1863 онд Якуб-бэкийн бослого гарч, Монголд казахууд ирж суурьшихын эхийг тавьсан. 1865-1877 онд Еттишар буюу Долоон хотын улс тогтнов. Хулжийн султанат гэх улс ч байгуулагдаж байв. 1871-1881 онд Оросын цэрэг Шинжааныг эзэлж, бослого хөдөлгөөнийг дарж, эв нь олдвол салгаж авахаар анаж байлаа. Гэвч их гүрнүүдийн дарамтанд ороод чадаагүй. Шинжаанд 1933 онд Зүүн Түркэстаны I БНУ (Ислам Хожа Нияз удирдсан), 1949 онд Зүүн Түркэстаны II БНУ байгуулагдаж байсан. Юннаний лалууд бас босч байжээ.

Монголчуудын дунд мөн тайвангүй болжээ. 1853 онд Баруун Түмэдэд Найман сумын тэмцэл өрнөжээ. 1858 онд Үүшин хошууны дугуйлангууд үүсч, 1891 он гартал идэвхитэй байв. 1859 онд Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ. 1863-1864 онд Зост, Зүүн Түмэдэд, 1864 онд Харчинд бослого гарав. Оросын 300 казак цэрэг “Халхын нийслэлд Манж Чинд туслах зэвсгийг хүргэж өгнө” гэхэд Сэнгэринчин халхуудад итгэж болохгүй хэмээн, хүн хүч дутмаг байсан ч Хиагт хүртэл довтолгон, тосч очин авч байжээ. Дайн самуун, Чин улсын колонист бодлого зэргээс болж, хятад тариачид монгол нутгуудад үерийн ус адил садран орж ирж, монголчууд үүнд ихэд дургүйцэн, “хятадуудыг оруулахгүй” гэснээ зөрчвөөс Чин улсаас салсан ч яадаг юм гэх болсон цаг билээ.

Сэнгэринчин жанжин үндэс угсаагаа гэх эх оронч нэгэн байсан бол, Манжийн төлөө амь хайргүй тулалдахын оронд, Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөө өрнүүлээд, мандан бадарч болох байв. Өвөр монголчууд юуны өмнө, тэгээд ар монголчууд бас талархан дэмжих байлаа. Орос гүрэн Манж Чинтэй маш их зөрчилтэй байсан тул мөн дэмжих байсан. Гэхдээ арай ч өөртөө хавсарган нэгтгэчихгүй, их гүрнүүдийн аясыг харна. Япон тэр үед нөлөө багатай байсан тул (1911 оны хувьсгалын дараа монголчууд нэгдэхэд Япон маш их саад тотгор учруулсан), энэ дүйвээнээр бүх Монгол нэгдэж, Оросыг түшиглэн, тусгаарлаж салж болох байсаан. Орос бол Крымийн дайнд Англи, Франц, Оттоман, Сардиний эвсэлд ялагдаж, харин өрнөдийнхний нөлөө багатай бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэн, алдсанаа нөхөх гэж их чармайж байсан юм.

Гэвч Монголд хангалттай ҮЭЧХ өрнөсөнгүй. Олон монголчууд Манж гүрний төлөө цусаа урсгаж байлаа. Иймээс Орос Манжид тусална, хариуд нь Зүүнгарын нутгийг авна гэж дарамталсаар 1864 онд санасандаа хүрсэн юм. Хэрэв Манж үүнийг зөвшөөрөөгүй бол Орос олз ашиг хайн мөн довтолж мэдэх байсан агаад, аян шалтаг заан Шинжааныг 10 жил эзэлсэн. Ийнхүү Ар Монголоос их газар нутаг монгол туургат хүн амтай хамт тасран одож, хүнд гарз хохирол учирсан юм. II Николай Балхаш нуур хүртэлх 1.2 сая ам км, Амар мөрний сав дагуух 400 мянган ам км нутгийг Манжаас авч, Тайпиний бослогын хамгийн том хожигчоор тодорчээ.

Тайпиний бослого монгол нутгуудыг таслан хувааж, монгол цэргүүдийн амь насыг хөнөөж, монгол хүн ардыг түйвээсэн туйлын уршигтай үйл явдал болж өнгөрчээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*