ӨМНӨД МОНГОЛЫН МАЛЧИН ТЭМЦЭГЧДИЙН АВЬЯАС

2015 онд газраа булаалгасныг эсэргүүцэн суулт хийж буй малчид.

 

Өмнөд Монголын малчин тэмцэгчид тал бүрийн авьяастай байдаг ажээ. Хоёр жишээ дурдъя.

 
Шилийн гол аймгийн Янжиндуламыг малчин баатар гэж бахадсан дуу хүртэл гарсан. Тэгвэл саяхан Янжиндулам саяхан Хөх хотод болсон монгол бууз хийх тэмцээнд түрүүлж, тэргүүн дэсийн шагнал хүртжээ. Монгол ёс уламжлалаа сайн мэддэг, дээдэлдэг, аргагүй л монгол бүсгүй хэмээн олон түмэн хөөрөн баясчээ.
Янжиндулам тэмцэгч улсын монгол буузны тэмцээний аварга боллоо.

Тэгвэл малчин баатар хэмээн алдаршсан Найралт Боржигин шүлэг найраг бичдэг, уншдаг авьяастай ажээ.  Түүний нэгэн шүлгийг сонирхуулъя.

 
ЧОЙНОМТОЙ БИ АДИЛ ГЭЖ ҮҮ?
 
 
Найз нар минь заримдаа намайг

Чойномтой адилхан гэж нааддаг юм аа.

Рэнчиний Чойномын сүнс

Эргэж ирээд заяачихсан ч гэж наргидаг юм аа.

 

Чухам би юугаараа

Чойном гуайтай адилхан юм?

Халхын суу билигтэнтэй

Хаагуураа би адилхан юм?

 

Тэрслүү үг хэлээд

Төмөр шоронд суудгаараа юу?

Тэмүүжиний удамд мэндлээд

Тэнгэрлэг овогт багтдагаараа юу?

 

Эсрэг шүлэг бичээд

Эрүү шийтгэл хүлээдгээрээ юу?

Эсгий гэрт төрөөд

Эрхэмсэг нутагт  амьдардгаараа юу?

 

Монгол хүнд ургадаг

Монхор гүдгэр хамраараа юу?

Морьтон угсаатанд байдаг

Молор ариун сэтгэлээрээ юу?

 

Халимаг үс тавиад

Хажуу тийшээ илдгээрээ юу?

Хаа газрын хэнтэй ч

Ханилж ижилсэн нийлдгээрээ юу?

 

Хүүхэд бага насандаа

Ааваасаа эрт хоцорсноороо юу?

Хүн болж томоожихдоо

Амьдралыг дэндүү шинжилснээрээ юу?

 

Энэрэл хайрын өмнө

Тугалга шиг зөөлөн хайлдгаараа юу?

Элдэв гүтгэлгийн өмнө

Очир шиг хатуу чангардгаараа юу?

 

Эрх чөлөөний төлөө

Хоолой шахан бархирдгаараа юу?

Эзэрхэг хавчлагын өөдөөс

Толгой өргөн гэдийдгээрээ юу?

 

Цэлгэр өргөн талынхаа

Ус бүхнийг бахаддагаараа юу?

Цэнхэр номин бөмбөрцгийнхөө

Улс бүрийг анхаардгаараа юу?

 

Цэвдэг хүйтэн булгийн

Уг бүрийг сөхдөгөөрөө юу?

Цэвэр тэгш ёсны

Уужим аугааг үнэлдгээрээ юу?

 

Олон олон бадгууд

Онгод хөлөглөн буудгаараа юу?

Одтой шөнийн гүнд ч

Орноосоо босон буулгадгаараа юу?

 

Оргилж шуугих мэргэдийг

 Удам ялгахгүй шүтдэгээрээ юу?

Оч нь жижигхэн галын

Улалзан дүрэлзэхэд итгэдгээрээ юу?

 

Залуу насыг мөнхөлсөн

Янагийн шүлэг бичдэгээрээ юу?

Задгай гэзгийг тавьсан

Яруухан  бүсгүйг зурдгаараа юу?

 

Хөл бүдрэх чулуудыг

Амжилтын шат болгодгоороо юу?

Хүссэн үйлсээ бүтээхээр

Амь өрсөн тэмцдэгээрээ юу?

 

Үнэндээ би Чойномтой

Жиших аргагүй өөр юм даа.

Үгүүлэн адилсгах боломжгүй

Жижгээс жижиг амьтан юм даа.

 

Үзүүргүй  үүлэн  Чойномын

Өчүүхэн дусал би билээ.

Өндөр хана Чойномын

Өндгөн чулуу би билээ.

 

Өнгө зүс юу бүхэн

Үнэхээр зөрөөтэй хоёр билээ.

Үхтэл Монголоо гэсэн

Үнэн сэтгэл минь харин нэг л билээ.

 

Сайхан эх орноо дуулаад дуулаад  цадахгүйгээрээ

Чойномтой би адилхан байдгаа мэднэ.

Саруул монгол түмнээ шүлэглээд шүлэглээд  ханахгүйгээрээ

Чойномтой би ижилхэн гэдгээ мэдэрнэ.

 

Санаа зориг хоёр тэнгэрт тулам байдгаараа

Чойномтой би адилхан байдгаа мэднэ.

Самуун худал бүхэнтэй тэсч чадалгүй тэмцдэгээрээ

Чойномтой би ижилхэн гэдгээ мэдэрнэ.

 

Унасан алтан шороогоо хэнээс ч илүү хайрладгаараа

Чойном бид хоёр адилхан гэдгийг мэднэ.

Учирсан монгол түмнээ хэнээс ч илүү хайрладгаараа

Чойном бид хоёр ижилхэн гэдгийг мэдрэнэ.

 

Удамт монгол түүхээ хэнээс ч өндөр үнэлдгээрээ

Чойном бид хоёр адилхан гэдгийг мэднэ.

Угтах гэгээн ирээдүйдээ хэнээс ч бат итгэдгээрээ

Чойном бид хоёр ижилхэн гэдгийг мэдрэнэ.

 

Намайг Чойномтой хэн ч болов

Наргиж холбож  наадахыг бай гэхгүй

Тэглээ гээд та нар миний

Тэмцлийг ухаарч л яваа бол сайн.

 

Чойном зовлонтой цаг үед зорогдсон боловч

Эх орондоо зовсон, жаргалтай зовлонтон юмсан.

Тэгэхэд би жаргалтайгаар энд найрлаж суув чиг

Эх орноо барсан, зовлонтой жаргалтан юмсан.

 

Чойном Халхынхаа тэнгэрт дүүлсэн

Омогт бүргэд ээ.

Чойном халсан чулууг өрөвдсөн

Домогт найрагч аа.

 

Харин би хар тоосонд  дарагдсан

Өчүүхэн цэгцүүхэй.

Харанхуй гянданд хоригдсон

Өвөр монгол оо!

Малчин баатар Найралт Боржигин.
 
 Ийнхүү тэрбээр шүлэглэсэн нь олны таашаалд нийцжээ. Түүний яагаад шоронд суусан учрыг өгүүлье.

 

2015 оны 5-р сарын дундуур Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын 200 гаруй малчин орон нутгийн засгийн ордноос хураасан бэлчээр нутгийг нэхэж, эсэргүүцэл илэрхийлсэн билээ.  2015.5.31-нд Найралт Боржигин зэрэг 5 малчныг хууль бус суулт зохион байгуулсан гэж баривчилжээ.

 
Хамгаалалттай газар нутаг” буюу булаагдсан бэлчээр нутагт малаа хариулсан гэж малчдыг хүчээр хөөн бухимдуулж иржээ.

1997 онд орон нутгийн засаг нийт 94 000 гектар бэлчээр булаасан байна. 2000 онд малчид тэр бэлчээр нутгуудад эргэн ирж, малаа хариулах болжээ. Орон нутгийн засаг үймээний цагдаа, амрыг хамгаалахынхныг авчирч, малчдыг зодох, торгох, малыг буудаж алах зэрэг харгислал үйлдэж ирсэн. Харин ой хамгаалах нэрийн дор булаасан газраа гахай үржүүлж, хавь ойрын малчдын  бэлчээр нутгийг улам бохирдуулжээ.

 
Түүнээс хойш, Өвөр Монголын Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын эгэл малчин Найралт Боржигин 25 сар шоронд хоригдсон. Малчдын эрхийн  төлөө тэмцсэнийхээ төлөө. 2017 оны 7-р сарын 15-нд  суллагдсан юм. Гарч ирээд баяртайгаар угтсан малчдад хандаж:

 “Өнөөдөр энгийн өдөр. Гэвч энэ өдөр бид бүхний тэмцлийн түүхэнд орох өдөр. Би одоогийн хууль цаазаар буруутгагдсан ч, ард түмнийхээ өмнө буруугүй. Өнөөдөр олон малчин надад баяр хүргэсэн. Гэвч нэлээд нь өөр хошууны алс газар хүчээр нүүлгэгдсэний улмаас, мал нь эзгүйд нь “хориотой бүсийг” зөрчиж магадгүй учраас, ядуурлаас болж газраа зарж өөр амьдрал хөөсний улмаас ирж амжихгүй нь байна гэж үнэнээ хүлээсэн юм.

Өнөөдөр энд байгаа малчин бүр хэдэн зуун эрэлхэг журмын нөхдөө төлөөлж байгаа гэдэгт би хатуу итгэж байна.  Та бүхэн намайг хүндлэх гэхээсээ илүү, бид бүхний ирээдүй хойчийнхоо төлөө, хууль ёсны  эрхийнхээ төлөө тэмцлийн хамтын үзэл санаагаа хүндэтгэх гэж ирсэн. Миний ард түмний хайр, илч дулааныг надад тээн ирж, намайг ганцаараа биш шүү гэдгийг мэдрүүлсэн нь чухал.

25 сарыг шоронд би дэмий өнгөрүүлсэнгүй. Хүмүүс сэрж, шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байхад шоронд байх нь надад аймшигтай учир байгаагүй. Ард түмэн сэрэхгүй, зовж шаналж байх нь хамгийн аймшигтай.

 
 
Өнөөдөр би өөртөө маш итгэлтэй байна. Мянга мянган хүн, зарим настайчууд нулимс дуслуулан байж намайг суллагдсанд баяр хүргэлээ. Энэ нь надад жаргалыг мэдрүүлэв. Бид эх нутаг, нүүдэлчин амьдралаа алдсан байлаа ч, үзэл санаагаа алдаж болохгүй. Үзэл санаа, итгэл найдвар, цэцэн билиг байсан цагт бид хамгийн аз жаргалтай, баян буянтай хүмүүс болж чаднаа!” гэж хэлсэн юм. Түүний шоронд суулаа гээд огтхон ч нугараагүй, шантраагүй, өөрийгөө буруутан гэж үзээгүй, зөв үйлсийн төлөө хилсэдсэн гэдэгт итгэлтэй байгаа, улам ирлэгдэж хатуужсан байдал нь зон олны бахдлыг төрүүлсэн юм.