9-р сарын 1-нд “Эх хэлээ аваръя”, “Өглөөний Улаанбаатар”, “Аравт”, “Хүннаран” зэрэг ТББ-ууд хамтран “Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлье” сэдэвт монгол соёлын арга хэмжээ зохион байгуулав.
Уг арга хэмжээний үеэр эрдэмтэн мэргэд үг сургаалиа хайрлав. Тэмцэгчид уриалан дуудаж, ухуулан таниулж үг хэлэв. Дуу хөгжим, бүжиг биелгээний тоглолт үзүүлэв. Сээр цохих тэмцээн хийв. Уран бичлэгийн үзүүлбэр болов. Эх хэл бичгээ сурталчилсан футболка, “Хүмүүн бичиг” сониныг хүмүүст тараав. Монгол хувцас гоёлын загварыг толилуулав. ТВ, сонин, сайтад мэдээлэл өгөв.
Энэ бүгд монгол бичгээ сурталчилсан агуулгатай байлаа. Ер нь монгол бичгийг сурталчилсан арга хэмжээнүүд Монголд цөөнгүй. Гэхдээ энэхүү арга хэмжээнд олон онцлог шинэлэг зүйл байсны нэг нь өмнөд монголчуудаа дэмжсэн өнгө аяс байлаа.