ТЭМЭЭГЭЭР АЯЛАГЧ МОНГОЛЫН ИРГЭН БҮСГҮЙГ ШИНЖААНД ДАРАМТАЛЖЭЭ

Монгол улсын иргэн, “Offroad Mongolia” аялал жуулчлалын компанийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаа Ази, Европын олон орноор тэмээгээр аялах аяллаа эхлүүлсэн билээ. Түүний хатан зориг, тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзлийг олон хүн бахадсан.

Тэрбээр Монгол улсаар аялаад өмнөд монголчуудын нутагт хүрсэн билээ. Өмнөд монголчууд түүнийг эртнээс хүндэтгэн угтахаар зэхсэн байсан бөгөөд, түүнийгээ ч гүйцэлдүүлсэн. Чингээд саяхан Шинжаан-Уйгурын ӨЗО-оор (ШУӨЗО)  түүнийг аялж явахад санаандгүй саад бэрхшээлүүд учирчээ.

Аялагч бүсгүй өөрийг нь цагдаа нар өдөр шөнөгүй дагаж шалгаж, үүнийгээ “хамгаалж байна” гэж тайлбарладгийг эгдүүцэн өчсөн байна. Явахаар төлөвлөсөн газраар нь явуулахгүй, аялуулахгүй байгааг мэдэгджээ. Бас цагдаа нар иргэдийг зодож нүдэж хүнд байдал учруулж байгааг хэлжээ. Монгол улсын иргэдийг зодсон уу, БНХАУ-ын иргэдийг зодсон уу гэдэг нь тодорхойгүй байна.

Үүнээс болж зөрчил үүсэж, улмаар цагдаагийн газар ирцгээсэн бололтой юм. Н.Байгалмаа дүрс шингээлтээ Хятадын цагдаагийн газарт үйлдсэн байна. Энэ бичлэг WeChat сүлжээгээр тархаж, олны дургүйцлийг төрүүлж байна. Хятадын цагдаагийнхан энэ бичлэгийн тарахад саад хийхийг оролдож буй ч, нэгэнтээ дамжуулагдан түгжээ.

Даравч дардайна, булавч бултайна гэгчээр Хятад дахи,  ялангуяа ШУӨЗО дахи хүний эрхийн үнэн нөхцөл байдал хичнээн нууж хааж, гоёж чимэхийг оролдсон ч бүхэнд мэдэгдсээр, илчлэгдсээр байна. Видео: https://www.youtube.com/watch?fbclid=IwAR3nAyA8lK3daCO5JZ_PKpU9buO_rJgHx3XWp3xcPIRo491EVzPhzwblciw&v=Z6X6mNFiRO4&app=desktop#menu

Н.Байгальмаа хятадын цагдаагийн газарт.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *