Өмнөд Монголчууд Хүний эрхийн өдөр Монгол, Япон зэрэг газарт жагсаал цуглаан боллоо
Хүний эрхийн өдөр Улаанбаатар, Токио зэрэг хотод өмнөд монголчуудыг өмгөөлсөн жагсаал цуглаан боллоо. Улаанбаатарын цуглаанд оролцогчид “Хятад улс Өмнөд Монголын хүний эрхэд халдсан үйл ажиллагаагаа таслан зогсоо!”, “Малчдын нутаг бэлчээрийн хууль ёсны эрхэнд халдахаа зогсоо!”, “Өмнөд Монголд эрх чөлөө!”, “Хадааг сулла!” гэсэн бичигтэй, Өмнөд Монголын их хуралдай, Хадаа, Үнэнч нарын зурагтай лоозон барьсан байв.
Токио хотноо өмнөд монголчууд Хятад дахь үндэсний цөөнхийн хүний эрхийн төлөө түвд, уйгур, япон дэмжигч нөхдийн хамт жагсан явж, цуглаан хийн үг хэлж, Хятадын ЭСЯ-анд шаардлагуудаа өглөө.
Сүүлийн үед Хятад улс нь өмнөд монголчуудын хүний эрхийг зөрчсөн олон үйлдэл гаргаж, хортой бодлогоо идэвхжүүлсэн тул уугуул ард иргэдийн эсэргүүцэл тэмцэл тасрахгүй байгаа билээ. Малчдын жагсаал цуглаан энгийн үзэгдэл боллоо. Уламжлалт МАА-г байгальд хор хөнөөлтэй гэчихээд, газар цөмөртөл нүүрс ухаж, баялаг цөлмөж, хорт бодис, утаа ялгаруулагч үйлдвэрүүд барьж, гахай үржүүлэн газар хөрс сэндийчүүлж, харин малчдын амин зуулгыг хорьж, мал сүргийг хурааж, хүчээр суурьшуулж, ажилгүйдэл ядууралд нэрвэгдүүлж байгаа. Энэ бүхнийг эсэргүүцэн сөрсөн цогт тэмцэгч Хадааг 15 жил хорьсон ч суллалгүй, үргэлжлүүлэн хорьсоор. Ядуу малчин Үнэнч цөхрөнгөө барж, өөрийг нь зодож алах гэсэн 4 хятад хүний аминд хүрлээ.
Гэхдээ өмнөд монголчууд шударга үнэний төлөө хүрээгээ тэлэн тэмцсээр байгаагийн нэг жишээ нь, саяхан БНХАУ-ын хилийн гаднахи өмнөд монголчуудын нам холбоод нэгдэж Өмнөд Монголын их хуралдайг байгуулсан явдал юм.