ӨМИХ G20-ЫН ҮЕЭР ИДЭВХТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

Японы Осака хотноо болсон G20 буюу Их 20-ын уулзалтын үеэр тэдгээр улсуудын удирдагчдын болон, даян дэлхийн олон нийтийн анхаарлыг БНХАУ дахь дарлагдсан цөөнхи уугуул ард түмнүүдийн амин чухал асуудлуудад хандуулах нь нэн их ач холбогдолтой байлаа.

Осакад 26-ны өдөр болсон хотын ард иргэдийн С20 буюу Сити-20 гэх уулзалтанд G20-ийг угтан, Өмнөд Монголын Их Хуралдай (ӨМИХ)-н Байнгын зөвлөлийн гишүүн Арцаа, Өлзийдэлгэр нар оролцон, Өмнөд Монголын байгаль орчинд тулгарч буй хуурайшилт, цөлжилт, бохирдол зэрэг асуудлыг таниулан ярилаа.

28-ны өглөө Токио хотод, Япон дахи гадаадын сэтгүүлчдийн клүбэд (Foreign Correspondents’ Club of Japan, FCCJ) ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт Шобцууд, Хонконгийн тусгаар тогтнолын намын дарга Чан Хотин, Хятадын ардчилсан хөдөлгөөний идэвхтэн Ван Дай нар хэвлэлийн хурал хийлээ. Тэмцэлт дарга хурлыг хөтлөн явуулав.

Тэрбээр хэлэхдээ: 

“Хятадын колоничлол бол өнөөгийн дэлхий дахины асар их санаа зовон анхаарал хандуулах ёстой асуудал юм. Өнгөрсөн зуунд дэлхий дахин их гүрнүүдийн колоничлолын системийг яаж шүүмжлэн нурааж байлаа, яг түүн шиг өнөөдөр энэ шившигтэй колоничлолын системд хандах ёстой. 

Өмнөд Монголд энэ колоничлол хэмжээлшгүй хөнөөл гамшигтайгаар, харгис хэрцгий хэрэгжиж ирлээ. Хүний эрх өмнөд монголчуудын хувьд байхгүйтэй адил байна. Ийм аймшигт дарлалд дэлхий нийт яаж анхаарал хандуулахгүй байж болох билээ. 

Монгол сургууль цэцэрлэгийг хааж, эх монгол хэл соёлоо хүүхэд наснаасаа эзэмшин өсөх боломжийг үгүй болгож байна. Энэ бол үндэстнийг устгах эрмэлзлийн хэрэгжилт мөн. Уугуул ард түмний амьжиргааны нэгэн үндэс болсон ашигт малтмалыг цөлмөн дээрэмдэгч уул уурхай, хортой үйлдвэр аж ахуй байгаль орчныг нэн бохирдуулж, доройтуулж бэлчээр нутгийг сөнөөж байна. 

Мөн малаа бэлчээхийг шууд харгисаар хорьж, хэрцгийгээр хэрэгжүүлдэг. Бэлчээсэн бол малыг нь барьж хорьдог, эсвэл алдаг, малчныг хатуу шийтгэдэг. Хавраас зун хүртэл 4 сарын хугацаанд бэлчээхийг хориход малчид хашаанд малаа тэжээх гэж аргаа барж байна. Ингэж ажил орлоготой байх аргагүй болгож байна. Хүн мал аль аль нь торонд, хашаанд хоригдох боллоо. 

Өмнөд монголчуудын түүхийг гуйвуулж, худал болгон зохиож байна. Түүх нь үгүй болбол ард түмэн язгуураа мэдэхээ болино. Үндэстнийг устгах бас нэг арга юм. 

Өнөөдөр Уйгур, Түвдэд уугуул үндэстний хүмүүсийг сая саяар нь концлагерьт хийж хятадчилан уусгаж, боолчлон мөлжиж, тамлан зовоож байна. Энэ концлагериуд улам их нутаг хүрээг эзэлж байна. Өмнөд монголчууд Соёлын их хувьсгал, Өвөр ардын намыг малтах хөдөлгөөний үеэр бас үй олноороо концлагерьт хоригдож, алуулж тамлуулж, зүйл бүрээр харгислуулж байлаа. Энэ түүх бидний хувьд давтагдаж магадгүй боллоо. Өмнөд Монгол мартагдсан асуудал болж болохгүй шүү! 

Хятад улс концлагерийн орон болж байгааг дэлхий нийт эсэргүүцээч ээ! Өмнөд Монгол, Түвд, Шинжаан дахи колоничлолыг таслан зогсоогооч ээ! Их 20-ын удирдагчид энэ бүхнийг анхааран ажиллаач ээ!” гэлээ. 

Токиод үндэсний эрх чөлөөний хэвлэлийн хурал болж байна. Голын гурван хүн зүүн гараас: Ван Дай, Тэмцэлт, Чан Хотин.

Хонконгийн тусгаар тогтнолын намын дарга Чан Хотин: “Хонконг бол Хятад биш ээ. Гуандун ард түмнээс язгууртай хонконгчууд бид бие даасан түүх соёл, эдийн засаг, улс төртэй улс түмэн билээ. Бид тусгаар тогтнох бүрэн эрхтэй. Гэтэл БНХАУ биднийг колоничлох харгис түрэмгий бодлогыг баримталж байна. Үүнийг хонконгчууд бид сөрж, 2014 онд Шүхрийн хувьсгал, 2019 онд Ялтан сэжигтэн шилжүүлэхийг эсэргүүцсэн бүх нийтийн эсэргүүцэл өрнүүлж, ялалтанд хүрсэн. Гэхдээ ардчилсан соёл иргэншилт улсуудын гэр бүлийн гишүүн Хонконгийг БНХАУ боолчлохыг чармайсаар байна. Үүнд Их 20-ын удирдагчид, дэлхий нийт анхаарлаа хандуулж, Хонконгийг авран хамгаалаач ээ!” гэлээ. 

Хятадын ардчилсан хөдөлгөөний идэвхтэн Ван Дай: “Хятад улсыг ардчилал л аварна. Хятадын ардчилал мандан бадрах нь зөвхөн Хятадын төдийгүй, бүх дэлхийн олон чухал асуудлыг шийдвэрлэх юм. Хятадын цөөнх үндэстнүүдийн эзэн мэдэх эрхийг ч ардчилал л хангах болно. Тэгэхээр Их 20-ын удирдагчид, дэлхий нийт Хятадын ардчиллыг тал бүрээр дэмжээч ээ!” гэлээ.

Энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулахад ӨМИХ-ын тэргүүн Тэмцэлт Шобцууд их үүрэг гүйцэтгэсэн. Хонконгийн тусгаар тогтнолын намын дарга Чан Хотиныг гэхэд л тэрбээр Токиод урьж ирүүлсэн юм. Хэвлэлийн хурал дээр БНХАУ-ын ЭСЯ аанай л оюутнуудаар үймүүлүүлэх ажлыг зохион байгуулав. Тэдэнд урдхиас 2 дахин их мөнгө төлсөн гэнэ.

Осакад 6-р сарын 28-нд болсон үндэсний эрх чөлөөний хуралд. Баруун гараас: БДУК-ийн тэргүүн Рабия Кадир, ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт, ӨМИХ-н Байнгын зөвлөлийн гишүүн Жаргал.

Осака хотноо 6-р сарын 28-ны үдээс хойш Тэмцэлт гуай зэрэг хүмүүсийн зохион байгуулалцсан Номхон далай-Энэтхэгийн далайн эрх чөлөөний холбооны хурал боллоо. Газар газрын үндэсний эрх чөлөө, хүний эрхийн 18 ТББ-ын төлөөлөгчид оролцлоо. Тэмцэлт гуай хурлыг даргалан хөтөлж явууллаа. Энэ хуралд Бүх дэлхийн уйгуруудын конгрессийн (БДУК) тэргүүн, бөмбөрцөг даяар алдартай хүний эрхийн төлөө тэмцэгч Рабия Кадир тэргүүлэгчээр оролцсон нь онцлогтой байлаа. Тэрээр концлагерийн хоригдол – ард түмэн болж хувирсан уйгуруудын гашуун зовлон, хязгааргүй эмгэнэлийн тухай ярьж, уйгур түмнийг дэмжиж туслахыг уриаллаа.

Осака хотноо 6-р сарын 29-ний өглөө G20-д хандсан хүний эрхийн том чуулган боллоо. Энд Өмнөд Монгол, Уйгур, Түвд, Хонконг, Тайвань таван газрын болон Хонконгийн таван их сургуулийн төлөөлөгч тэргүүлэгч болж оролцлоо. Тайваньчууд БНХАУ-ын байнгын дарамт заналхийлэл дор оршдог тул үүнийг эсэргүүцэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өрнүүлдэг билээ.

Осакад 6-р сарын 29-нд болсон хүний эрхийн том чуулган.

Энэхүү хурлын дараа тус 6-р сарын 29-ний өдөр Осакад БНХАУ-ын нам засагт дарлагдсан ард түмнүүдийг дэмжих 800 хүн оролцсон “Хятадын дарлалыг зогсооё!” сүрт жагсаал боллоо. Жагсаалд ӨМИХ-н тэргүүн, гишүүд, БДУК-ийн тэргүүн, гишүүд, Түвд, Хонконг, Тайваний ТББ-уудынхан гол үүрэгтэй оролцлоо. Жагсаалд “Японы зүрх сэтгэл” намын Фукуока хотын салбарын дарга Хидетоши Ишии тэргүүтэй Японы олон иргэн, мөн АНУ, БНСУ-ын иргэд дэмжин оролцлоо. 

“Хятадын дарлалыг зогсооё!” сүрт жагсаал Японд болон олон улсын хүрээнд багагүй анхаарлыг татжээ. Японы хэвлэл мэдээллээр хангалттай мэдээлж, нэгэн ТВ жагсаалын тухай мэдээг Трампын тухай мэдээний өмнө оруулан олонд хүргэжээ. 

Ийнхүү G20-ын үеэр ӨМИХ идэвхтэй үйл ажиллагаа явууллаа.

ӨМИХ-н гишүүд “Хятадын дарлалыг зогсооё!” сүрт жагсаалд. Осака. 
Зүүн гараас: Хонконгийн тусгаар тогтнолын намын дарга Чан Хотин, Бүх дэлхийн уйгуруудын конгрессийн тэргүүн Рабия Кадир,  ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт Шобцууд, “Японы зүрх сэтгэл” намын Фукуока хотын салбарын дарга Хидетоши Ишии. 
“Хятадын дарлалыг зогсооё!” сүрт жагсаал. 
Сүрт жагсаал Японы ТВ-ээр. Зүүн гараас: Уйгурын тэмцэгч Хажи Күтлүк, дээр дурдсан Хидетоши Ишии, Рабия Кадир, Чан Хотин, Тэмцэлт Шобцууд. Японы сэтгүүлч тайлбарлан ярьж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*