ЯПОНЧУУД МОН-ГО УЛС БАЙГУУЛСАН УУ?

ЯПОНЧУУД МОН-ГО УЛС БАЙГУУЛСАН УУ?

Саяхан Японд сонин содон үйл явдал боллоо. Эгэл хүн харахад өвөр монголчууд, япончууд нийлж, ёслол төгөлдөр хуралдах аж. Тэнд Японы парламентын гишүүд, улс төрчид, тэмцэгчид байх. Бас Өмнөд Монгол ба Японы далбаа байнга зэрэгцэн хүндтэй байранд залрах. Тусгаар тогтнол, эрх чөлөө, Үндсэн хууль гэх үгс цуурайтах.

Монгол улсын нэгэн фэйсбүк ашиглагч энэ бүхнийг хальт үзээд: “Япон улс Манж-го улс байгуулж байсныг санагдуулав. Яг л тийм уур амьсгалтай байна. Мон-го улс байгуулж байгаа юм биш биз?” гэж бичсэн байлаа. Юу болов? Үнэхээр япончууд Мон-го улс байгуулсан уу?

Нээрэн юу болоод өнгөрөв хэмээн магадлаваас…

…Өмнөд Монголын Их Хуралдайн (ӨМИХ) II чуулган Японд явагдсан ажээ. Нээлтийн хуралдаан нь 2021.11.20-нд Японы Гифү мужийн “Миний Монгол” төвд болжээ.

ӨМИХ бол Өмнөд Монголын эрх чөлөө, хүний эрхийн төлөө нам холбоодын эвсэл юм.

Чуулганыг эхлүүлж, өмнөд монголчуудын лидер Тэмцэлт Шовцууд:

– Чуулган маань амжилттай явагдаж байна. Тал бүрээр тусалж ирсэн япон нөхөддөө баярлалаа. Манай Өмнөд Монгол болбоос Японтой эртнээс түүхэн холбоотой билээ. Япон улс эрх чөлөө, ардчиллын замаар тууштай замнаж, Зүүн Азид болон Өмнөд Монголд гэрэл гэгээг тусгаж байдаг билээ. Гэтэл Хятад дээрэнгүй, бүдүүлэг бодлогоороо хүн төрөлхтнийг түнэр харанхуй руу чирж байна.

Манай ӨМИХ төвөд, уйгур, казах, хонконг, тайвань зэрэг Хятадын колоничлол, империализм, жанжлан ноёлох үзлээс болж зовж байгаа ард түмнүүдийн төлөөлөлтэй хамтран эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэх ёстой. Бидний улс төрийн зорилго бол НҮБ-аас баталгаажуулсан өөрийн хувь заяаг өөрөө шийдэх үндэсний эрх, нутаг орондоо эзэн байх эрхээ хэрэгжүүлэх явдал юм. Манай ард түмэн эзэн мэдэх эрхээ хэрэгжүүлэх ёстой.

Хятад улс Өмнөд Монголын газар нутгийг эзлэн авч, монголчуудыг хядаж харгислаж, хэл соёлыг маань хавчин доройтуулж, геноцид үйлдэж байна. Бид хятадуудтай хамт нэгэн улсад оршин тогтнох боломжгүй байна. Хятадын колоничлол, боолчлолоос салах нь л бид бүхний оршин тогтнох ганц сонголт, ганц гарц юм гэж ярилаа.

Чингээд ӨМИХ-н сонгууль явагдаж, тэргүүнээр Тэмцэлт Шовцууд (Герман), дэд тэргүүнээр Дайчин Олхунуд, Өргөн (хоёул Япон), Ч.Мөнхбаяр (Монгол), ерөнхий нарийн бичгийн даргаар Арцаа Гоурууд (Япон), түүний орлогчдоор Алтанхуар (АНУ), Өлзийдэлгэр (Япон), Бурханхүү (Франц), Бүтээгч (Норвеги) нар сонгогдлоо. Мөн Удирдах зөвлөлийн гишүүд сонгогдсон.

Хуралд Японд суудаг өмнөд монгол олон идэвхтнээс гадна, Өмнөд Монголыг дэмжих японы орон нутгийн парламентын гишүүдийн холбооны дарга Касама Нобору (Токио), орлогч Ямамото ба хэсэг гишүүд, Өмнөд монголчуудыг дэмжих япончуудын холбооны дарга Фүмиэ Фүрүкава, орлогч Такаши Сато болон бусад япон идэвхтэн оролцов. Монгол, Герман, Швед, Франц, АНУ, Норвеги, Чех улсуудаас ӨМИХ-н гишүүдийн төлөөлөл онлайнаар оролцлоо.

Өмнөд монголчуудын эзэн мэдэх эрх, эрх чөлөө, хүний эрхийн төлөө улам эрч хүчтэйгээр тэмцэх, өмнөд монголчуудын эсрэг геноцид, харгислалуудыг улсууд, олон улсын байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх, ӨМИХ-н дүрэм, зохион байгуулалт гээд чухал асуудлуудыг чуулганы өдрүүдэд хэлэлцсэн юм. Мөн тэмцлийн тунхаглал гаргаж баталлаа.

ӨМИХ-н хаалтын хуралдаан 2011.11.25-нд Японы парламентын гишүүдийн офисын байранд болсон юм.

Чуулганд цөөнгүй нэр хүндтэй удирдагчид, тэмцэгчид, улс төрчид, баяр хүргэсэн. Заримаас нь дурдъя.

Төвөдийн дүрвэгч засгийн газрын тэргүүн Бямба Цэрэн:

-ӨМИХ-н 2-р чуулганд баяр хүргэе.

