ӨМНӨД МОНГОЛЫН ТЭМЦЭГЧДИЙГ СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА!!!

ӨМНӨД МОНГОЛЫН ТЭМЦЭГЧДИЙГ СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА!!!

Өнөөдөр НҮБ-аас зарласан Олон улсын шоронд хоригдсон, сураггүй болсон шударга тэмцэгчдийн өдөр билээ.

Өмнөд монголчууд хувь заяагаа өөрсдөө шийдэх эрмэлзэлтэй байсан боловч ХКН цэргийн хүчээр түрэмгийлж, “эргэн гарах эрхтэй, тэгш эрхтэй холбооны улс байгуулна” гэж хуурч мэхэлж, өөртөө нэгтгэснээс хойш, колонийн дарлал олон жил үргэлжиллээ. Уугуул нутагтаа хүн амын 20 хүрэхгүй хувь болтлоо колоничлогдсон тохиолдол ховор юм.

Олон том харгислалыг ХКН өмнөд монголчуудын эсрэг өрнүүллээ. Соёлын хувьсгалын үеэр хамгийн их хэлмэгдсэн нь өмнөд монголчууд юм.

Соёлын хувьсгалаас хойш зах зээлийн далбаан дор Өмнөд Монголд шинэ колоничлолыг эхлүүлэн, малчдын нутаг бэлчээрийг булааж, амьдрах аргаггүй болгох боллоо.

Өвөр Монголын ардчилсан холбоог байгуулсан Хадаа багшийг дээд зэргээр яллан, хорьж тамлаж, зүйл бүрийн хүнд өвчтэй болгож, 15 жилийн ял нь дууссаны дараа ялгүйгээр нууц шоронд 4 жил хорьж, түүний дараа гэрийн хорионд байлгаж байна.

Малчин Мэргэнийг зэрлэгээр хөнөөсний дараа, малчин голдуу олон тэмцэгчийг хорьсон, заримыг нь сураггүй алга болгосон.

2017 онд Ин Гэр, Ман Лиан, Бао Гуниан гэдэг гурван эмэгтэй тэмцэгчийг хорьсон. Тэр оны эцсээр 35 малчинд 6 сараас 5 жил хорих ял оноосон. Түүнээс хойш Өмнөд Монголд тэмцэл хөдөлгөөнийг хорьсон.

2020 оны зун монголоор хичээллэхийг хааж хорих болсон. Түүнийг эсэргүүцэн Өмнөд Монголын 300 мянган хүн тэмцсэн. Үүнээс 10 000 хүнийг баривчилж хорьсон. Нэлээд нь одоо ч хоригдож байна.

2010-аад онд өмнөд монголчуудын тэмцлийг малчин тэмцэгч Янжиндулам оройлон манлайлж байсан билээ. 2017 оны сүүлээс түүнийг гэрийн хорионд оруулсан. 2020 оны намар монгол хэл бичгийнхээ төлөө уриалсных нь төлөө Янжиндуламыг шоронд хорьсон. Одоо Янжиндулам Шилийн гол аймгийн шоронд шалгагдаж, хоригдон зовж байна. Янжиндулам бол Өвөр Монголын Нельсон Мандела мөн билээ.

-Өнөөдөр шоронд хоригдож байгаа Янжиндулам болон бусад тэмцэгчдийг сулла, гэрийн хориог зогсоо гэж бид шаардаж байна!

-Өмнөд Монгол дахь колонийн дарлал мөлжлөгөө зогсоохыг бид шаардаж байна!

-Даян дэлхийн шударга бүхэнд өмнөд монголчуудын төлөө болон Бээжин-2022 олимпийн тоглолтыг бойкотлох тэмцэлд нэгдэхийг бид уриалж байна!

Өмнөд Монголын Их Хуралдай

2021.3.25.

Токио хот.