ӨМНӨД МОНГОЛЫН ГАНЦ ХОШУУНД 35 МАЛЧНЫГ БӨӨНӨӨР ЯЛЛАЖ, ЗАНАЛХИЙЛЭН СҮРДҮҮЛЭВ

Алтансүх.

 

Шилийн гол аймгийн Сөнид зүүн хошууны Баяннуур балгасны Давшилт гацааны Алтансүхийг 15 өдөр түр хорихоор шийтгэсэн мэдээ түгсэн билээ. Тэрбээр гацааны дарга хүн юм. Сонгууль эрх тэгш бус явагдаж, хээл хахуулиар зэрэг дэвшиж, ардын төлөөлөгч болж байна гэж тэр илчлэн шүүмжилсэн юм. Энэ нь эрх чөлөөт сонгуулийг шаардсан шинэ сэтгэлгээ гэж болно.

Гэтэл саяхан бүр ч ноцтой мэдээлэл түглээ.

Сүүлийн үед Өвөр Монголын байдал нэн хүнд болж байгаа билээ. Үүний нэгэн илрэл нь Тунляо хотын Жарууд хошууны Ардын шүүх Өлзиймөрөн сумын Баянтүмэн гацааны 35 монгол малчныг шүүсэн явдал юм. 6 сар хоригдсон малчдад “өдөөн хатгасан, амгалан тайвныг алдагдуулсан”, “төрийн байгууллага руу дайрсан” гэж 5 жил хүртэл хугацааны ял оноов.

2017.12.27-нд У Тиэдан 5 жил, Жин Хайша 4 жил, Боржигин Цэнгэлт 3 жил, Өлзийт 2 жил 6 сар, Шуан Ши 2 жил, Цэцэнбат 1 жил 6 сар, Маду 1 жил 6 сар, Буян 1 жил, Саранцогт 1 жилийн ял сонсож, хоригдох болов. Бусад 26 малчинд 6 сар хорих ял оноож, тэр хугацаагаа хорионд өнгөрүүлсэн тул суллажээ.

Энэ бол ноднин жилийн сүүлээс эхэлсэн, үндэсний цөөнхид маш хатуу харгис хандах эргэлтийн нэг тод дүр зураг боллоо. Малчдын газрыг хууль бусаар булаасан этгээдүүдийг яллахын оронд, нутаг бэлчээрээ хууль ёсоор хамгаалсан малчдыг олноор нь хилсдүүлэв. Хэрэв малчид ямар нэг эсэргүүцэл гаргавал өршөөлгүйгээр хэлмэгдүүлэх болно гэдгийг үүгээр илэрхийлэн заналхийлж сүрдүүлж байна.

1960-аад онд өлсгөлөнд автсан Аньхуй мужаас Шу гэдэг ядуу хятад хүн Баянтүмэн нутагт ирсэн бол, араас нь ирсэн, үр ачтай болцгоосон зэргээс болж, Шугийнхан 260 болжээ. Тэд хэт бүлхэмдэн, орон нутгийг гартаа атгасан байна. Шу овогтны зам барилгын компани хууль бусаар малчдын газрыг булаажээ. Авлигатай дайн зарлана гэсэн Хятадын засаг авлигачдыг хаацайлж, авлигачидтай тэмцсэн малчдыг яллалаа.

Жарууд хошууны малчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарж, малчдыг барьж байгаа нь.

“2017.4.27-нд 100 гаруй малчин Шугийн эдлэн газар луу дайрч, 3770 юаний буюу 580 америк долларын хохирол учруулсан. Тус оны 5-р сард тэд 208-р замын хөдөлгөөнийг Өлзиймөрөн сум ба Лу Бэй тосгоны хооронд хаасан. Жин Хайша, У Тиэдан нар WeChat-аар малчдыг уриалж, баригдсан хүмүүсийг суллахыг шаардсан арга хэмжээг Цагдаагийн хэсгийн гадаа 15 цагийн турш зохион байгуулж, төрийн ажлыг саатуулж, олон нийтэд таагүй нөлөө үзүүлсэн” гэж орон нутгийн хэвлэл мэдээллүүд нийтэлж нэвтрүүлжээ.

Ар гэрийнхэнд нь эргэх, холбогдох боломж олгохгүй байгаа бөгөөд тэд яллагдсан хүмүүсийн хаана байгаа, эрүүл мэнд нь ямар байгаа талаар юу ч мэдэхгүй түгшиж шаналан байна. Малчид өнөөдөр урьдынх шиг жагсаж цуглаж, тэмцэж эсэргүүцэх байтугай, шударга хэн бүхэн хатуу хараа хяналтын дор орж, сошл-сүлжээнд ам нээх аргагүй болж, туйлын харгис дарангуйлалд нэрвэгдлээ. Хятадын Өвөр Монгол, Шинжаан, Түвдэд л ийм нөхцөл байдал үүсээд байна.

Энэ 35 малчныг ялласан асуудал нууц маягтай байсан. Өмнөд монголчууд ч мэдээлэл авах солилцоход хүнд болсон нь нөлөөлсөн. Өөр олон хошуу суманд баригдсан малчдын сураг тасарсан. Ингэж ял авч байгаа байж болох юм. Нэг л хошууны нэг л явдал учраар 35 малчин ял авч байхад нийт Өмнөд Монголд чухам юу болж байна вэ?

25 сар хоригдсон Найралт Боржигин болон, цөөн хоногоор саатуулагдсан малчид суллагдахад баясаж, Ин Гэр, Ман Лиан, Бао Гунианыг сулла гэж шаардаж байдаг цаг өнгөрчээ. 35 малчин нэг хошуунд зэрэг ял сонсож байна. Дарангуйллын хар үүл өмнөд монголчуудыг нөмөрч байна. Тиймээс шинэ бодлого сэтгэлгээ, шинэ үйл ажиллагаа, шинэ тэмцэл хөдөлгөөн өрнөх шаардлагатай болжээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*