ӨМНӨД МОНГОЛЫГ ДЭМЖИХ БҮХ ДЭЛХИЙН ӨДӨРТЭЙ БОЛЬЁ

ӨМНӨД МОНГОЛЫГ ДЭМЖИХ БҮХ ДЭЛХИЙН ӨДӨРТЭЙ БОЛЬЁ

Өмнөд монголчуудын хувьд БНХАУ, ХКН Хүний эрхийн түгээмэл тунхаглалын бүх зүйлийг туйлын ихээр зөрчиж ирлээ.

Өмнөд Монголын удирдагчид, ард түмэн Монгол улсад нэгднэ гэсэн үзэл санаагаа 1911 оноос илэрхийлж ирсэн ч, БНХАУ хүчээр түрэмгийлэн нэгтгэж, мөн “тусгаарлан гарах эрхтэй холбоот улс болгоно” гэж хуурч, харьяандаа оруулсан. Түүнээс хойш өмнөд монголчууд БНХАУ-ын харгис хатуу колоничлолд дарлагдаж мөлжигдөж, геноцидэд өртөж, “цаашид орших уу эс орших уу” гэмээр хүнд байдалд орлоо.

Харгислалын нэгэн жишээ гэхэд Соёлын хувьсгалын үеэр  “Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн” нэртэй монгол үндэстний эсрэг харгислан хэлмэгдүүлэлт явагдсан. БНХАУ-ын төрөөс 27 900 өмнөд монгол хүн тэр үеэр алагдсан гэж мэдээлдэг. Гэхдээ тэрхүү харгислалаас болж амь үрэгдэгсдийн тоо 100 мянга давна гэх судлаачид бий.

Соёлын хувьсгалын дараа зах зээлийн бодлого хэрэгжсэн ч, Өвөр Монгол дахи колоничлолыг тууштай үргэлжлүүлсээр, хятад иргэдийг олноор суурьшуулсаар, хэт цэрэг армижуулсаар, ашигт малтмал, байгалийн баялгийг цөлмөн дээрэмдсээр, бэлчээр нутгийг булаасаар, монгол хэл соёлыг ялгаварлан гадуурхах, монголчуудыг уусгах үйл ажиллагаа явуулсаар ирлээ.

Тэмцэж эсэргүүцсэн хүнийг яллаж хорих, шоронд эрүүдэн тамлалт, хүнд нөхцлөөр үхүүлэх, эрэмдэг зэрэмдэг, хүнд өвчтэй болгох зэргээр хэлмэгдүүлдэг. Мөн баривчлах, гэрийн хорионд оруулах, ажилд орох боломжгүй болгох, хулгайлан сураггүй болгох, мөрдөж мөшгих гээд зүйл бүрээр хохироодог. Гэр бүл, ойр дотныхныг нь дарамталдаг.

Өвөр Монголд монгол хэлээрхи сургалтыг болиулах оролдлого цөөнгүй удаа гарч, эсэргүүцэлтэй тулгаран больж байсан. 2020 оны зунаас их хүч хөрөнгө гарган, монгол хүүхдүүдийн эх хэлний эрхийг алдагдуулж, хятадаар хичээллүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнийг эсэргүүцсэн хүчирхэг хөдөлгөөн Өвөр Монголд өрнөж, 300 000 орчим хүн хамрагдаж, БНХАУ-ын засгийн газрыг их сандаргаж түгшээсэн.

Өвөр Монголд Хятадын коммунист нам уг хөдөлгөөнийг нухчин дарж, 10 000 орчим хүнийг барьж хорьж, хатуу дарангуйллыг тогтоосон юм. Өвөр Монголыг II Шинжаан болгох гэж байна.

Өмнөд монголчуудад устаж үгүй болох аюул нүүрлэлээ. Дэлхийн хамгийн их хохирч хэлмэгдсэн ард түмнүүдийн нэг болох өмнөд монголчуудыг аврах хэрэгтэй болоод байна. Үүнийг даян дэлхий ойлгох цаг болсон!

Учир иймд, Өмнөд монголчуудыг дэмжих даян дэлхийн өдөртэй болъё! Энэ өдөр нь өмнөд монгол малчин Мэргэн нутаг бэлчээрийнхээ төлөө тэмцэж яваад амь насаа алдсан 5-р сарын 11 байвал зүйтэй гэж бид бүхэн санал дэвшүүлж байна.

Энэ өдөр дэлхий нийтээрээ өмнөд монголчуудыг өмгөөлөн, тэмцэж, шаардаж байя. Өмнөд монголчуудын зовлон зүдгүүрийг таньж мэдэж байя. Даян дэлхий өмгөөлж байж л, өмнөд монголчууд аврагдна, хүний эрх нь сэргэнэ, эрх чөлөөний гэрэл гэгээ гийнэ.

Энэ санаачилгыг маань дэмжихийг бүх шударга улс орон, нам холбоо, хувь хүмүүст уриалж байна! Өмнөд монголчуудыг аварцгаая!

Өмнөд Монголын Их Хуралдай

2021.3.16