ЕБС-ын сурагчдын дунд “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Өнөөдөр буюу 2022 оны 02 сарын 21 ны өдөр нь олон улсын эх хэлний өдөр билээ. НҮБ-ын ЮНЕСКО-оос албан ёсоор 1999 онд жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ.Энэхүү өдрийг тохиолдуулан Япон дахь Өмнөд Монголчуудын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбооноос “Миний мэдэх Өмнөд Монгол” сэдэвт уламжлалт монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.Удирдамжийг хүлээн авна уу!
“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны удирдамжМонгол хэл бичиг нь нийт Монголчуудын нэгдмэл нэг үнэт зүйл төдийгүй сүүлийн мянган жилийн хугацаанд эсгий туургатны соёл, боловсрол, ном, судрыг түүчээлэн ирсэн эрхэм нандин өв билээ. Эзэн Богд Чингис Хааны төрийн бичиг хэмээн зарласан Монгол бичиг маань түүхийн уртад хэд хэдэн сорилттой нүүр тулж өнөө үед бидэнд уламжлагдан иржээ. 2019 оноос Өмнөд Монголд Монгол бичгийг шат дараатай танаж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь өөрчлөлт орсноор олон Монголчууд өөрсдийн төрөлх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй болсон нь нэн харамсалтай. Монгол улс 2025 онд Монгол бичигт шилжих зорилт тавьсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж буй билээ. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нь нийт Монголчуудын ариун үүрэг тул хүн бүр шамдан хичээвэл зохилтой цаг үед бид амьдарч байна.Ийм учраас “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2022 оны 02-р сарын 21-ны өдрөөс 04-р сарын 25-ны өдөр хүртэл Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.
Хамрах хүрээ:Уралдаанд оролцогчид нь ЕБС-ийн дунд ангийнхан ба ахлах ангийнхан гэсэн насны хоёр ангиллаар байна:
a) 6-9–р анги буюу дунд анги,
б) 10-12-р анги буюу ахлах анги.
Уралдааны зорилго нь: Монголчууд бидний хойч үе болсон хүүхэд багачуудад монгол бичгээ сурталчлах, мөн ахан дүү өмнөд монголчуудаа сурталчлан таниулах, шилдэг сайхан бичигтнүүдийг урамшуулах нь уралдааны зорилго юм.
Уралдааны сэдэв:-Өмнөд Монгол буюу өнөөгийн БНХАУ-ын хилийн дотор амьдран сууж буй уугуул монголчуудын соёл, түүхийн тухай мэдэх зүйлээ бичнэ.-Түүхэн болон Өнөө үеийн суут мэргэн Өмнөд Монголчуудын тухай мөн бичиж болно.- Өмнөд монгол хүүхэдтэй найзалж нөхөрлөдөг бол, эсвэл ямар нэг Өмнөд Монгол хүнийг ойр дотно таньдаг мэддэг бол тэр тухайгаа бичиж болно.300-500 үгтэй. Монгол бичгээр бичнэ.Уралдаанд илгээх бичвэрийнхээ төгсгөлд нэр, хаяг, и-мэйл, утасны дугаараа тодорхой бичсэн байна.
Бүтээлийг хүлээн авах: Бүтээлийг 04-р сарын 25-ны дотор хүлээж авна.Материалыг эх хувиар болон давхар файлаар хүлээн авна.
Эх хувилбарыг авах хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ардын Эрх сонины байр 2 давхарт 202 тоот
Файл хувилбарыг авах цахим хаяг: Info@wmc.mn
Холбоо барих: 70000998; 90808511; 99146533;
Өмнөд Монголын Их Хуралдай шилдэг бүтээлүүдийг 05-р сарын 05-н хүртэл шалгаруулж ,Дэлхийн Монголчуудын Холбоо шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.Бүтээлийг шалгаруулахБичгийн А4 эсвэл А3 цаасан дээр хуулан бичсэн гар бичмэлээр оролцоно. Бичлэгийн утга агуулга, хэв зурлага, зөв бичих дүрэм, найруулгыг харгалзан шүүнэ. Хөдөө орон нутгаас шалгарсан оролцогчдын шагналыг шуудангаар илгээнэ.
Насны хоёр ангилал тус бүрд:
1-р байр – нэг .Өргөмжлөл, мөнгөн шагнал / 300 000 төг/
2-р байр – нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
3-р байр – нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
Тусгай шагнал – гурав. Өргөмжлөл, мөнгөн шагнал / тус бүрд 100 000 төг/
Уралдааны дүн, шалгарагчдын бүтээлийг ӨМИХ болон ДМХ-ны веб хуудас, сошиал хаягуудад нийтэлнэ.
Ерөнхий зохион байгуулагч: ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ
Хамтран зохион байгуулагч: ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
“Өсөхөөс сурсан үндэсний хэлМартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутагСалж болшгүй орон”
Д.НАЦАГДОРЖ