“ХОС ХЭЛНИЙ СУРГАЛТ”-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН МОНГОЛЫН ЗОХИОЛЧ ЗАЛУУС

“ХОС ХЭЛНИЙ СУРГАЛТ”-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН МОНГОЛЫН ЗОХИОЛЧ ЗАЛУУС

6-р сарын эхээр Хятадын Сурган хүмүүжлийн яамны Үндэстний сурган хүмүүжлийн газрын дэд дарга Гүэ Вэйвэй Өвөр Монголын бүтэн хагас сая монгол хүн суудаг Тунляо хотод очиж, шинэ хичээлийн жилээс монгол хэлээр хичээллэхгүй байх аман заавар өгсөн нь Монгол улсын зохиолч залуусын дургүйцлийг төрүүлсэн билээ.

Зохиолч, орчуулагч, “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч Б.Баясгалан уран бүтээлч залууст хандаж, дээрх зааврыг эсэргүүцэхийг уриалж, монгол хэлээр шүлэг унших челленж буюу видео давалгааныг фэйсбүкэд өрнүүлсэн юм. Давалгаанд Монгол улсын зохиолч залуус, тэр тусмаа голдуу бүсгүйчүүд идэвхтэй оролцож, учирлаж ухуулан ярьж, Монголын нэрт яруу найрагчдын юм уу, өөрийн бичсэн шүлгийг уншиж, зарим нь бүр энэ давалгаанд зориулж шинэ шүлэг бичин толилуулсан юм. Энэ нь Монгол улсын олон иргэнд Өвөр Монголд юу болоод байгааг ойлгуулж, зүрхний хилэнг нь бадраав.

7-р сарын 14. Хатагтай, зохиолч, орчуулагч Bayasgalan Batsuuri (давалгаанд оролцогчдын фэйсбүкийн нэрийг цаашид бичнэ) :

“ӨМӨЗО-ны Тунляо хотод энэ хичээлийн жилээс эхлэн Монгол хэлээр хичээл орохыг хориглосон хотын захиргааны шийд гарчээ. Үүнтэй холбогдуулан Өвөрмонголчууд эх хэлний эрхийнхээ төлөө идэвхитэй тэмцэж байна. Монгол хэлний хүрээ хязгаарыг автоматаар хашиж, Монгол хүний эх хэлээрээ боловсрол эзэмших, эх хэлнийхээ орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхэд бүдүүлгээр халдан буй энэ явдлын эсрэг Тусгаар тогтносон, Ардчилсан, Эрх чөлөөт Монгол улсын сэхээлэг иргэд дуу хоолойгоо өргөнө үү! Бид Парисын Эх дагины сүм шатлаа гэж нийтээрээ уймран гашууддаг сэхээлэг улс билээ. Хятадад эх хэлийг тань хориглож, элэг нэгтнүүдийг тань хяхан боож буй энэ үйлдлийн эсрэг яагаад дуу хоолойгоо өргөж болохгүй гэж!

“Өвөр Монголын сургуулиудад Монгол хэлийг нь буцаан өгнө үү!” хэмээх шүлэгтэй дуудлагад таныг урьж байна. Монгол хэлнийхээ яруу сайхныг илтгэх шүлэг найргаа дуудаж, видео бичлэг хийгээд, өөр өөрсдийн үг, үйлдлээр энэ явдлын эсрэг дуугаа өргөнө үү! Дуудлага авсан хүмүүс 72 цагийн дотор шүлэгтэй видеогоо нийтлээд, цааш мөн 5 хүн дуудаарай.

Chinese authorities in the northern region of Inner Mongolia has banned the Mongolian Language in and around Tongliao city (Inner Mongolia) beginning in September.

Tongliao is a place with the largest ethnic Mongolian population; nearly 1.5 million people.

