ӨВӨР МОНГОЛД МАЛЧДЫГ ЖАГСАЖ ЦУГЛАХЫГ ХОРЬСОН БОЛ, ШИНЖААНД БҮР МОНГОЛ ХЭЛ ЗААХЫГ ХОРЬЖ, ЗАРЛААГҮЙ ОНЦ БАЙДАЛ ТОГТООЖЭЭ

Өнөөдөр өмнөд монголчууд туйлын хүнд хэцүү байдалд ороод байна. 2011 онд малчин Мэргэн эх нутгаа хамгаалж тэмцээд амь насаа алдсанаас хойш, өмнөд монголын малчдын эсэргүүцлийн хөдөлгөөн байнгын шинж чанартай болсон билээ. Тэдний өрнүүлж буй тэмцэл хөдөлгөөн Шинжаан, Түвдэд өрнөдгөөс цар хэмжээгээрээ дутах юмгүй болж ирсэн.

Гэтэл өнгөрсөн оны 12-р сарын 25-нд Онниуд хошуунд явагдах байсан, малчин Ин Гэр, Ман Лян нарыг суллуулах, малчдын эрх ашгийг хангахыг шаардсан цуглааныг асар их цагдаа техникээр сүр далайлган байж таслан зогсоосноос хойш урьдын адил тэмцэл өрнүүлэхийн аргагүй боллоо. Болох байсан цуглааны өмнө идэвхтэн гурван хүнийг хорьсон нь мэдэгдэж байгаа. Малчин Янжиндуламыг гэрт нь хорионд оруулж, тагнаж чагнаж, гаравч оровч хамт байж харгалзсан бөгөөд, жагсаал болох өдрийн дараа больсон гэх. Гэвч байнгын хатуу хараа хяналтанд байгаа тул тэрбээр урьдын адилаар янз бүрийн хүмүүстэй харилцаж чадахаа байчихаад байна. Малчин Давхарбаярыг буудалд хорионд байлгаж байгаад, суллан явуулсан ч өдгөө мөн хатуу хараа хяналт дор оруулжээ.

Тунляо хотын Найман хошууны өмнөд монгол тэмцэгч, эмч Алмас Шарнуудыг 12-р сарын 24-ний 22 цагт, Онниуд хошууг зорин явж байхад нь, Улаанхад хотын нутаг руу нэвтрэх цэгт тосон барьжээ. Малчдыг суллах болон, Шинжаанд монгол хэл заахыг болиулсан асуудлаар өдөөн хөөрөгдөж амар төвшнийг алдагдуулсан учир 10-15 хоног хорино гэж байжээ. Хоёр шөнө, хоёр өдөр түр саатуулах газар хориод суллажээ.

Тэрхүү жагсаалыг хийлгэхгүй гэж талбай дүүрэн цагдаагийн янз бүрийн машин, ус шүршигч, үймээний болон энгийн цагдаа нар цуглаж хүлээсэн. Цуглаанд оролцох гэсэн зарим малчныг барьж, зодож жанчиж, террорист гэж буруутгаж, хоорондоо монголоор ярихыг нь хориглож байжээ. Терроризм бол өршөөлгүй цаазаар авах ялтай хэрэг. Малчин хүн өнөөдөр хууль ёсны эрхээ хангахыг хууль ёсоор шаардсаны төлөө цаазаар авахуулж мэдэх нь ээ?

Нар жаргасан хойно тэр өдөр хятадууд Онниуд хошууны засгийн ордны өмнөхи тэрхүү талбайд эсэргүүцлийн цуглаан хийж, өөрсдийнхөө дургүйцсэн сэдвээр уриа хашгирч, үгээ хэлцгээсэн байна. Тэднийг террорист гэх байтугай, яагаа ч үгүй бололтой.

12-р сарын 3-ны өдөр 10 гаруй балмад хятадууд дайран ирж, Ордос хотын Хангин хошууны Морин голоор нутагтай Уул, Алтанхуар нарын малчдын ямаа голдуу 270 гаруй толгой малыг нь тууж явж, эздийг нь зодож нүдсэн. Энэ хоёр буурлын охин Ургамал байдлыг нээлттэй мэдээлж, тусламж хүсэж, тэмцэж эхэлснээс болж хоригдоод одоо болтол суллагдаагүй байна.

Тэгвэл Шинжаан дахи монголчууд мөн хүнд байдалд оров. Монгол хэлний сургалтыг бүрэн хаалаа. Монгол хэлээр хүмүүжиж өдий хүрсэн монгол хүү үзэл сурталжсан хятад багшид загнуулж, шоолуулж байгаа бичлэг түгж, олныг шимшрүүлсэн. Хятад улсын далбаа, сүлдийг хятадаар хэлүүлэх гэж загнаж байсан.

Шинжаанд монгол чуудын болон бусад цөөн тоот үндэстний нутагт дайн болох гэж байгаа юм шиг онцгой байдал тогтоожээ. Хаашаа ч явсан, олон улсын онгоцны буудалд байгаа мэт шалгадаг, байцаадаг, металл илрүүлэгч дундуур гаргадаг, жаахан өө сэв гарвал саатуулдаг болжээ. Гэрээс орж гарахад ч хүнд болсон гэж тэндхийн монголчууд халаглаж байна. Мөн ямарваа нэг үүд бүрийн дээр улаан туг хатгуулжээ.

Энд нэг гэрийн биш бол цөөн тоот үндэстний гурван хүн ч өөрсдийн саналаар цуглаж болохоо байжээ. Цуглавал тусгай зөвшөөрөл авна. Мөн цуглаж уулзлаа гэхэд өөрийн хэлээр хоорондоо ярьж болохгүй. Хутга мэсний зүйл худалдан авах болбол, анкет бөглөж, гарын үсгээ зурж, хурууны хээгээ дарж байж авна. Бараг буу авахын дайтай юм болдог болжээ. Хоолны газар хутга мэсний зүйлийг бат бэх гинжилсэн байдаг болж.

Шинжаан дахи дарлалын туршлага амжилттай болбол бусад газарт, тухайлбал Өмнөд Монголд хэрэгжүүлэх өндөр магадлалтай гэж түгшиж байна. Шинжааны монголчуудын нөхцөл байдлыг танилцуулъя.

Баянгол – монгол үндэстний өөртөө засах тойрог. Нутаг дэвсгэр – 462,700 км². 2000 оны тооллогоор 1 056 970 хүнтэй. Үүнээс:

Хятад: 607, 774 мянга буюу 57.5%,

Уйгур: 345,595 мянга буюу 32.7%,

Хуй: 52,252 мянга буюу 4.94%,

Монгол: 43,544 мянга буюу 4.12%.

Бортал – монгол үндэстний өөртөө засах тойрог. Нутаг дэвсгэр – 24,934 км² . 2007 онд 472,918 хүн оршин сууж байлаа. Үүнээс:

Хятад: 284,915 мянга буюу 67.2%,

Уйгур: 53,145 мянга буюу 12.5%,

Хасаг: 38,744 мянга буюу 9.1%,

Монгол: 23,927 мянга буюу 5.6%,

Хуй: 19,053 мянга буюу 4.5%.

Мөн Ховогсайрын ӨЗ сянь (28 799 км² нутаг, 50 000 хүн амтай), Цавчаал шивэйгийн ӨЗ сяньд  (4 430 км² нутаг, 160 000 хүн амтай)  монголчууд амьдарч байна.

Монгол хэл заахыг хорьсонтой холбогдуулан, Нью-Йорк, Улаанбаатар хотноо Өмнөд Монголын их хуралдайн гишүүд эсэргүүцлээ илэрхийлэв.

 

Эсэргүүцлийн лоозон.

 

Улаанбаатарт.

 

Нью-Йоркод.

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *