(Үргэлжлэл. Түрүүч: “МОНГОЛ-ТҮВДИЙН СОЁЛ ШАШНЫ СИМПОЗИУМД ӨМИХ ОРОЛЦЛОО – 1”)
Хурлын 3 дугаар хэсэг “Хүний эрх ба байгаль орчин” сэдэвтэй, Түвдийн хүний эрх, ардчиллын төвийн захирал, хатагтай Цэрэн Цомо даргалав.
ӨМИХ-н ЕНБД-ын орлогч, ноён Арцаа Говрууд “Өмнөд Монголын байгаль орчин, хүний эрх, хэлний өнөөгийн байдал” сэдвээр илтгэлээ.
“Өмнөд Монголын бэлчээр нутаг нь эмзэг тогтолцоо. Байгальд ээлтэй нүүдлийн соёл, нүүдлийн аж ахуй л тэнцвэрийг нь алдагдуулалгүй хадгалж ирсэн. Гэтэл Шинэ засгийн бодлогын үеэс эхлэн орж ирсэн хятад тариачид энэ онцлогийг харгалзан үзэлгүй, маш их нутаг бэлчээрийг эзгүй, амьгүй цөл болгож хувиргасан. Маогийн үеэс тооцоо, алсын хараагүй аж үйлдвэржүүлэлт эхэлж, улам доройтуулж, хөрс, ус, агаар гурван орчинг төрөл бүрийн бохирдол, хороор дүүргэсэн. Сүүлийн үед гахай суурьшуулна гэж байгалийг маш их сүйтгэх боллоо.
Өмнөд монголчууд уугуул төрөлхи нутагтаа доод зэргийн хүн болж, дарлагдаж хавчигдаж байна. Улс орныхоо цөөнхи болж, БНХАУ дахи хамгийн их колоничлогдсон цөөн тоот үндэстний нутаг болжээ. Сүүлийн үед малчдын газар нутгийг төрөл бүрийн шалтгаанаар булааж, хүчээр суурьшуулна хэмээн, аж ахуйгаас нь хагацааж, нөхөн төлбөр, амласан ажил байраа эс олгож, амьдрал амьжиргаагүй болгодог болсон.
Монгол хэл улам бүр Өмнөд Монголд шахагдаж хавчигдаж байна. Хятад монгол хэлний тэгш эрх гэж огт байдаггүй. Монгол хэлийг гэр зуураас бусад газар хэрэглэх нь улам л багасаж байна, монгол хэлээр сурсан залууст ажил олох нь нэн бэрх болж байна. Монгол сургуулиудыг нэгтгэж томруулах нэрийн дор байхгүй болгож байна.
Өмнөд Монголд байгаль орчин, хүний эрх, уугуулын хэлний талаархи БНХАУ-ын хууль тогтоомжууд бүрэн эсрэгээрээ хэрэгжиж байна. Ингэж эсрэгээр хэрэгжүүлж байгаа хүмүүс гэмт хэрэгтэн болох ёстой. Гэтэл дээрхи цөхрөм хүнд бэрх байдлыг илчилсэн шүүмжилсэн, эсэргүүцсэн дургүйцсэн хүмүүсийг төр улсын эсрэг маш хүнд ялт хэрэг үйлдсэн гэж олноор хэлмэгдүүлж харгисласаар ирлээ. Энэ бүхэнд даян дэлхийн шударга олон нийт анхаарлаа сайтар хандуулах ёстой” гэж Говрууд Арцаа ярилаа.
Түвдийн Улс төрийн хүрээлэнгийн Байгаль орчны хэлтсийн дарга, ноён Дамба Жалцан Замлха “Түвд дэхи байгалийн гамшгийн өсөлт” сэдвээр илтгэв.
“Хятадын дарлалын үед Түвдийн экологи системтэйгээр сүйтгэгдсэн. Өндөр уулын эмзэг хүрээлэн орчин балмад зэрлэгээр хөнөөгдсөн. Түвд бол Азийн аугаа голуудын эх. Ой, эрдсийн баялаг хайр гамгүй цөлмөгдсөн. Түвдийн 1949 онд байсан ой модны нөөцийн 40%-ийг 1985 онд БНХАУ-ын бусад хэсэг рүү хятадын арми огтолж зөөсөн байлаа гэсэн тооцоо гарсан, энэ хэмжээ түүнээс хойш бүр ихэссэн нь хэнд ч ойлгомжтой.