China bans Mongolian language in Inner Mongolian schools!!! Bring back Mongolian language to Inner Mongolians!!! “

гэж уриалаад: 

Гэнэт цутгасан бороо халуун мантууны нь уур шиг

Гэрэлтэйхэн гудамжуудынх нь цардмалаас тэр дороо ууршдаг

Халуун ногооны эхүүн хамар цоргисон Бээжингийн

Халтар хултархан уушийн газарт залуу насны уйслаа

Хамтдаа жүнзэнд үйж, Монголоор гуниг ярихад

Харуусал минь хар ус болж, эх орон цээжинд тунарна.

Айдастайгаа нүүр тулж, айдастайгаа гар барьж,

Аварга луугийн сүүлнээс татаж үзээд тас тас инээлдэх

Ойворгон бардам нь дэндүү хөдөөх охид

Олон буцалсан Бээжингийн гудмаар дэмий сэлгүүцэн

Хаадынхаа нэрсийг хашхирч, хайртуудынхаа нэрсийг шивнэлдэн алхахуй

Харуусал минь яруусал болж, эх орон цээжинд нуугина

хэмээн шүлгээ уншив.

7-р сарын 14. Хатагтай, зохиолч Erdenesuvd Enkhtaivan:

“Хүн бүр эх хэлээрээ ярьж, эх хэлээрээ сурч боловсрох эрхтэй. Хятад улсын Засгийн газар ӨМӨЗО-ны Тунляо хотын сурагчдын монгол хэлээр хичээллэх эрхийг хязгаарласанд гүнээ харамсаж байна. Тунляо бол 1999 онд хотын статустай болсон хуучны Жирэм аймаг юм. Цөөн тоот үндэстэн ард түмэн үзэл бодлоо илэрхийлэх, үсэг бичгээ уламжлан хөгжүүлэх, өв соёлоо залгамжлуулан үлдээх эрх чөлөөг тэгш хангах нь хэлбэрэлтгүй зам билээ. Монгол үндэстэн хүүхэд багачуудад эх хэлээрээ сурах эрх чөлөөг нь эдлүүлнэ үү. Энэ нь Хятад улсын найман муж оронд тархан амьдардаг 6-7 сая монгол үндэстэн ард түмний хэл соёлд хамаатай.

Яруу найрагч, орчуулагч Б.Баясгалангийн санаачилсан энэ давалгааны үзэл санаатай 200% санал нэг байна. Монгол хүн монгол хэл соёлоо алдахгүй байх нь зөвхөн монгол үндэстний асуудал биш юм. Дэлхийн өв соёлын, хүн төрөлхтний асуудал юм. Бид монгол хэлээ хамгаалах нь хүн төрөлхтний ч өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг билээ. Хэл соёлынхоо төлөө хамтдаа зүрх сэтгэлээ зориулан, дуу хоолойгоо нэгтгэцгээе”! гэж яриад “Монгол хүн монгол хэлээрээ сурах эрхтэй” гэсэн бичиг барьжээ.

7-р сарын 16. Хатагтай, давалгааныг санаачлагч, зохиолч Bayasgalan Batsuuri:

“Би Өвөр Монголын асуудлаар Монгол Улсын засгийн газрыг Хятадын засгийн газартай очоод тэрсэлдээдэх гэж уриалаагүй. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэд дор дороо дуу хоолойгоо өргөөч гэж л хүссэн. Хэрэв хувийн үзлээ илэрхийлэхдээ Хятадаас айж буй бол манкурт боолууд минь, та нарт эрх чөлөө дэндүү гоёдно!”  гэж бичжээ.

7-р сарын 16. Ноён, зохиолч Нямхишиг Х цонхон дээрээ “Save The Mongolian Language” гэж бичиж,

“Өнөд хөхрөгч тэнгэрийн доорх өргөн тал нутгийн монгол ахан дүүс минь эх хэлнийхээ төлөө нэгдэн дуугарцгаая!” гэж уриалаад өөрийн бичсэн:

Түрхэрсэн харь үгсийн урсгал дунд

Түгжрэл үүсгэн зогсном, би

Түүхэн дэх МОНГОЛ хэмээх нэр шиг

Тийм том үг юм, би

гэх дөрвөн мөртийг уншжээ.

