ХЭЛМЭГДСЭН МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НУЛИМС ДҮҮРЭН ӨЧИЛ

Жарууд хошууны малчид Санал гомдол хүлээн авах газрын гадна.

Тунляо хот буюу урьдын Жирэм аймгийн зовсон малчид Хөх хотод заргалдахаар ирээд байна. Тэд бүгдээрээ хилсээр хэлмэгдсэнийг цагаатгуулах зорилготой ажээ.

Жарууд хошууны Улаанхад сумын Дөрвөнгэр гацааны малчин Туяа:

-Би 38 настай энгийн малчин эмэгтэй. 2015 оноос, хуучин гэр барилгын нөхвөр, уулын модны нөхвөр, дор баталгаат өрхийн нөхвөр олгоход оршиж буй илжирмэл алдаа дутагдлыг шүүмжлэн заалдсан. Түүнээс болж малчид их хохирч байгаа. Жарууд хошуу, Тунляо хот, Хөх хот, Бээжин хотын засгийн орднуудад хандаж олон удаа заалдсан. Бээжинд хандаж 7 удаа заалдсан.

Ерөөсөө хариу өгч байгаагүй. Харгислал сүрдүүлэг харин янз бүрээр илэрдэг байсан. Сүүлдээ намайг нийгмийн амар амгаланг алдагдуулав гэж сар шахам хорьсон. Суллагдаж гараад заалдлагаа би үргэлжлүүлсэн. Гэтэл намайг Жарууд хошууны Ардын шүүхийн хорооноос 6 сар хорьж шийтгэлээ. Шударга ёс, хууль ёсыг эрхэмлэлээ гэж шийтгээд байх юм уу? Энэ хилсийг цагаатгуулахын төлөө би тууштай тэмцнэ гэж ярилаа.

Тодруулан хэлэхэд, малчдын аж амьдралыг сайжруулна гэж зарим нөхөн олговор өгдөг. Тэрийг шат шатанд шамшиж идсээр малчдад олгохгүй байх нь ч тохиолдно. Хуучин байшинтай гэж нураалгасан малчид цөөнгүй. Тэгвэл ой модтой байгалийг хамгаалахын тулд гэж нүүлгэгдсэн малчид бас олон. Мал аж ахуйтай байх эрхээ зүй бусаар алдаад ядуурсан малчид нэлээн. Тэдэнд энэ нөхвөрүүд бол чухал байдаг. Түүнийг нь шамшиж идчихвэл маш хүнд байдалд ордог.

Жарууд хошууны Улаанхад сумын Дөрвөнгэр гацааны малчин Я Ту:

-Би өндөр настан малчин эмэгтэй. 2016 онд их хүү минь голд умбаж байгаад хууль бус этгээд уудалж гаргасан нүхэнд орж амь алдсан. Хүн амины хэрэг гарсан тул хуулийн дагуу асуудлыг шийдүүлэх гэж хөөцөлдөхөд хэн ч тоогоогүй. Арга ядаад би хууль бус этгээдүүдийн машин техникийн замыг хааж зогссон. Тэгтэл амарыг хамгаалахынхан нийгмийн хэв журмыг алдагдуулсан гэж 8 сар хорьсон. Ахин эсэргүүцэл гаргавал бүр урт хугацаагаар хорино гэж анхааруулсан. Эх хүн би үрийнхээ амийг нэхвэл ялт хэрэг болох уу. Үзүүрт нь хүртэл би тэмцнэ гэж уйлан хайлан ярилаа.

Жарууд хошууны Ар Хөндлөн сумын Саруул гацааны малчин Иүй Роан:

-Би 50 настай малчин эмэгтэй. Нутгийн хоёр малчны хамт олон жил зарга хийж байна. Бидний бэлчээр, хадлан, тариалангийн газрыг түрэмгий этгээдүүд хүч түрэн хууль бусаар булаасан. Хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлэх гэхэд зоостой хүний халхавч, зоосгүй хүнийг дарлагч болж огт тоогоогүй. Үргэлжлүүлэн тэмцсээр байтал ах дүү гурван малчныг хэв журам зөрчив гэж арав гаруй хоног хорьсон. Хэв журам зөрчсөн нь хэн бэ гэдгийг танихгүй байна уу? Хэв журам сахиулах гэснийг шийтгэх нь хаанахын ёс вэ. Малчин бид амьдрах аргагүй боллоо. Эцсээ хүртэл тэмцнэ дээ гэж ярилаа.

Дэмжсэн малчдын гарын үсэг, хурууны хээ.

Тэдэнтэй мөн өөр малчид хамт яваа. Нутгийн олон малчдын дэмжиж зурсан гарын үсэг, хурууны хээ байгаа. Хилсээ цагаатгуулах гэсэн эмэгтэй голдуу малчдад Хөх хотод ажиллаж амьдардаг тууштай тэмцэгч, хатагтай Шинээ тусалж байна. Тэрбээр Хөх хотод ирсэн малчин тэмцэгчдэд байнга тусалдаг буянтан билээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*