Бэлчээр нутгийг тариалангийн талбай болгож, цөлжүүлдэг. Үүнээс болж хуй салхи, хүчтэй шороон элсэн шуурга нэмэгдсэн. Аварга УЦС-иуд барьж, уугуулуудыг албадан нүүлгэж байна. Үер усны аюул их нэмэгдсэн.
Түвдэд үзүүлэх тусламж нэрийн дор их хэмжээний хөрөнгийг уул уурхайн мөлжлөгт зориулдаг. Газар хөдлөлт нэмэгдсэн. Ураны олон ордуудыг илрүүлж ашиглах болсон. Түвдийн өндөрлөгт их хэмжээний цөмийн хаягдал хаясан. Түвдийн Нэйбэйд цөмийн хаягдал булшлах газар байгуулсан нь Хөх нуурт эрсдэл учруулж байна” гэж тэр ярилаа.
Түвдийн улс төрийн хүрээлэнгийн ЭША, ноён Гармаа Дэнзэн “Түвд хэлний өнөөгийн байдал” сэдвээр илтгэлээ.
“Түвд хэл нь эртний түүхтэй. Утга зохиолын түвд хэлний 7-р зууны дурсгал Самье хийдэд олдсон. Өөрийн үсэг бичигтэй. Хятадын дарлагчид Түвдийг булаан эзэлсэн цагаасаа эхлэн, уугуул ард түмний хэл соёлыг хоцрогдсон бүдүүлэг хэмээн устгах үйл ажиллагааг эхлүүлсэн. ТӨЗО-нд хятад түвд хэл тэгш эрхтэй байгаа гэж оргүй худал юм. Зарим газар, их төлөв гадаадын жуулчид явдаг газруудад хаяг сэлтийг хятад түвд хэлээр зэрэгцүүлэн бичсэн байдаг ч гэлээ, энэ нь үзүүлэн төдий юм.
Өнөөдөр хаа сайгүй түвд хэлний хэрэглээ сургалтыг хязгаарлаж байна. Энэ байдлыг шүүмжилбэл салан тусгаарлагч, Далай ламын талын хүн болдог. Хатуу шийтгүүлдэг. Түвд хэлээр сурсан залуу хүн ажилд ороход ялгаварлан гадуурхах бодлого явагддаг. Түвдийн соёлын өвтэйгээ эх хэлээрээ танилцвал бас салан тусгаарлагч гэж буруутгагдаж болно” гэж тэр ярилаа.
Дараа нь хэлэлцүүлэг өрнөв.
Монгол төвд хоёр ард түмэн эртнээс хөрш зэргэлдээ оршиж, өргөн харилцаатай байв. Үүнд шашны харилцаа онцгой байр суурьтай.
Хүннүгийн үед хятад бус соёл хятадынхаас хамгаална гэх чиг баримжаа өвөг монголчуудын үед үүссэн агаад холбох гүүр нь Түвд байсаар иржээ.
Монголын Юань гүрний үед Түвдийн шашны олон урсгалынхан эзэнт гүрэнд нөлөөлөх гэж өрсөлдөж байлаа. Сажа бандида Гунгаажалцан Өгэдэй хааны гуравдугаар хүү Годан ноёны урилгаар 1244 онд Монголд иржээ. Годан ноён бол тухайн үедээ Түвдийг захирч байв. Тухайн үедээ томд тооцогдох сүмийг Монголд бариулж, монголчуудад зориулан “Эрдэнийн сан Субашид”-ыг бичсэн гэдэг. 1253 онд Хубилай хаан авшиг хүртэн сажийн ёсны шавь болж, 1260 онд Пагба ламыг Улсын багшаар өргөмжилжээ. Пагба лам Юань гүрний бүх үндэстэн хэрэглэх дөрвөлжин үсгийг түвд үсэг дээр суурилан зохиов.
Гармапа ёсны төлөөлөгч Гарма хэмээх Их номун хаан 1255 онд Монголд ирж Мөнх хааны багш нь болжээ. Гарма ламтан Хархорумд таван давхар суварга бүтээлгэж байжээ.