7-р сарын 16. Хатагтай, зохиолч Tegshzaya Jalan-Aajav:

“Монгол сургууль боловсролыг хаах үйл ажиллагааг Хятад улс сэм сэмээр ахиулсаар байна. Бид бүхэнтэй нэгэн ижил монгол соёлтой өвөр монголчууд маань монгол бичгийг тээж яваа нь бахархалтай. Өвөр монголчуудынхаа хувь заяанд бид санаа зовох ёстой. Эх хэлээ хайхардаггүй хүн би хэн бэ гэдгээ ч мэдэхээ болино. Хятадын засгийн газрын байр суурьт харамсаж, эсэргүүцэж байна” гээд Д.Урианхайн “Мөнхийн шалтгаан” шүлгийг уншжээ:

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!

Тэр шувуунд би хачин их хайртай!

Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!

Тэр эгшгэнд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!

Тэр хэлэнд би хачин их хайртай!

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!

Тэр оронд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа

Би яагаад ч үхэхгүй ээ!

7-р сарын 16. Хатагтай, зохиолч Nyamdulam Tsedevsuren :

“Өвөр монголчууд маш хэцүү бэрх нөхцөлд хэл соёлоо хамгаалсаар яваа. Тэр их хичээл зүтгэл талаар болох аюул нүүрлэлээ. Монгол хэлээр хичээллүүлэхгүй гэх шийдвэрийг монголчууд эсэргүүцэж байна. Бид бүгд эрх чөлөөт Монгол орны ард иргэдийн үзэл бодлыг илэрхийлнэ. Монгол хэлээ хамгаалах нь зөвхөн ӨМӨЗО-ы биш, Монгол улсын иргэдийн үүрэг хариуцлага, дэлхийн монголчуудын үүрэг хариуцлага.

Би Шилийн гол, Хөх хотын дунд сургуульд сурч байсан. Ганц ар монгол сурагч намайг багш нар “аль болох кириллээр бичихгүй байж, монгол бичгээр л бичээд бай” гэж их зөв аргачлалаар сургаж, би монгол бичгээ эзэмшиж байлаа.

Хэл соёлоо хамгаалж ирсэн өвөр монголчууддаа би хайртай. Өвөр Монголын олон аймаг хошуунд очиж, шүлэг найргийн уралдаан тэмцээн, дууны наадамд оролцож байлаа. Тэнд хөдөөний монгол ахуй сайхан, хятадаар ярьж чадахгүй, зөвхөн монголоороо л ярьдаг монголчууд тэнд байдаг. Тэд тэмцэж байж монголоо хадгалж ирсэн. Бид ч гэсэн Монголоо хадгалах тэдний тэмцлийг дэмжин өрнүүлж, өвөр ахан дүүсээ үнэн сэтгэлээс дэмжицгээе” гэж яриад, Б.Ринченгийн “Монгол хэл” шүлгийг уншжээ.

7-р сарын 18. Хатагтай, зохиолч Дэлгэрмаа Цагаанчулуу:

“Өвөр монголчууд маань биднээс хилээр зааглагдан тусгаарлагдаад уджээ. Монгол бичиг соёлоо өнөөдрийг хүртэл унаган төрхөөр нь хэрэглэж авч явж ирсэн гайхамшигтай хүмүүс. Ирээдүй хойчис нь ч тийм байгаасай гэж ардчилсан тогтолцоот Монгол улсын иргэд бид дуу хоолойгоо нэгтгэн, дэм тусламжаа нэмэрлэе” гээд өөрийнхөө “Өглөөн наран” шүлгээ уншжээ.

Зүүн гараас, дээд эгнээнд: Ариун Санаа Цогбадрах. Tegshzaya Jalan-Aajav. Нямхишиг Х. Дунд эгнээнд: Da.Gansaruul. Erdenesuvd Enkhtaivan. Adiyasuren Lkhagvaa. Гутгаар эгнээнд: Indra Dashbalbar. Bayasgalan Batsuuri. Дэлгэрмаа Цагаанчулуу.

7-р сарын 18. Хатагтай, зохиолч Tumenjargal Tsogbaatar:

“Монголоор хичээллүүлэхгүй гэх шийдвэрийг Монголын зохиолч найрагчид санал нэг, дуу нэгтэйгээр эсэргүүцэж байна. Өвөр монголчууд тэнд эх хэлнийхээ төлөө эр зоригтойгоор тэмцэж байгаа юм байна. Эрх чөлөөт Монголын иргэд бид бас тэдэнтэй хамт тэмцье.

Хэдэн  жилийн өмнө хэл соёл,  тав гэзэг, үндэсний хувцас, уран бичлэгээ сэргээж, авч үлдэх гэж тэмцэж байгаа манж залуусын тухай нэвтрүүлэг үзсэн. Тэдний хэл соёл ихээр алдагдсан тул асар их бэрхшээлтэй учирч байгаа юм байна. Өвөр Монголд хэл соёл алдагдвал мөн тийм болно. Тэр манж залуусын ард Манж улс гэж байхгүй бол, өвөр монгол ахан дүүсийн ард Монгол улс гэж байна, өмгөөлж хамгаалах Монголын иргэд гэж байна. Байгаа гэдгээ харуулцгаая.

 Үндэсний цөөнхийг эх хэлээр нь хавчиж хяхах нь маш бүдүүлэг юм, яавч соёлтой улс үндэстний хийх ажил биш. Монгол хэл соёлын нэг том голомтынхоо хувьд Төв Монгол маш хүчтэй байх ёстой. Бид хөгжлийн хувьд ч, соёлын хувьд ч хүчтэй байж байж ахан дүүсээ хүчтэй өмгөөлнө. The Who хамтлаг шиг эрч хүчтэй байцгаая. Төв монголчуудаа өвөрлөгч ахан дүүс харж байдаг, бид төдийчинээ хүчтэй байх ёстой” гэж яриад Б.Явуухулангийн  “Би хаана төрөө вэ” шүлгийг уншжээ.

7-р сарын 18. Хатагтай, зохиолч Shuudertsetseg Baatarsuren:

“Өмнө талаас өвөр монголчууд бид бүхнийг уусах хайлах аюулаас ямагт халхлан хамгаалж ирсэн. Хятадын харьяанд орсон ахан дүүс минь хэзээд сэтгэл зүрхэнд эмзэг хөндүүр мэдрэгддэг. Монгол хэл цаад захаасаа танагдаж тайрагдаж байна. Монгол үр хүүхдүүд эх хэлээрээ сурах, эх хэлээ дээдлэх эрхтэй. Зүрх сэтгэлийн ахан дүүсээ дэмжицгээе” гээд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншжээ.

7-р сарын 18. Хатагтай, зохиолч Tamir Kena  “Монгол хүн бүр эх хэлээрээ ярьж бичих эрхтэй!” гэсэн бичиг барьжээ.

7-р сарын 19. Хатагтай, зохиолч Сарантуяа Бямба:

“Өвөр монгол ахан дүүсээ бид дэмжихгүй бол өөр хэн дэмжих вэ” гээд энэ давалгаанд зориулж тусгайлан бичсэн “Хэвтэх учиргүй босоо бичиг” хэмээх шүлгээ уншжээ.

7-р сарын 19. Ноён, зохиолч Цэдэндоржийн Оюунбат:

“Монгол хэлээр 10 сая хүн ярьдаг. 10 саяас доош хүн ярьдаг бол хэл тун эрсдэлтэй нөхцөл байдалтай байдаг. Тэгвэл БНХАУ тэр торгон ирмэгээс доошлуулж, монгол эх хэлийг маань эрсдүүлэн мөхөсдүүлэхийг оролдож байна. Хэл оршин тогтнохын тулд тэр хэлээр аль болох олон хүн ярих ёстой. Эх хэлээрээ яруу сайхан ярьдаг, бичдэг хүмүүсийг онцгойлон дэмжих ёстой. Гэтэл бүр хорино гэж юу гэсэн үг вэ? Хорвоо дэлхий байсан цагт монгол хэлээр ярьж байх болтугай” гээд  Р.Чойномын “Азийн Монгол” шүлгийг уншжээ.

7-р сарын 20. Хатагтай, зохиолч Urantogos Amarbaatar:

“Өвөр монгол ахан дүүсийн хэл соёлыг хүчээр хааж хорьж буйд үнэхээр харуусаж байна. Энэ зүй бус шийдвэрээ цуцлах ёстой. Цуцлуулахын тулд Монгол улсын иргэд эв санаагаа нэгтгэн дэмжих ёстой гээд “Агын улаан хаан” туулиас уншжээ.

7-р сарын 19. Ноён, зохиолч М. Отгонбаяр:

“Өвөр Монголд монгол хэлийг хааж хорихын эсрэг давалгааныг  тэргүүний сэхээтэн залуус, бичгийн мэргэд өрнүүлсэн билээ. Би ч энэ давалгаанд оролцож байна. Монгол хэл бол хүн төрөлхтний оюун санааны ай савд тод мөр үлдээсэн, хүн төрөлхтний оюун билгийн охь болсон их соёл билээ. Энэ эх соёлынхоо төлөө бүгд нэгдэцгээе” гээд өөрийн “Улаан шар оддын толь” хэмээх шүлгээ уншжээ.

Зүүн гараас, дээд эгнээнд: Ринчендорж Лхамрагчаа. Urantogos Amarbaatar. М. Отгонбаяр. Дунд эгнээнд: Цэдэндоржийн Оюунбат. Сарантуяа Бямба. Shuudertsetseg Baatarsuren. Гутгаар эгнээнд: Tumenjargal Tsogbaatar. Tamir Kena.

7-р сарын 20. Хатагтай, зохиолч Нэр нь тодроогүй бүсгүй:

“БНМАУ-д монгол бичгийг халсан маш харамсалтай явдал болсон ч гэлээ, өвөр монголчууд монгол бичгийг авч үлдсэн нь гайхамшигтай. Нэг үндэстнийг үгүй хийе гэвэл хэлийг нь үгүй хийхэд хангалттай, хэлээ мэдэхгүй бол түүх соёлоо дээдлэхгүй, түүх соёлоо дээдлэхгүй бол хэн болохоо мэдэхгүй. Хэлээ мэдэхгүй бол цааш үргэлжлэх хуудас үгүй. Монголын төлөө цохилох зүрхтэй бүхэн өвөр монгол ахан дүүсийнхээ монголоор хичээллэхийн төлөө тэмцлийг дэмжье” гээд Б.Ринченгийн “Монгол хэл” шүлгийг уншжээ.

7-р сарын 21. Ноён, зохиолч Ринчендорж Лхамрагчаа:

“Монголчууд дэлхийн соёл иргэншилд өөрийн хувь нэмрээ оруулсан ард түмэн билээ. Энэ их өв соёлыг хаана хорино гэдэг байж болшгүй зүйл. Эсэргүүцэж байна. Өвөр монголчуудыг монгол бичгээс нь салгах гэж байх үед билгүүн номч Б.Ринчен Маод захиа бичиж, тухайн шийдвэрийг нь цуцлуулахад нөлөө үзүүлж байлаа. Гэтэл одоо юу болох нь энэ вэ. Өвөр монголчууд монгол бичгээрээ сурч боловсорсоор өдий хүрсэн. Юу нь болохгүй байна вэ” гээд энэ давалгаанд зориулж өөрийн бичсэн “Монгол бичиг мину” шүлгээ уншжээ.

7-р сарын 23. Ноён, зохиолч М. Батмагнай:

“Эх монгол хэл эхийн цагаан сүү адил билээ. Эхийн цагаан сүүг хорино гэвэл юу болох билээ. Ийм явуургүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гээд Р.Чойномын “Миний шүтээн” шүлгийг уран уншив.

