2018.5.11: ӨМНӨД МОНГОЛ МАЛЧДАА ДЭМЖСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шилийн гол аймгийн малчин, тэмцэж яваад амиа алдсан Мэргэний дурсгалыг хүндэтгэн Өмнөд монгол малчдын бэлчээр нутгаа хамгаалах өдөртэй болгоё гэсэн саналыг дэмжиж, Өмнөд Монголын Их Хуралдай (ӨМИХ) Японы Токио, Монголын Улаанбаатар, Шведийн Стокхольм хотуудад 5-р сарын 11-нд эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохион байгууллаа.

Японд Хятадын ерөнхий сайд айлчилж байгаатай холбогдуулан, өглөө Хятадын ЭСЯ-ны дэргэд ӨМИХ-ийн нөхөд цуглаан хийж, эсэргүүцлийн бичгээ өглөө. Эсэргүүцлийн гол агуулгыг эндээс уншиж болно: http://southmongolia.org/mn/2018/04/30/n-125

Өдөр Шибуя дүүрэгт ӨМИХ-ийнхэн Япон, Түвд, Тайваний журмын нөхөдтэй хамтран эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, өмнөд монголчуудын хүнд бэрх байдлыг таниуллаа. Орой нь Түвдийн нөхөдтэй хамтран, малчин Мэргэнийг хүндэтгэн, зул өргөлөө.

Монголын нийслэл Улаанбаатар хотод өглөөний 10 цагт Ардчиллын Ордонд эсэргүүцлийн арга хэмжээ боллоо. Ардчилсан хувьсгалын анхдагчид, ТББ-ын тэргүүд, дэмжигч ар өвөр монгол залуус оролцлоо.

ӨМИХ-н Байнгын зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр: “Малчин Мэргэн амь эрсэдсэнээс хойш эхэлсэн өмнөд монголчуудын их тэмцлийн он жилүүдийг хааж хориглосон үйл явдлууд ноднин 12-р сард боллоо. Янжиндулам, Давхарбаяр, Алмас нарын Онниуд хошуунд зохион байгуулах гэсэн цуглааныг хүчээр болиулсан, Жарууд хошууны Өлзиймөрөн сумын 35 малчныг ялласан юм. Мөн Шинжаан-Уйгурт монгол хэл заахыг зогсоолоо. Ийм хүнд бэрх үед өмнөд монголчуудыг дэмжихээ нэмэгдүүлцгээе!”,

Ардчилсан хувьсгалын анхны 13 удирдагчийн нэг Дарь. Сүхбаатар: “1990 онд Ардчилсан хувьсгалыг Цэнгэлт, Хөххад, Түмэнбаяр гээд өмнөд монгол нөхөд маань дэмжиж байсан нь тодхон санагдаж байна. Харамсалтай нь Монгол улсад өмнөд монголчуудыгаа дэмжих явдал түүнээс хойшхи 28 жилд хангалттай болсонгүй. Бүгд өмнөд монголчуудаа дэмж гэж уриалцгаая”,

Монголын ахмадын холбооны тэргүүн Г.Баасан: “Өмнөд монголчуудаа үнэн сэтгэлээсээ дэмжнээ. Ар өвөр гэлтгүй адилхан л монголчууд. Бидний жаргал зовлон, хувь заяа нэг ээ”,

“Босоо Хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа: “Журмын нөхөд бид эртнээс өмнөд монголчуудаа тууштай дэмжиж ирсэн. 2011 онд малчин Мэргэнийг хүндэтгэх цуглааныг зохион байгуулалцаж байлаа. Гэтэл биднийг гүтгэн гүжирдэж, харлуулахыг оролдож ч байсан. Харин бидний байр суурь хэвээрээ. Өмнөд монголчуудаа ойлгож дэмжих уулзалт цуглааныг олон хийж байя”,

“Тэнгэрлэг Ивээл” ТББ-ын тэргүүн Д.Чулуунбат: “Бидэнд нэгдмэл нэгэн үзэл хэрэгтэй. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үзлийн дор бат нягт нэгдэж, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болох хэрэгтэй. Одоо тийм үзэл дор нэгдэж чадахгүй байгаа учир, хүчтэй болох битгий хэл, нэг ард түмэн гэдгээ мэдэхгүй ухамсарлахгүй байх явдал хаа сайгүй байна” гэх зэргээр ярьцгаалаа.

Шведийн Стокхольм хотноо БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа мөн монголчууд эсэргүүцэл илэрхийллээ.

Японы Токиод
Японы Токиод
Японы Токиод
Монголын Улаанбаатарт
Монголын Улаанбаатарт
Монголын Улаанбаатарт
Шведийн Стокхольмд