Монголчуудын газар шорооныхоо төлөө тэмцэх өдрийг санаачилсан малчдыг баривчиллаа

Монголчуудын газар шорооныхоо төлөө тэмцэх өдрийг санаачилсан малчдыг баривчиллаа

Малчин Мэргэний ойн өдөр.


Газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч Хуараа, Давшилт тэргүүтэй малчдыг өчигдөр баривчлан, эсэргүүцлийн үйл ажиллагааг нь хүчээр зогсоожээ. Шилийн гол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын Энэрэлт гацааны нутагт малчдын эрх ашгийг эс харгалзан хөсөрдүүлж, уурхай гаргах явдлыг тэд үл хүлцэн, эсэргүүцлийн арга хэмжээ өрнүүлж байсан юм.

Малчин Мэргэний ойн өдөр.

5-р сарын 10-нд Хуараа тэргүүтэй тэмцэгчид Малчин Мэргэний нас барсны 6 жилийн ойгоор эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах гэсэн боловч, төрийн зүгээс өрнүүлсэн сөрөг арга хэмжээнээс болоод, нэгэн өрөөнд хэдүүлхнээ үзэл бодлоо илэрхийлэхэд хүрсэн.

Хуараа: “Бидний эсрэг цагдаа цэрэг бүгд хөдөлжээ. Эндээс гараад явж дийлнэ үү, үгүй юу мэдэхгүй. Бидэнтэй нийлж нэгднэ гэсэн олон малчин цагдаа цэргийн хоригоос болоод ирж дийлсэнгүй. Энэ шингээлтээ маргааш 11-ний өдөр олон нийтэд цацна. Тэр үед бид Сөнид явчихсан байх болно” гэж ярьсан юм.

Малчин Мэргэний ойн өдөр

Малчдын мэдэгдлийг тэгэхэд танилцуулсан. Мэдэгдэлд:
“Өнөөдөр малчин Мэргэн халуун амь, бүлээн цусаараа хамаг Монголын газар шороогоо хамгаалан хальсан өдөр. Манай монголчууд газар нутаггүй бол хөгжин мандах байтугай, оршин тогтох ч аргагүй болно. Тийм учраас газар шороогоо амь настайгаа холбоё. Эх нутгаа хамгаалах нь бидний заавал ч үгүй хийх ёстой амин чухал үйлс.

Малчин Мэргэний ойн өдөр.

Жил бүрийн 5-р сарын 10-ныг Монголчуудын газар шороогоо хамгаалах өдөр болгоё гэсэн саналыг бид бүхэн дэвшүүлж байна. Даян дэлхийн монголчууд минь дэмжин хүрээлээрэй. Бид санал дэвшүүлээд зогсолгүй, шууд ажил хэрэг болгон хэрэгжүүлж, тэмцэлд мордох гэж байна.

Бид бүхэн Сөнид зүүн хошууны Хонгор суманд уурхай гаргуулахгүй гэж, эрс тэмцэл хийх гэж байна. Энэ бол зөвхөн Хонгор сумын асуудал биш юм. Бүх монголчуудын үйл хэрэг ээ. Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг!” гэжээ.
SMC (medeeg Ch.Munhbayar )

You may also like...