Шашин дэлгэрүүлж оюун санааны хувьд нэгтгэхийн тулд монголын ноёд буддын шашныг дэлгэрүүлэхийг сонирхох болсон. Феодалын эвдрэл бутралын эцэс төгсгөлгүй дайн дажныг зогсоохыг дээр доргүй монгол газар хүсэж байлаа. Түмэн засагт хаан 1576 онд Түвдээс улааны шашны Гармаа ламыг урьж, улааны шашныг дэлгэрүүлэхийг харьяа ноёддоо тушаасан.
Монгол түвдүүд зэрэгцэн суудаг Хөх нуур хавьд төвдийн шинэчлэгч Зонхов гэлүгпа буюу шарын шашныг үндэслэсэн билээ. 1577 онд Түмэдийн Алтан хэмээх хүчирхэг хан Хөх нуурт шар малгайтны их хамба Содномжамцтай уулзан, шашныг нь залах эрмэлзлээ илэрхийлж, мөн өмнөх хоёр тэргүүнтэй хамтатган, түүнийг III Далай лам цол, Төвдийн шашин төрийг хослон барих эрх бататгасан алтан тамгаар шагнав. Ихэнх монгол ноёд үүнийг дэмжлээ. III Далай лам насан нөгчихдөө “миний хойт төрх Монголд төрнө” гэснээр IV Далай лам монгол хүн байсан билээ.
Нямапа урсгал бас Монголд дэлгэрч байлаа.
1610-аад оны сүүлчээр Түвдэд шар малгайтан ба улаан малгайтан зөрчилдөн тэмцэлдэхэд Халхын Түмэнхэн ноён цэрэг авч Түвдэд ороод, шарын шашныг хамгаалахад хүчин зүтгэсэн тул Далай ламаас Сайн ноён цол хүртжээ. Улаантнууд 30-аад онд хэсэг монгол ноёдтой үгсэн дахин довтлоход Хөх нуурт нутагладаг Ойрад хан Төрбайх тэднийг бут цохиж гэлүгпагийнхныг хамгааллаа.
Улмаар Төрбайх Түвдийг шарын шашны тугийн дор нэгтгэж, 1642 оноос шарын шашныг хамгаалагч гэгдэн, Лхасад хаанчлан суусан юм. Зүүнгарын Цэвээнравдан хаан түүний хойчсын хаанчлалыг зүй бус гэж үзэн унагав. Гармапа, сажапа, нимапа урсгалынхныг зүүнгарчууд шахан түрж, гэлүгпаг бүрмөсөн зонхилуулжээ.
Монголыг нэгтгэх, Хятадын нөлөөнд уусгахгүй гэх зорилгоор шарын шашныг сонгож, Түвдтэй өргөн холбоотой болсон нь үндсэндээ зөвдөв. Монголгүй Түвд, Түвдгүй Монгол гэж үгүй хэмээн яригдаж байсан үе бий билээ.
Хурал ач холбогдолтой цаг үед болж байна. Нэгэн жишээ хэлэхэд, Монгол улсад шашингүйн үзэл харь улсын дэмжлэгээр их дэлгэрч, шарын шашны эсрэг маоист дайралт их болж байна. Мөн Хятад улсаас хуурамч Банчин Богд болон, Далай лам шүтэхийг хориглосон Доржэ Шүгдэнийг шүтэх явдлыг дэлгэрүүлэх гэж идэвхийлэн чармайж, Монгол-Түвдийн соёлын солилцоог бусниулах гэж хичээж байна. Шашингүйн үзэлтнүүд монголчуудад тохиолдсон муу бүхэн шарын шашнаас болсон гэж гүжирдэн харлуулж байна.
Үнэхээр монголчуудад тохиолдсон муу бүхэн шарын шашнаас болсон уу? Үгүй ээ. Ядуурал, өвчин, соёл боловсрол тааруу зэрэг сөрөг үзэгдэл дундад зууны цаг үе, нийгэм хоцрогдмол байснаас болж байжээ. Шарын шашин Монголд дэлгэрэхдээ энэрэн нигүүлсэхүйн үзлийг авчирч, тархай бутархай ноёдын зуун зуунаар үргэлжилсэн дайн байлдааныг хязгаарлаж зогсоож байлаа. Шашны дэвшил, ном бүтээх хэвлэх үйл хэрэг, хот балгад босгох эрдэм, эдийн болон ахуйн шинэ зүйлс гээд эерэг нөлөөг авчирч байлаа.
