ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ХҮНИЙ ЭРХ МАДАН БАДАРТУГАЙ! МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Өнөөдөр Дэлхийн хүний эрхийн өдөр. 1948 оны энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан билээ.

Түүнээс хойш бараг 70 жил өнгөрсөн ч, БНХАУ-д хүний эрхэм эрхүүд хэрэгжээгүй, хэрэгжүүлэх талаар ХКН санах ч үгүй явна. Даян дэлхийн хамгийн их дарлагдаж колоничлогдсон ард түмний нэг болох өмнөд монголчуудын байдал тод илрэл нь юм.

Өнөөдөр өмнөд монголчууд ХКН-аас баталгаажуулан хэрэгжүүлнэ гэж амласан өөртөө эзэн мэдэх эрх байтугай, амьд хүний хамгийн наад захын эрхүүд болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үндэсний хэл соёлоо хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, шүтэн бишрэх эрхийг ч эдэлж чадахгүй дарлагдан зовж байна. Хуульчлан тунхагласан өөртөө эзэн мэдэх эрх цаасан дээр л байгаа, харин ч жинхэнэ колонийн боолчлол мөлжлөг тал нутагт гаарч байна. Үг хэлье гэхэд хэвлэн нийтлүүлж, жагсаж цуглаж болохгүй. Үзэл бодлоо илэрхийлбэл салан тусгаарлагч гэж гүжирдэн хорино, шийтгэнэ. Энэ бүхнийг бид буруутган яллаж байна!

Эрүүл аюулгүй орчинд амьдрах ямар ч боломжгүйд хүрчээ. Хортой үйлдвэр уурхайнууд Өмнөд Монголыг дэлхийн экологийн хамгийн гамшгийн бүсүүдийн нэгд багтахуйц болгожээ. Хууль бусаар Өмнөд Монголд ашиг хонжоо хайсан хятадуудын бөөнөөрөө дайрч түрэмгийлэх, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох, дарамталж сүрдүүлэх нь хэрээс хэтэрсэн, бүр алтан амийг ч бүрэлгэдэг. Үүнээс хамгаалах ёстой амарыг хамгаалахын ажилтнууд, үймээн дарах цагдаа нар харин ямагт ямар ч гэм буруугүй, хохирогч хэлмэгдэгч болсон малчид руу байнга халдан довтолж, дураар зодож нүдэж, баоьж хорьж, үл бүтэх этгээдүүдийн гар хөл болж явдаг аа. Энэ бүхнийг бид буруутган яллаж байна!

Ийм нөхцөлд Өмнөд Монголын малчин ардын аж төрөл нь тэсэхүйеэ хүнд бэрх, дээш тэнгэр хол, доош газар хатуу гэгчээр болж, мухардуулж цөхрөөн зовоож байна. Малчдыг үйлдвэр уурхай байгуулах, цэргийн бааз барих, байр сууцыг шинэчлэх, байгаль хамгаалах гэхчилэн тоолж баршгүй үнэн худал шалтаг шалтгаан хэлж, шууд бэлчээр нутаг, гэр орноос нь хөөж тууж, амьдарч байсан байшинг нь бульдозероор түрэн газартай тэгшилдэг. Хүчээр нүүлгэж үнэн хэрэгтээ дүрвэгчдийн хуаранд аваачих буюу, нутаг заан цөлдөг. Хот орон газарт хүчээр суурьшуулж, дадаж дасаагүй цэвэрлэгч ачигч зэрэг ажил хийлгэж, хятадуудын зарц боол болгодог. Хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр өгнө гэдэг нь худал хуурмаг болдог. Малчдын аж төрлийг ийнхүү орвонгоор нь эргүүлэн бсуниулснаар үндэсний соёл үгүйрэн сүйрч байна. Түүхэнд ийм тийм колоничлол дарлал байсан гэж ХКН-ын суртал ухуулгадаа нуршдаг нь Өмнөд Монголд бодот амьдрал дээр үзэгдэж байна. Тал нутаг гаслангийн дуунаар дүүрлээ. Энэ бүхнийг бид буруутган яллаж байна!

Энэ бүхнийг тэсэж тэвчих аргагүй болсон тул малчид байнга эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, заргалдаж заалдаж байна. Өнөөдөр Өмнөд Монгол БНХАУ дахи хамгийн их эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөдөг бүс нутгийн нэг болжээ. Өмнөд Монголд тэмцлийн гал тасралтгүй дүрэлзэж байна. Тэмцлийн гал дундхи Өмнөд Монгол болжээ.

Өмнөд монголчуудын өөртөө эзэн мэдэх эрх, эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэх зорилготой Өмнөд Монголын Их Хуралдайн журмын нөхөд бид Хятадын засгийн газар, ХКН-д хандаж:

-Өмнөд монголчуудын хүний эрх, нэн ялангуяа өөртөө эзэн мэдэх эрхийг  хүндэтгэн хэрэгжүүлэхийг шаардаж байна!

-Өмнөд монгол малчдын бэлчээр нутгийг булаах, эсэргүүцэл тэмцлийг нухчин дарахаа таслан зогсоохыг шаардаж байна!

-Өмнөд монголчуудын ариун дагшин тал нутгийг хор хөнөөлт үйлдвэр уурхай, цэргийн бааз, гахайн аж ахуйгаар эзлүүлэн, хөнөөж сүйтгэхээ болихыг шаардаж байна!

Бид бүхэн бүх монгол ахан дүүс, даян дэлхийн шударга улс түмэн, байгууллагууд зүтгэлтнүүд, хүн ардад хандан, дээрхи шаардлагуудыг дэмжин, дарлагдсан өмнөд монголчуудад бүх боломжоороо туслахыг уриалж байна!

Өмнөд монголчуудын хүний эрх, өөртөө эзэн мэдэх эрх, эрх чөлөө мандан бадрах болтугай!

Өмнөд Монголын Их Хуралдай.

2017.12.10

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*