ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨДӨЛГӨӨН ШИНЭ ШАТАНД ГАРЛАА
Миний бие энэ сарын 9-11-ний өдрүүдэд Токио хотноо явагдсан Өмнөд монголчуудын их хуралдайг үүсгэн байгуулах чуулганд залуу тэмцэгч Э.Баттөрийн хамт Монгол улсаас зорьж оролцлоо. 17-нд Йокохама хотод хуралдайн гишүүдийн Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалтад оролцоод ирэв.
2014 оноос эхэлсэн үүсгэн байгуулах ажил бодот үр дүнд хүрсэн нь үнэхээр сайхан байна. 9-ний өдрийн хуралдаанд янз бүрийн улс орноос ирсэн болон интернетээр харилцагч өмнөд монголчууд оролцож, хуралдайн дүрэм, удирдлага, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
Хуралдайн тэргүүнээр 1981 оны өвөр монгол оюутны хөдөлгөөнөөс хойш өдий хүртэл нэгэн зорилгын төлөө тэмцэж ирсэн Шобшууд Тэмцэлт, ЕНБД-аар олон жил уйгагүй тэмцэж зүтгэж ирсэн Олхунуд Дайчин нарыг сонголоо.
Мөрийн хөтөлбөрт өмнөд монголчуудын өөрийн хувь заяагаа тодорхойлох бүрэн эрх, нийт монгол үндэстний эв нэгдлийн төлөө тэмцнэ гэж онцлон заалаа. Өмнөд Монголын тусгаар тогтнолын төлөө гэсэн зорилгыг хөтөлбөрт оруулах эсэх дээр мэтгэлцэхэд, урьдын түүхэн туршлагыг үзвээс БНМАУ-д нэгдэх, тусгай улс болох, дээд зэргийн
өөртөө засах эрхтэй холбоот улс болох зэрэг саналууд гарч байсан баримтыг харгалзан, өөрийн хувь заяагаа тодорхойлох бүрэн эрхээ олсон хойноо өмнөд монголчууд шийдэх хэрэг гэж үзлээ.
Хоёрдахь өдрийн хуралдаан нээлттэй болсон бөгөөд, Японы парламентын нэгэн байрны танхимд явагдлаа. Энэ нь япончуудын дэмжлэгийн бэлгэ тэмдэг хэмээн бодном. Монголчуудаас гадна, Японы парламентын гишүүд, БНХАУ дахь олон үндэстний төлөөлөгчид, Япон, Тайвань, Гонконгийн улс төрчид, хөдөлгөөнийхөн, хэвлэл мэдээллийнхэн гэсэн өргөн бүрэлдэхүүн цуглав. Олон баяр хүргэлт ирсний дотор Ребия Кадыр дуут мэндчилгээ ирүүлжээ. Монгол улсын ТББ-уудаас ч мэндчилгээ ирсэн болно.
Сайны хажуугаар саар гэгчээр хурлын байрны гадна, манай хуралдайг эсэргүүцсэн цуглаан болж, хэдэн арван хүн оролцжээ. Япон – Хятадын харилцаанд харш болох зүйлийг японы улс төрчид дэмжихээ зогсоо гэсэн утгатай улаан лоозонгууд барьсан тэд зүүнтнүүд, коммунистууд, оюутнууд бөгөөд, Хятадын тал шан харамж тэдэнд өгч зохион байгуулсан гэх яриа их гарч байлаа. Хурлын дараа японы улс төрчид хуралдайн төлөөлөгчдийг Парламентын ордноороо аялуулан хүндэтгэв.
Гуравдахь өдөр мөн өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдахдаа Азийн ардчиллын байдалтай холбон уялдуулан хэлэлцлээ. Миний бие Монголын ардчилалд аюул учирч ирснийг танилцуулж, нэг л үндэстэн учраас Өмнөд Монголын дарлагдал, Монгол улс дахь доройтол нь адилхан л нийт монгол үндэстний асуудал болохыг онцлон тэмдэглэв. Дөрөвдэхи өдөр нэмэлт хурал хийж, хэлэлцэж дуусгаагүй асуудлуудаа гүйцээн хэлэлцэв.
Үүний дараа Японы Токио, Осака хотод байгаа хуралдайн нөхөд албан бусаар яриа хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн байв. 17-ны өдөр Йокохама хотноо Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хуралдайн сонгуультнууд, төлөөлөгчид уулзлаа. Бүрэн ойлголцлын дунд уулзалт явагдаж өнгөрөв.
Өмнөд Монголчуудын нам холбоод нэгдэн их хуралдайг байгуулсан явдал нь аргагүй олон нийтийн, олон улсын анхаарлыг татдаг юм байна. Цаашид хуралдайн ажил үйлс өргөжиж, мандан бадарч, монгол туургатны, дэлхий дахины дэмжлэгийг авах болтугай!