ХХ зуунд Монгол улс тусгаар тогтнох, Ар Монголоос Хятадын цэргийг хөөх, Өвөр Монголоос Хятадын цэргийг хөөх, Ар Монголоос ахин Хятадын цэргийг хөөх, мөн цагаантнуудыг хөөх, ЗХУ-ын дарлалыг босож эсэргүүцэх гээд зургаан их үйл хэрэг шашны тугийн дор, Шамбалын дайны сүрийн дор өрнөж байлаа. Зөвхөн шашны агуулгатай байгаагүй ч, шашны үүрэг роль энэ их зургаан үйл хэрэгт асар их туссан юм.
Үүнээс үзэхэд, шарын шашин монголчуудад муу юм авчраагүй төдийгүй, монголчуудыг сайн сайхны төлөө, хөгжил дэвшлийн төлөө нэгтгэж байжээ. Энэ бүхэн Монгол-Түвдийн соёлын солилцооны үр дүн билээ. Монголчууд шарын шашинтай байхдаа асар хүчтэй юм байна гэж ЗХУ дүгнэж, Монголд шарын шашныг устгах гэж маш их чармайж, 700-1000 сүм хийдээс нэгийг ч үлдээлгүй устгаж байлаа. Монголчууд шарын шашинтай болбол хүчтэй болно гэж өнөөдөр хятад улс мөн айж, шарын шашныг устгахын төлөө улайран ажиллаж байна. Үүний эсрэг шударга монголчууд илчлэн таниулж тэмцэж байна.
Хойч ирээдүйд шарын шашин монголчуудыг ахин сайн сайхан, энэрэн нигүүлсэхүй, хөгжил дэвшлийн төлөө нэгтгэн гэгээрүүлэх болтугай.
Монгол-Түвдийн ахан дүү ард түмнүүдийн найрамдал нөхөрлөл, итгэлцэл ойлголцол, соёлын солилцоо урьдын адил сэргэн мандах болтугай. Үүний төлөө монголчууд түвдүүд санаа хүчээ нэгтгэн хамтдаа тэмцэцгээе ээ! Энэ өнөөдрийн хурал маань монгол түвд ахан дүүсийн эрх чөлөөний үйлсэд их хувь нэмэр болох болтугай!
Энэ мэт санаануудыг хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Голдуу өмнөд монголчуудаас асууж хариулт авах маягаар хэлэлцүүлэг явагдсан юм.
Симпозиумын мэдэгдлийг бас хэлэлцсэн билээ.
Түвдийн улс төрийн хүрээлэнгийн захирал, ноён Цэвээн Жалбуу Арьяа симпозиумын мэдэгдлийн эцсийн хувилбарыг уншиж, батлуулав. Мэдэгдэлд, Юань улсын түүхийг гуйвуулж, цөөн тоот үндэстнүүдийг тэр цагт Хятадын харьяанд байсан мэтээр суртал ухуулга хийх нь ор үндэсгүй, Өмнөд Монгол болон Түвдийн соёл шашны харилцааг эрүүлээр хөгжүүлэхийн төлөө хамтран чармайна гэсэн үндсэн санаанууд тусгагдсан байлаа.
Түвдийн улс төрийн хүрээлэнгийн дэд захирал, ноён Тензин Лекшай оролцогчдод бүгдэд талархал илэрхийлж, амжилттай явагдсан энэ симпозиум нь Өмнөд Монгол-Түвдийн харилцаанд өндөр ач холбогдолтой, түүхэн чухал үйл явдал боллоо гэж дүгнэв.
Орой хүндэтгэлийн цайллага болсон бөгөөд, симпозиумд оролцсон хүмүүс албан бус байдалд ярилцан, нөхөрлөл ойлголцлоо улам гүнзгийрүүлэн бэхжүүлсэн юм. Цайллагад Өмнөд Монголын шашны тэргүүн Жанжаа хутагт уригдан оролцлоо.
Энэ өдөр монголчууд ба түвдүүд бол нэг эхийн хүүхдүүд, ихэр ахан дүүс гэсэн санаа цөөнгүй удаа хэлэгдэж байсан юм. Ийм л сайхан элгэмсүү дотно уур амьсгал дунд симпозиумын энэ өдөр өнгөрлөө. Симпозиумын тухай түвдүүдийн сайтууд, Энэтхэгийн “Трибюн” сонин, Voice of America радиостанци зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн юм.