7-р сарын 26. Ноён, зохиолч Zoljargal Jargalsaikhan:

“Эсэргүүцсэн монгол нөхдийнхөө давалгаанд нэгдэж шүлэг уншна аа. Монгол хэл хоцрогдоогүй. Хэрэглээнээс гарч байгаа хэл биш ээ. Математик, хими, физик, дэлхийн түүх, философи гээд хамаг эрдмийн хичээлүүдийг монгол хэлээр зааж болно. Өнөөдөр математикийн дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд монголчууд дээгүүр байх эзэлдэг. Оюун ухааны спортын дэлхийн олон дээд амжилтыг монгол хүүхдүүд эзэмшдэг. Мундаг эрдэмтэд мэргэжилтнүүд манайд бий. Тэд бүгд МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ суралцсан. Монгол хүний хувьд сайн дураараа энэ давалгаанд нэгдлээ” гээд Б.Ринченгийн “Монгол хэл” шүлгийг уншжээ.

7-р сарын 28. Ноён, зохиолч Ц. Отгонбаатар:

“Өвөр монгол ахан дүүсийнхээ хэл соёлыг монгол хүн бүр өмгөөлье. Өвөр монголчуудын хэл соёл амар амгалан хөгжвөл ар монголчуудын хэл соёл амар амгалан хөгжнө, өвөр монголчуудын хэл соёл ганхвал ар монголчуудын хэл соёл ганхна, учир нь бид бүхэн нэг хэл соёлтой” гээд “Эх хэл мину” шүлгээ уншжээ.

7-р сарын 29. Ноён, зохиолч Б.Ойдов

“Өвөр Монголын сургуулиудад хятад хэлээр хичээл явуулах болсон тухай яриа дэгдээд байгаа. Тиймээс яг энэ талын тушаал шийдвэр гарсан эсэх талаар тус улсын нөлөө бүхий сэхээтнүүдээс асууж тодруулав. Албан ёсны тушаал арай ч гарчихаагүй юм байна. Гэхдээ өнгөрсөн 6-р сард, Гүэ Вэйвэй гэдэг хүн Өвөрмонголд ирж, хятад хэлээр хичээл явуулах албан даалгавар өгөөд, Тунляо хотын хэд хэдэн сургуулийн захирлаар гарын үсэг зуруулаад явсан гэнэ. Нэг ёсондоо “Нийгмийн сэтгэл зүй ямар хэмжээнд байна вэ? Хэрвээ хятад хэлээр хичээл явуулаад эхэлбэл өвөрмонголчууд хэрхэн хүлээж авах нь вэ?” гэх маягийн тандалт явуулж байгаа нь энэ. Харин хятад хэлээр хичээл заалгахыг нэг их эсэргүүцэлгүй, дуу чимээ багатай байвал намар шууд тушаал буулгах бололтой. Хамгийн гол нь Гүэ Вэйвэй гэгчийн шахалтаар зарим сургуулийн захирал “хятад хэлээр хичээл явуулна” гээд гарын үсэг зурчихсан болохоор өвөрлөгч нар эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юмсанж” гээд  “Монгол бичиг мину” хэмээх шүлгээ хатагтай, телевизийн сэтгүүлч Б.Гантигмаагаар (Gantigmaa Bujgar) уран уншуулжээ:

Хана хэрэм шиг ханз үсгийн голоор

Хага цохин цуулах “хадмал” бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр

Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд

Хавж шаасан сум шиг хангал бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд

Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь

Аянгын утга, хурмастын лүндэнг өөртөө шингээж

Аадрын үүлнээс газар луу харвасан тэнгэрийн цахилгаан юм та

Ааг омгоо багтааж ядсан талын зэрлэг нүүдэлчдийг

Атгаж цуглуулаад Азийн төвд хатгасан алтан гадас юм та

Хөх толбот Монгол үрсийнхээ амьдрах цаг хугацааг

Хүй ургаар нь агуулж хадгалсан тэмдэглэгээ юм та

Огторгуйн хязгаар, хээрийн салхинд бүрэлдсэн гоц санааг

Ойртуулан хурааж орон зайг товчилсон ойллого юм та

Хүн, Сүмбэ, Нирун гүрний дээдсийн

Хөшөө чулуунд үлдээж чадаагүй бодол нь юм та

Уйгур, Түрэг, Кидан өвгийн хаадаас

Уураг тархиа хуулж шингээсэн зардас нь юм та

Мөнх тэнгэрээс газар эх рүү унжуулж барьсан хулсан ташуур

Мөрөн голын галбир дуурайж мушгирсан суран цацлага

Өөдөө дүрэлзэх галын тулганаас угалзарч цацарсан дөл

Өвөг дээдсийн минь мянган жилийн шастир та түмэн жил орштугай


Зүүн гараас, дээд эгнээнд: Б.Ойдов. Ц. Отгонбаатар . М. Батмагнай.  Дэд эгнээнд: Zoljargal Jargalsaikhan. Нэр нь тодроогүй бүсгүй.

8 сарын 2. Хатагтай, зохиолч Bayasgalan Batsuuri:

“Японд байдаг өвөр монгол эрдэмтэн ӨМӨЗО-ы Тунляо хотод монгол хэлээр хичээл заахгүй болсныг эсэргүүцэн, гарын үсэг цуглуулж, ӨМӨЗО-ны Засгийн ордон, Түнляо хотын захиргаанд өргөх бичиг барих гэж буй билээ. “Гарын үсэг зурах линкийг шэйрлэсэн Адьяасүрэн эгчийн пост устжээ” гэж дуулаад, өөрийнхийгөө шалгатал хүмүүсийг гарын үсгээ зурахыг уриалсан 500 гаруй шэйртэй пост маань оргүй болж устгагджээ. Ахиад оруулах гэтэл өнөөх линкийг маань фэйсбүүкээс блоклочихсон ч байх шиг. Хятад ботууд манийгаа рипортлоод сууж байдаг байх нь. “Дансандаа мөнгө орсон эсэхийг байн байн шалгахыг минь харсан хятад тагнуулч уйлав” гэдэг онигоо ер нь үнэн болох тийшээгээ хандлаа шүү” гэж бичжээ.

8 сарын 2. Хатагтай, судлаач: Adiyasuren Lkhagvaa

“За ёстой сонин, сонин юм болдог юм байна:

1. Өвөр Монголд монгол хэлний сургаалтыг хориглосныг Японд суугаа монголчууд эсэргүүцэж, Шизүока их сургуулийн Цогт багшийн санаачилгаар гарын үсэг цуглуулж буй тухай постыг 200 гаруй хүн шэйрлэсэнд баярлаж, олон хүн гарын үсгээ зураасай гэж бодож явсан юм. Тэгсэн өнөөдөр хартал тэр пост алга болчихож. Дахин оруулах гэтэл “Энэ линкийг шэйрлэж болохгүй. Учир нь Нүүрномын бодлогод үл нийцнэ (You can’t share this link. Your post couldn’t be shared, because this link goes against our Community Standards)” буюу, фэйсбүк гарын үсгийн линкийг блоклосон болж таарав. “Ёстой тийм юм байхгүй” гээд хариу гомдол бичээд явуулчихлаа.

2. Бас болоогүй ээ, Японы Newsweek сэтгүүлд гарсан Хятадын бодлогын тухай нийтлэлийг орчуулж оруулсан юм. Тэгсэн тэр пост бас устсан байна. Ямар ч тайлбар байхгүй, зүгээр л миний таймлайнаас алга болчихож. Би лав өөрөө устгаагүй, ашгүй 100 гаруй хүн шэйрлэсэн байна гээд баярлаж суусан юм.

Сэжигтэй санагдаж байна уу? Сэдэв сэдвээр ажилладаг олон мянган “хөлсний бот” байдаг гэж үнэн л бололтой. Гэхдээ гандан буурахгүй ээ. Орчуулгаа шинээр оруулна. Мөн “Өвөрлөгч түмнийг дэмжин гарын үсгээ зураарай” ч гэж дахин уриална” гэж бичжээ.

2020.08.09