Өвөр Монголчуудыг дэмжих өдөр 05 сарын 11-нийг тохиолдуулан “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа
Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбоо байгууллагууд хамтран “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн гар бичмэл эсээ бичлэгийн уралдааныг 2023 оны 02 сарын 21 ний Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан 2 дахь жилдээ зарлаж 2 сарын хугацаанд орон даяар эсээ бичлэгүүдийн хүлээн авлаа.
Ингээд 05 сарын 11-ний “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” ийнхүү шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав. Уралдаан ЕБС-ийн ахлах 10-12 анги, дунд 6-9 анги, мөн энэ жил нэмэлтээр их, дээд сургууль, коллежийн оюутан гэсэн 3 ангиллаар явагдсан. Тус бүр 6 байрыг шалгаруулж нийт 18 сурагч шагналт байранд орлоо. Уралдааны эсээг цахимаар хүлээн авсан бөгөөд шалгаруулалтад эсээ бичлэгийн утга агуулга, найруулга болон, бичгийн хэв, стандарт зэрэг нь голлох нөлөө үзүүллээ. Тус уралдаанд Монгол орон даяар нийслэл болон бүх 21 аймгийн төлөөлөл болсон сурагч, оюутнууд нийт 181 оролцогч оролцлоо.
Энэ жилийн тухайд мөн хөдөө орон нутгаас монгол хэл, бичгийн багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулсан нь онцлууштай байлаа. Эсээ бичлэгийн уралдааны оролцогчдоос энэхүү уралдаанд оролцохын тулд монгол бичгээ илүү сайн давтаж, багш нартайгаа ажилласан, Өвөр Монголын түүхийг судалж, мэдсэн гээд талархаж байгаагаа илэрхийлсээр байна.
Монгол бичиг нь Монголчуудын нэгдмэл нэг үнэт зүйл төдийгүй сүүлийн мянган жилийн хугацаанд эсгий туургатны соёл, боловсрол, ном, судрыг түүчээлэн ирсэн эрхэм нандин өв билээ. 2019 оноос Өвөр Монголд Монгол бичгийг шат дараатай танаж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь өөрчлөлт орсноор олон Монголчууд өөрсдийн төрөлх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй болсон нь нэн харамсалтай. Монгол улс 2025 онд Монгол бичигт шилжих зорилт тавьсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж буй билээ. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нь нийт Монголчуудын ариун үүрэг тул хүн бүр шамдан хичээвэл зохилтой цаг үед бид амьдарч байна.
Оролцсон нийт сурагчид, багш нартаа маш их баярлалаа! Монгол бичиг түгээмэл болтугай!
Эх сурвалж :Дэлхийн Монголчуудын Холбоо