СОЁЛЫН ХУВЬСГАЛЫН ТУХАЙ ХЯТАД ХҮН ДУУГАРЧ БОЛНО, МОНГОЛ ХҮН ДУУГАРЧ БОЛОХГҮЙ.

А.Лхамжав

2019.4.4-нд Улаанхад (Чифэн) хотын Хэшигтэн хошууны 75 настай зохиолч Боржигин А.Лхамжавыг “салан тусгаарлах үзэл”, “үндэсний эв нэгдлийг хорлон сүйтгэсэн”, “хууль бус хэвлэн нийтлэлт, түгээлт” зэрэг зүйлээр буруутгаж  хорьлоо.  

Түүний гэр бүлийн хүмүүсийг шүүх хуралд оруулаагүй, өмгөөлөгч авах эрх олгоогүй. А. Лхамжав хятадаар ярихаас татгалзсан тул орчуулагч гаргаж өгчээ. Шүүгч, 3 прокурор, орчуулагч, А.Лхамжав зэрэг 8 хүн оролцсон хаалттай шүүх хурал болжээ. Зохиолч “Би биш, Өвөр Монголд геноцид хийсэн хүмүүс үндэсний эв нэгдлийг хорлон сүйтгэсэн биш юм уу” гэхэд прокурор “Тэр бидэнд хамаагүй” гэжээ. А.Лхамжав өөрийгөө “гэм буруугүй” гэж үзэж буйгаа мэдэгджээ. Энэхүү мэдээллийг тэрбээр хилийн чанад дахь Өвөр Монголын хүний эрхийг хамгаалагчдад дамжуулж чаджээ.

Боржигин Аминбөхийн Лхамжав 1944 онд ӨМӨЗО-ы Хэшигтэн хошууны эртний Барс хотын бууринд төрсөн. Улаан тайжийн удам, Батмөнх даян хааны 17-р үеийн ач үр Боржигин Аминбөхийн 3-р хөвгүүн. “Чингис хааны түмэн хишигтний хойчис” зохиол нь Өвөр Монголд их алдартай. 

А.Лхамжав соёл судлаач бөгөөд, судалгааны номууд бичжээ. Тэрбээр аман зохиол цуглуулахын зэрэгцээ, Соёлын хувьсгалын дурсамж цуглуулсан. 20 жил цуглуулсан дурсамждаа суурилаад, “Хятадын соёлын хувьсгал” номыг бичсэн. Номоо бичихийн тулд хэд хэдэн мотоцикл, нэг машин элээсэн. 500 орчим амьд гэрчтэй уулзсан.

Хятад улс Өвөр Монголд өргөн хүрээтэй геноцид явуулж, хамгийн багаар 27 900 хүний амийг хөнөөж, 346 000 хүнийг хорьж тамласныг өгүүлжээ. Сонссоноо бусад мэдээлэлтэй харьцуулж, шалгаж, баталгаажуулжээ.

А.Лхамжавын номыг Монгол улсад түгээсэн, Монголын иргэн, хүний эрхийг хамгаалагч Г.Ням-Очир, Ч.Мөнхбаяр нар.

Хятадын бүх хэвлэлийн газар олонд хүргэхээс татгалзсан тул, нууц хэвлэн нийтлэгчдийн тусламжтайгаар өөрийн зардлаар хэвлүүлжээ. 2012 онд анх хэвлэгдсэн. Өвөр Монголд дахин хэвлэгдэж, Монгол улсад бас гарсан. Товч аудио хувилбар гарчээ. 

2018.7.11-нд А.Лхамжавыг гэрийн хорионд оруулсан юм. Сая шоронд хорилоо. PEN America байгууллага энэ тухайд: “өмнөд монгол зохиогчийг барьсан нь түүхийн судалгаа бол гэмт хэрэг гэсэн мэт болжээ” гэж  бичсэн. 

Соёлын хувьсгалыг ХКН олон жилийн өмнө яллан буруушааж, олон хятад иргэн илчлэн ном бичсэн. Тэднийг бол шийтгээгүй. Монгол хүн бол тэр тухай ярьж болдоггүй. Судлаач Огоонус Цогт Японы иргэн болж байж ял зэмгүй бичсэн. Өндөр настан А.Лхамжав хүнд ял сонсон шоронд хоригдлоо.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*