ӨМНӨД МОНГОЛД МАЛЧДЫГ ХОХИРООСОН АВЛИГАЧИД ЦААЗЛУУЛАХ БАЙТУГАЙ ШИЙТГЭГДДЭГГҮЙ

Өмнөд Монголд БНХАУ-ын төр авлигыг хамгаалах тэмцэл хийж ирлээ. Зураг дээр авлигатай тэмцсэн малчдыг үймээний цагдаа зодож, чинжүү цацаж байна.

 

ГАДААД УЛСАД АВЛИГЫН ХЭРЭГ ХИЙСЭН ХЯТАДЫН ИРГЭН ГАВЬЯАТАН БОЛДОГ. БНХАУ-д авлигын эсрэг тэмцэж байна гэж их шуугиан дэгдээдэг.  Стадионд олны өмнө буудах гэх зэргээр. Энэ нь Хятадад авлига аюумшигтай хэмжээнд хүрсэн, төрийн аппарат дээд зэргээр ялзарсан, намын бодлого мөнгөний өмнө, шуналын өмнө сөхөрч унасны баталгаа юм. БНХАУ болон ХКН оршин тогтнох уу, үгүй юу гэж эргэлзмээр хэмжээнд хүрсэн. Авлигын хүч нам засагтай өрсөлдөх төвшинд гаарсан.

Үүнийг Ши Жинпин яахын аргагүй хүлээж, түгшүүрийн харанга дэлдсэн. “Эсвэл коммунист нам авлигыг ялна, эсвэл авлига коммунист намыг ялна!” гэж байдлыг тэр тодорхойлсон билээ. Тэр бас: “Өдий хүртэл ялааны ав явагдсан, одоо барын ав хийх цаг боллоо” гэсэн. Ялаа гэж жижиг авлигач түшмэлүүдийг хэлж ирсэн.

Амарыг хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцсан, Хятадын лидерүүдийн нэг Жоу Юнканыг бар авлигач гэж баривчилсан. Гэрээс нь 4 ачааны машин дүүрэн бэлэн мөнгө, 1 ачааны машин алт, алтан эдлэл, 1 ачааны машин хаш гоёл чимэглэл хурааж зөөсөн.

Сүүлийн гурван жилд 1 сая түшмэлийг авлигын хэргээр ялласан. Гэвч авлигатай хийх тэмцэл огт буурсангүй. Нийгэмд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсангүй. Тэдний дунд сайд, сайдтай дүйцэх албан тушаалтан 109 байлаа. Сая сая хүн амтай, 60-70 сая хүнтэй мужуудын дарга нар бас байлаа. Тэгэхэд авлигын байдал өөрчлөгдөхгүй байгаа нь гайхалтай. Сүүлийн 3 жилд авлигын хэргээр хүнийг цаазлаагүй, эсвэл бараг цаазлаагүй гэж гадаадын судлаачид бичиж байна.

100 000 юаниас их хахууль авсан бол цаазлана, бага авсан бол шоронд хорино, өмнөх гавьяа шагналыг харгалзахгүй. Үнэг авлигач гэж гадаад руу зугтсан түшмэдүүдийг хэлдэг. Сүүлийн 3 жилд 16-18 мянган түшмэд 127 тэрбум доллар авч зугтжээ. Гэтэл энэ мөнгө багад тооцогддог. Хятадын авлигач түшмэдүүд оффшорт 3 триллион доллар нуужээ.

Нүцгэн авлигач гэж бий. Бүх мөнгөө оффшорт нуучихсан, гэр бүл, орон гэрээ гадаадад нүүлгэчихсэн хэрнээ шунаад авлига аваад байгаад байдаг. Харахад бол юу ч үгүй хүн, халдахад бол том авлигач. Канад юм уу Багамын паспорттой, хэзээ ч Хонконг руу нисэж, цааш үнэгний армид элсэхэд бэлхэн.

Ши Жинпин авлигатай тэмцэх шинэ онцгой эрх мэдэлтэй тусгай алба байгуулчихсан. Намын сахилга батыг шалгах төв хороо нэртэй. Хятадад түшмэд бүр намын гишүүн. Энэ хороо цагдаа, амрыг хамгаалах, бусад тусгай албадаас их нөлөөтэй. Өөрийн мөрдөх байцаах байгууллагууд, шоронгуудтай.

Авлигын талаар мэдээлэл илгээж болох тусгай сайтууд нээгдсэн. 2015 онд гэхэд 2 сая 800 мянган мэдээллийг иргэд өгсөн байна. Хятад хүн амтай Тайвань, Сингапур нь авлигаас ангижирсан байдаг. Харин БНХАУ-д бахь байдгаараа. 1989 оны хавар Тяньаньмэньд эсэргүүцлийн нэг гол сэдэв нь авлига байсан. Хэдэн жил өнгөрөв?

Өмнөд Монгол дахь авлигатай хийх тэмцлийн байдал хачирхалтай.

УЛААНХАД ХОТЫН ХИШИГТЭН ХОШУУ. Хишигтэн хошууны Дөрөө нуурыг Хятадын загас агнуурын нэгэн компани түшмэдүүдийн тусламжтайгаар түрэмгийлэн ирж эзэгнэжээ. Энэ оны 7-р сарын 18-нд эдний хууль бус үйлдлийг малчин монголчууд эсэргүүцэж, жагсаал цуглаан, суулт, түрхрэлт гээд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахад засгийн ордноос хүчээр дарсан. Мөн үймээн самуун дэгдээсэн гэж 9 малчныг барьж хорьжээ. Компанид боломж олгосон авлигач түшмэдүүд шийтгэгдээгүй, авлигын эсрэг тэмцсэн малчид л шийтгэгдсэн.

ТУНЛЯО ХОТЫН ЖАРУУД ХОШУУ. Энэ оны 7-р сарын 19-нд Хорчиний Тунляо (урьдын Жирэм аймаг) хотын Жарууд хошууны Долоот сумын Өмнөбулагт гацааны малчид гацааны хятад даргынхаа эсрэг зарга хийж байгаагаа Малчдын өргөөнд цуглан, олонд зарласан билээ. Гацааны дарга нь хоёр хэсэг газрыг тогтсон үнээс 2 дахин хямд үнээр, гацааны малчдад мэдэгдэлгүйгээр бусдад түрээслүүлсэн байна. Уг нь гацааны малчдын 2/3 нь зөвшөөрсөн бол түрээслүүлэхийг зөвшөөрөх дүрэм журамтай.

Мөн Загасан нуурыг авлига авч, хууль зөрчин түрээслүүлсэн байна. Энэ асуудлаар Хөх хотод очиж заргалдна гэж малчид мэдэгдсэн. Гэтэл 7-р сарын 26-ны өдөр энэ хөдөлгөөний нэг удирдагч эмэгтэйг (WeChat-ын нэр: Bao Gu Niang) нөхрийнх нь хамт гэнэт баривчлан авч явж, үйл ажиллагааг нь тасалдуулсан. Одоо ч Бао Гуниан хоригдсоор, малчид суллахыг шаардсаар. Гэвч авлигач дарга шийтгэгдээгүй, авлигын эсрэг тэмцсэн малчин л шийтгэгдсэн.

ХӨЛӨНБУЙР АЙМГИЙН ЭВЭЭНХ ХОШУУ. Хөлөнбуйр аймгийн Эвээнх хошууны Хүйтэн гэдэг газар малчдын зөвшөөрөлгүйгээр хятад иргэдэд бэлчээр нутгийг нь түрээслүүлжээ. Үүнийг малчин ардууд эсэргүүцэж цуглахад түрээсэлсэн хятад иргэдийн талынхан олноороо малчдыг мод чулуу барин хэрцгийгээр зодож, бэртээж гэмтээжээ. Малчид гэмтсэн хүмүүсийг орон нутгийн засгийн ордны үүдэнд авчирч хэвтүүлэн, эсэргүүцлийн цуглаан хийж, дотогш орохыг оролдсон. Ордныг олон цагдаагаар хамгаалуулан, малчдын гомдлыг албан тушаалтнууд эс хүлээн авч, дотогш нэвтрүүлэхгүй байлаа.

Ордны үүдний чулуун шалан дээр хэвтсэн хүмүүсийн биеийг цагдаа нарт харуулахад шарх сорвиор дүүрэн. Цагдаа нар, түшмэдүүд ойшоосонгүй. Нэг түшмэд гарч ирж, газрын зураг үзүүлэн, тэр газрыг түрээслүүлэх шийдвэр гарсан байхад та нар төр засгийн ажлыг эсэргүүцэж байна гэж уурсан загнав. Компанид боломж олгосон авлигач түшмэдүүд шийтгэгдээгүй.

БАЯННУУР ХОТЫН УРАД ДУНДАД ХОШУУ. 2016 оны 2-р сарын 23-нд Урад дунд хошууны малчид Халиут суурин дахи засгийн ордны өмнө цуглаан хийсэн. “Түшмэдүүд бэлчээр нутаг булаахыг зогсоо, малчдын эрхийг хамгаал” гэсэн баннер барьсан.

Орон нутгийн түшмэдүүд уул уурхай зэрэг янз бүрийн шалтаг шалтгаанаар бэлчээр нутаг булаадгаас болж, олон малчин хохирчээ. 2006 оноос тэд, түшмэдүүд хууль бусаар хятадуудад бэлчээр нутгийг зарах, булаагдсан газарт уул уурхай, цэргийн бааз байгуулах, хохиролд таарсан нөхөн төлбөр үл олгох зэргийг эсэргүүцэн тэмцэж иржээ. 2013 оны 11-р сард тэдний төлөөлөгчид Бээжинд очиж, төв ЗГ-т гомдол мэдүүлсэн. Цагдаа нар тэднийг барьж, албадан нутаг буцааж байсан билээ.  Авлигач түшмэдүүд шийтгэгдээгүй, авлигын эсрэг тэмцсэн малчид шийтгэгдсэн.

УЛААНХАД ХОТЫН ОННИУД ХОШУУ. Онниуд хошууны Халзан гэдэг малжлын талбайд “Жүн Лян” гэдэг компаний хятадууд малчдын бэлчээр нутгийг булаан түрэмгийлж байж, гахайн том аж ахуй байгуулсан. Үүнээс хойш, малчин айлууд цонх үүдээ нээх аргагүй өмхий муухай үнэр ханхалж, гол ус гахайн баас шээсээр дүүрч, өвс ургамал хордож үхэн, мал сүрэг элдэв өвчин эмгэгийг олон хиарч, хүн ардын ч эрүүл мэнд эрс доройтжээ. Ийнхүү малчид бэлчээх нутаггүй, адгуулах сүрэггүй, уух усгүй, амьсгалах агааргүй, өрх бүлээ тэжээх амьжиргаагүй, амь тээх биегүй болж түмэн зовлонд унасан тул тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, эгч дүү Ин Гэр, Ман Лян нар тэргүүлжээ.

Гэвч “Жүн Лян” компанийхан авлигач түшмэдүүдийн хүчээр малчин ардуудыг дарангуйлсаар ирлээ. Эгч дүү Энгэр, Манлайг амар төвшнийг алдагдуулсан гэж энэ оны 5-р сарын 29-нд барьж хорьсон. 9-р сарын 11-ний өдөр Онниуд хошууны засгийн ордны өмнө өндөр настан ээж нь уйлан хайлан, сөгдөн бохирон суллахыг гуйж, малчид мөн шаардсан. 12-р сарын 2-ны өдөр “Мөнхгал” холбооныхон очиж, шаардлага тавьсан, газар газрын малчид бичиг барьж зургаа авахуулах, бичлэг хийж сүлжээнд түгээх зэргээр эсэргүүцэж ирэв. 12-р сарын 10-нд Өмнөд Монголын Их хуралдайгаас олон улсад зохион байгуулсан эсэргүүцлийн үеэр мөн шаардсан. Гэвч авлигач түшмэдүүд шийтгэгдээгүй, авлигын эсрэг тэмцсэн малчид л шийтгэгдсэн.

Өмнөд Монголын малчдаас манай сайтынхан асууж тодруулахад малчдын эрх ашгийг хохироосон нэг авлигач түшмэд цаазлагдах байтугай, шийтгэгдээгүй байна. Тэгэхээр БНХАУ-д авилга нь хятадуудыг хохироовол гэмт хэрэг, монголчуудыг хохироовол гэмгүй хэрэг болдог ажээ. Өмнөд Монголд төрөөс авлигыг хамгаалах тэмцэл л өрнөж байна.

Монгол улсын монголчуудын хувьд ч тийм байгаа. “Өөрийн улсдаа хятадууд авлигачдыг цаазын тавцанд аваачиж, Хятад улсаа цэцэглүүлэн хөгжүүлж байгаа. Харин манай улсад хятадууд авлигачдыг цэцэглүүлэн хөгжүүлж, Монгол улсыг цаазын тавцанд аваачих юм даа…” гэж Монголын нэгэн зүтгэлтэн халаглан бичсэн байдаг. Монголоос бусад улсад ч хятадууд авлигыг цэцэглүүлэн хөгжүүлж ирсэн. Африкад жишээ нь авлигыг гааруулж байгаа. Энэ бүхэнд Хятад улс зохих анхаарал хандуулдаггүй. Хятадууд улсаасаа гадуур авлигын хэрэг үйлдвэл найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлсэн гэж сайшаагдаж шагнуулдаг чиг хандлагатай аж.

Хятад дахи авлигын эсрэг тэмцэл нь ХКН доторхи фракциудын буюу “намуудын” хоорондын тэмцэл, улс төрийн их хэлмэгдүүлэлт, хүний эрхийг хөсөрдүүлэлт болж өрнөдөг гэж гадаадын судлаачид үзэх болсоор удлаа. Үнэндээ өнөөдөр Хятад нь эвлэршгүй тэмцэлт олон намын тогтолцоотой болсон аж. Авлигын эсрэг тэмцэл нь бараг иргэний дайн. Өөрийн талын хүндээ бол ээлтэй. Ши Жинпин бол бүр ганц хүний дарангуйлалт авторитар төр байгуулахын төлөө авлигын эсрэг тэмцлийн нэрийг ашиглаж байх магадлалтай гэж судлаачид бичиж байна. Олон жил сая сая авлигачийг шийтгэсэн ч байдал өөрчлөгдөхгүй байгаагийн шалтгаан нь авлигатай тэмцэх нь зөвхөн өөр хоорондын улс төрийн тэмцлийн халхавч болсонтой холбоотой байж мэдэх ажээ.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *