“Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардууллаа

“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 3 дахь жилдээ Өмнөд Монголын Их Хуралдай болон Дэлхийн монголчуудын холбоо хамтран уламжлал ёсоор 05.11 ны Өвөр Монголчуудыг дэмжих өдөр зохион байгууллаа.

———————————————————————

Японд төвтэй Өмнөд Монголын Их хуралдай болон Дэлхийн монголчуудын холбоо байгууллагууд хамтран “Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2024 оны хоёрдугаар сарын 21-ний Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан гурав дахь жилдээ зарлажээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд орон даяар эсээ бичлэгүүдийг хүлээн авсан байна. Ингээд уламжлал ёсоор тавдугаар сарын 11-ний “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Уралдаан ерөнхий боловсролын сургуулийн ахлах 10-12 анги, дунд 6-9 анги, мөн их, дээд сургууль, коллежийн оюутан гэсэн гурван ангиллаар явагддаг бөгөөд тус бүр зургаан байрыг шалгаруулж нийт 18 сурагч шагналт байранд шалгарлаа.

Шагналын тухайд өргөмжлөл ба мөнгөн урамшуулал олгодог. Уралдааны эсээг зурган хэлбэрээр цахимаар хүлээн авдаг бөгөөд шалгаруулалтад эсээ бичлэгийн утга агуулга, найруулга болон, бичгийн хэв, стандарт зэрэг нь голлох нөлөө үзүүлдэг. Тус уралдаанд Монгол орон даяар нийслэл болон бүх 21 аймгийн төлөөлөл болсон сурагч, оюутнууд нийт 105 оролцогч оролцлоо. Жил бүр хөдөө орон нутгаас монгол хэл, бичгийн багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулдаг нь энэ уралдааны нэг онцлог болдог. Эсээ бичлэгийн уралдааны оролцогчдоос энэхүү уралдаанд оролцохын тулд монгол бичгээ илүү сайн давтаж, багш нартайгаа ажилласан, Өвөр Монголын түүхийг судалж, мэдсэн гээд талархаж байгаагаа илэрхийлсээр байна.

Б. НАРАНТУЯА

“Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардууллаа | News.MN