Өмнөд Монгол Хятадын бүх талын харгислал хэлмэгдүүлэлтийн дор түмэн зовлон, буман шаналанг туулж ирсэн билээ. ӨМИХ бол Өмнөд Монголын ба Төвөд, Зүүн Түркестан, Хонконг, Тайваний эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн том байгууллага юм.

Даян дэлхий Хятадад хүний эрх зөрчигдөж буйд ихээр анхаарал хандуулж буй энэ үед болж буйгаараа энэхүү чуулган их ач холбогдолтой.

Бид бүхэн Өмнөд Монгол дахи ахан дүүстэйгээ эв санааны нэгдлээ илэрхийлж байна. ӨМИХ-тай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна. Энэхүү чуулган амжилттай болох болтугай хэмээн залбирч байна гэв.

Өмнөд Монголыг дэмжих парламентын лобби бүлгийн дарга, эрх баригч Либерал-Ардчилсан намын удирдагчдын нэг, доктор Санаэ Такаичи:

-ӨМИХ-н 2-р чуулган явагдаж байгаад баяр хүргэе. Эзэн мэдэх эрх, хэл соёлынхоо төлөө тэмцэж буй бүхнийг хүндэтгэж буйгаа илэрхийлье.

Япон-хятадын харилцаа Японы хувьд ихээхэн чухал бөгөөд, хоёр орон эдийн засгийн нягт харилцаатай, мөн хүмүүнлигийн болон соёлын солилцоотой. Үүний зэрэгцээ Хятадтай харилцах харилцаанд нөлөөлөх асуудлууд гарч ирж байна, Өмнөд Монголд хүний эрх зөрчигдөж байгаа зэрэг асуудлууд ч бас их чухал билээ.

Япон-Хятадын тогтвортой харилцаа хоёр орон төдийгүй, хөрш зэргэлдээ орнууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ач холбогдол өндөртэй. Тиймээс хүний эрхийн байдлаа сайжруулахыг Японы засгийн газар, эрх баригч нам Хятадаас шаардаж, тодорхой үр дүнд хүрэх ёстой.

Өмнөд Монголыг дэмжих парламентын лобби бүлэг хатуу байр суурьтай байх болно. Бүлгийн дарга миний бие санаачлагатай ажиллах болно гэв.

Хуралд Өмнөд Монголын эх орончид идэвхтэй оролцов. Мөн Өмнөд Монголыг дэмжих Японы парламент дахи лобби бүлгийг санаачлан байгуулж байсан улс төрч Хироши Уэно, парламентын гишүүн Мио Сугита нарын япон иргэд олноор оролцов. Японд сонгууль болж, шинэ парламент бүрэлдсэн бөгөөд, Өмнөд Монголыг дэмжих Японы парламент дахи лобби бүлэг шинээр зохион байгуулагдсан юм.

Бас Далай ламын төлөөлөгч Цэвээнжалбуу Арьяа, төвөдийн тэмцэгч Бямба Жалбуу, уйгурын тэмцэгч Уда Керим, хотон тэмцэгч Ван Дай зэрэг хүндтэй зочид нутгийн нөхдийн хамт ирж оролцов. Хонконг, Тайваний тэмцэгчид ч байлаа. Бүгдээр хамтран тэмцэхээ илэрхийлэв. Хэвлэл мэдээллийнхэн сурвалжиллаа.

Энэхүү хаалтын чуулганаас даян дэлхийн шударга бүхэнд, ялангуяа дэлхийн монголчуудад өмнөд монголчуудын төлөө тэмцэхийг уриалав.

Хурал дээр ӨМИХ хоёр товхимол тараасан нь анхаарал татав. Нэг нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт өмнөд монголчуудын эсрэг геноцидийг бүртгүүлэх тухай юм. Нөгөө нь бүр их анхаарал татсан бөгөөд, энэ нь “Өмнөд Монгол улсын Үндсэн хуулийн төсөл” нэртэй.

“Өмнөд Монгол улсын ард иргэд ээ.

Харь үндэстний ноёрхлоос чөлөөлөгдөн, Ленин Сталин маягийн коммунист төр засгаас ангижран, өөрийн эзэн эрх, тусгаар тогтнолоо бататган, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс болон үндэстний эв нэгдлийг дээдлэн, түүх соёлоо уламжлан эрхэмлэж, хүн төрөлхтний соёл иргэншлийг хүндэтгэн, эрх чөлөө ардчиллын үзэл бүхий нийгмийг үр хөвүүндээ өвлүүлэх зорилгыг урьдал болгон, Өмнөд Монгол улсын Үндсэн хуулийг зарлан тунхаглав” хэмээн, энэхүү төсөл эхэлж байна.

Өмнөд монголчуудын төр улсын сэтгэлгээ, үйл ажиллагааны түүх арвин билээ. ХХ зуунд өвөр монголчуудын хэд хэдэн засгийн газар байгуулагдаж байлаа. Тусгаар улсыг ч тунхаглаж байлаа. Гэхдээ тэд БНМАУ-д нэгдэх зорилгоо дандаа илэрхийлж байсныг хэлэх хэрэгтэй.

Тэгвэл 1990-ээд онд өвөр монголчууд өрнөдийн улсууд руу шууд болон, Монгол улсаар дамжин гарах болсон. Эрх чөлөөний хөдөлгөөдийг байгуулах болсон. Үүнээс хойш Өвөр Монголын тусгаар тогтнолыг зарлах, шаардах зэрэг улс төрийн акциудыг хийж байсан. 2016 онд байгуулагдсан ӨМИХ-г “парламент” гэж үүсгэн байгуулагчид нь үздэг. Дээрхи “Үндсэн хуулийн төсөл” өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг шинэ шатанд гаргажээ гэж судлаач ажиглагчид үзжээ.

П.ТУЛГА

You may also like...