ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ноён У.Хүрэлсүх

Монгол Улсын Их Хурлын Дарга Ноён Г.Занданшатар

Монголын Улсын Ерөнхий Сайд Ноён Л.Оюун-Эрдэнэ нарт өгөх

ИЛ ЗАХИДАЛ

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнхбаяр гуай хууль бусаар баривчлагдсанаас хойш нэгэнтээ дөрвөн сар гаруй болсон байна. Тагнуулын ерөнхий газар нь Ч.Мөнхбаярыг баривчлаад, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, бас их хэмжээний мөнгөн урамшуулал авсан гэсэн бол, прокурор нь шүүхэд заалдахдаа Хятадын эсрэг ажилласан гэсэн, тэгэхдээ ямар ч нотлох баримт байгаагүй. Мөнхбаяр гуай цагдан хорих газарт удаан хоног хоригдсоноос болж, биеийн эрүүл мэнд нь эрс муудаж, эмнэлэгт нэг 7 хоног хэвтэж буй. Тиймээс Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлыг эрхэм гурван гишүүнд Ч.Мөнхбаярыг түргэн суллаач гэж хүсэн шаардаж, энэхүү ил захидлыг бичиж байна.

Ч.Мөнхбаяр бол зохиолч, сэтгүүлч, чин шударга эх оронч сэхээтэн хүн, Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэстний аюулгүй байдалдаа ямагт санаа болдгийн нэгэн бөгөөд Хятадын коммунист засгийн колоничлолыг дарлал хядлагын дунд уйгар, төвдтэй адилханаар зовж зүдэрч байгаа ах дүү өмнөд монголчуудаа үргэлж өмгөөлөн дэмжиж, тэднүүсийн гашуун үнэн байдлын тухай өөрийн дуу хоолойгоо тасралтгүй өргөсөөр ирсэн шударга сэхээтэн хүн билээ.

Тиймийн тул, өмнөд монголчуудын хүний эрхийн төлөөх зохион байгуулалт болох “Өмнөд Монголын Их Хуралдай” нь 2016 оны 11 дүгээр сард, Япон улсын Токио хотноо байгуулагдах үед уригдан оролцсон бөгөөд Монгол Улс дахь салбарын даргаар сонгогдсон байв. Ноднин буюу 2021 оны 11 дүгээр сард болсон “Өмнөд Монголын Их Хуралдай”-н хоёрдугаар их хуралд Хуралдайн дэд тэргүүнээр сонгогдсон юм.

Тэрбээр энэхүү хугацаандаа үзэл нэгтэй нөхдийн хамт “Өмнөд Монголын хүний эрхийн мэдүүлэлт” зэргийг туурвиж, Өмнөд Монгол дахь хүний эрхийн талхигдал зэрэг байдлыг танилцуулан, Хятадын коммунист намын Өмнөд Монголд явуулж байгаа колоничлолын бодлого, үндэстний хайлуулан уусгах бодлого зэргийг илчилж байсан байна.

2020 оны 9 дүгээр сарын 1-нээс эхэлсэн Өмнөд Монгол дахь монгол бага дунд сургуулийн хүүхдийг хятадаар хичээллүүлэх болсон Өмнөд Монгол дахь соёлын хядлага бодлогыг чанга эсэргүүцэн Монгол улсад ч олон удаа хөдөлгөөн зохион байгуулсан билээ. Мөн Хятадын үндэстнийг хайлуулах бодлогоос болж, Өмнөд Монголын хүүхдүүд монгол үндэстний босоо монгол үсгээ сурах боломжоо алдаж эхэлсэн тул, Монгол Улс дахь хүүхдэд босоо монгол бичгээ өвлөн үлдээх зорилготой Монгол Улсад амжилттай болж өнгөрсөн “Миний мэдэх Өмнөд Монгол” эссэ, уран бичлэгийн уралдаан (2022 оны 2 дугаар сарын 21-нээс 2022 оны 5 дугаар сарын 11 болтол явагдсан уралдаан, “Өмнөд Монголын Их Хуралдай” болон Монгол Улс дахь “Дэлхийн монголчуудын холбоо”-той хамтран эрхэлсэн)-ы сэдэн санаачлагч, зохион байгуулагчийн нэг байсан юм.

Бас “Өмнөд Монголын Их Хуралдай”-гаас эмхэтгэсэн “Хятадын соёлын их хувьсгалын үед Өмнөд Монголд болсон Өвөр Ардын Намыг малтаж арилгах хөдөлгөөний дунд олон тооны монголчуудыг хоморголон хороосон хэрэг”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн санамж”-л бүртгүүлэх ажиллагаанд идэвхийлэн оролцож байх чухал гишүүний нэг билээ.

Сүүлийн жилүүдэд Ч.Мөнхбаяр нь тусгаар тогтносон Монгол Улсыг өөрийн эдийн засгийн колоничлолдоо оруулах гэж байгаа Хятадын коммунист засгийн хорон санааг гярхай ажиглаж, илчлэн дэлгэж, монголчууддаа таниулахыг хичээж байсан юм.

Ч.Мөнхбаярын эдгээр ажиллагаа нь коммунист Хятадын ашиг сонирхол (Өмнөд Монголд хэрэгжүүлж байгаа монгол үндэстнийг хайлуулан уусгах бодлого болон Монголд хэрэгжүүлэх гэж байгаа эдийн засгийн колоничлолын бодлого)-д ихээхэн харш болж байгаа нь үзтэл илхэн байна. Монгол Улс нь Зөвлөлт Холбоот Улсын нөлөөнд байх үедээ тэдний дарамтаас болж олон тооны эх орончдоо хэлмэгдүүлсэн түүхтэй. Одоо болоход Монголын засаг нь Хятадын даралтаас болж эх оронч шударга сэхээтэн Ч.Мөнхбаярыг хилс хэргээр хэлмэгдүүлчихгүй байгаа гэж бид маш зовон санааширч буй. Учир нь, хилс хэрэг нөмөргөн хэлмэгдүүлэх нь коммунист Хятадын үргэлж хэрэглэх аргын нэгэн мөн болохыг өмнөд монголчууд бид тодооос тод ойлгож байгаа бөгөөд тус удааны Ч.Мөнхбаярт нөмрүүлж байгаа хилс хэрэг нь ч Хятадын коммунист намын хядалтай яахын аргагүй агаар нэг, арга нь ч нэг байх нь тодорхой байна.

Эрхэм та нарт Ч.Мөнхбаярын хилс хэргийг даруй түргэнээр цагаатган тодруулж, эрх чөлөөг нь буцаан олгохыг чин сэтгэлээс хүсэн шаардаж байна.

Өмнөд Монголын Их Хуралдай

Тэргүүн: Шобчууд Тэмцэлт

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр