Олон улсын хүний эрхийн өдрийн мэдэгдэл ‘‘Ч. Мөнхбаярыг нэн даруй суллахыг шаардаж байна‘‘―Хятадын хил дамнасан хавчилтын ноцтой жишээ―

Олон улсын хүний эрхийн өдрийн мэдэгдэл
Ч. Мөнхбаярыг нэн даруй суллахыг шаардаж байна
Хятадын хил дамнасан хавчилтын ноцтой жишээ

2025 оны 12 дугаар сарын 10
Өмнөд Монголын Их Хуралдай

2022 оны баривчилгаа ба 10 жилийн ял

Ч. Мөнхбаяр гуайг 2022 онд Монгол Улсад баривчилж, шүүхийн ажиллагааны дүнд 10 жилийн хорих ял оноосон. Хэрэг нь гаднаас харахад “дотоод асуудал” мэт боловч өмгөөлөгчид нь өгсөн тайлбаруудад “гадаад тагнуулын байгууллагатай хамтран ажилласан”, “Монгол–Хятадын харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэн” гэх мэт улс төрийн өнгө аястай шалтгаанууд дурдагдсан нь тун ноцтой ил тод бус байдлыг харуулж байна.

Өмнөд Монголын хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа нь жинхэнэ шалтгаан байх магадлал өндөр

Өмнөд Монголын Их Хуралдай нь Мөнхбаяр гуай олон жилийн турш Өмнөд Монгол дахь хэлний эрхийн зөрчил, соёлын эвдрэл, боловсролын эрхийн зөрчил зэрэг асуудлыг олон улсад хүргэж ирсэн, мөн манай байгууллагын үүсгэн байгуулалтын үеэс төвд нь ажиллаж хүний эрхийн тайлангуудыг бэлтгэхэд оролцож байсан нь түүний баривчилгаа болон хүнд ялын гол шалтгаан байж магадгүй гэдгийг гүн түгшүүртэйгээр тэмдэглэж байна. Эдгээр нь Хятадын эрх баригчдын байнгын онилдог салбарууд юм.

Хил дамнасан хавчилтын ноцтой хэрэг

Энэ хэрэг бол Хятадын улс төрийн нөлөөг хил давуулан хэрэгжүүлдэг хил дамнасан хавчилт (transnational repression)-ын хамгийн ноцтой жишээний нэг юм. Урьд нь энэ хавчилтын гол бай нь Өмнөд Монголчууд, эсвэл Хятадын иргэншилтэй монгол угсаатнууд байсан бол одоо чанарын шинэ шатанд шилжжээ.

Өмнөд Монголын хүний эрхийг дэмжсэн гадаадын иргэд хүртэл эрсдэлд орох шинэ үе

Мөнхбаяр гуай Монгол Улсын иргэн. Тэр Хятадын иргэн биш, Хятадын хуулийн хамааралд ч ордоггүй. Гэсэн хэдий ч Өмнөд Монголын хүний эрхийг хамгаалж, Хятадын уусгах бодлогыг шүүмжилсэн нь өөрийн эх орондоо хүнд ял авах нөхцөл болсон нь бодит байдал болж байна.
Энэ нь Хятадын хил дамнасан хавчилт “Өмнөд Монголчууд”-аас Өмнөд Монголын хүний эрхийн асуудлыг дэмждэг гадаадын иргэд рүү өргөжсөн ноцтой тохиолдол бөгөөд үг хэлэх эрх чөлөө, улсын бүрэн эрхт байдалд ноцтой заналхийлж байна.

Өмнөд Монголын Их Хуралдайн шаардах зүйлс

Мөнхбаяр гуай саяхан болсон III чуулганаар манай байгууллагын дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон бөгөөд хоригдсон нөхцөлд ч түүний үйл хэрэг олон улсын хүндэтгэлийг хүлээсээр байна. Өмнөд Монголын Их Хуралдай дараахыг хатуу шаардаж байна:

Ч. Мөнхбаярыг нэн даруй, болзолгүйгээр суллах

Монгол Улс шүүхийн ажиллагааг ил тод, шударга явуулж, олон улсын хүний эрхийн стандартыг хангах

Хятадын хил дамнасан хавчилтад олон улсын хяналтыг бэхжүүлэх

Өмнөд Монголын хэл, соёл, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах олон улсын дэмжлэгийг өргөтгөх

Хүний эрхийн хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлэхийг хориглох олон улсын журам, тогтолцоог бий болгох

Эцэст нь

Мөнхбаяр гуайн эрх чөлөө бол ганц хүний асуудал биш. Энэ нь улс хоорондын улс төрийн хавчилт шинэ үе шатанд орсны илрэл бөгөөд дэлхий даяарх хүний эрхийн хамгаалагчид, судлаачид, сэтгүүлчдийн аюулгүй байдалтай шууд холбоотой.
Өмнөд Монголын Их Хуралдай Хүний эрхийн олон улсын өдрөөр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан:

Ч. Мөнхбаярыг яаралтай сулла!
Олон улсын дэг журмыг эвдэж буй хил дамнасан хавчилтыг нэн даруй зогсоо!

2025 оны 12 дугаар сарын 10
Өмнөд Монголын Их Хуралдай

Ерөнхийлөгч: Шовчууд Темцэлт
Хамтран тэргүүлэгч: Олхунуд Дайчин