СУРАГ ЧИМЭЭГҮЙ БОЛСОН ТЭМЦЭГЧ ЯНЖИНДУЛАМ ГЭРИЙН ХОРИОНД ОРСОН БАЙЖЭЭ

Удтал сураг ажиггүй болсон малчин Янжиндулам олон нийтэд мэдээлэл хийлээ:

-Би хүний нэр дээр WeChat нээгээд энэ бичлэгийг хийж дамжуулж байна. Энэ жил миний WeChat –ыг 3 удаа хаасан. Сүүлийн удаад 2 сар илүү хаагаад нээгээгүй байна. Хэшигтний нуга газрыг хамгаалах тэмцэлд оролцсоноос хойш өдөр шөнөгүй цагдаа нар дагах, хянах боллоо. Манай гэрийн хавьд байнга хэдэн машинтай 10 гаруй цагдаа харгалздаг болсон. Байрны үүдэнд нэг цагдаагийн машиныг тулгаад тавьчихсан байгаа. 2-3 цагаар ээлжлээд солигдоод байх шиг байна.

5-р сарын 11-нд Газар шороогоо хамгаалах тэмцэл хийх гэхэд цагдаа нар саад хийгээд хийлгээгүй. Миний байдал маш хүнд болоод байна. Гадагшаа явахаар цагдаа нар дагаад явдаг. Цагдаагийн товчоон дээр очоод, “Юу хийлээ гэж намайг ийм хүнд байдалд оруулав?” гэхээр “Чи юу хийснээ мэднэ”гэдэг.

Тийм ээ, би юу хийснээ мэднэ. Тав зургаан жил малчдынхаа эрх ашгийг хамгаалах, нутаг бэлчээрээ хамгаалахад оролцлоо. Хууль ёсыг сахиулахын төлөө л би тэмцсэн. 

Зөвхөн намайг гэрийн хорио шиг байдалд оруулаад зогсохгүй, гэр бүлийн хүмүүст минь халдаж байна. Жаахан охиныг минь хянаж дарамталж байна. Хөх хотоос Шилийн гол руу явах гээд онгоцны өртөөнд оронгуут олон үзлэг шалгалт хийж, байцааж шалгаажээ. Янжиндулам юу хийж байна, юу ярьж байна, юу бодож байна гэж асуужээ. Охин минь бачимдаад уйлжээ, бага юм чинь. 

Дундад улсад хүний эрх гэж байдаг бол олмоор байна. Ичих нүүргүй илээр дарангуйлж байна. Цагдаан товчоонд очиж “Би ял хийгээгүй бол Бээжинд очиж эрхээ сэргээхийн төлөө заргалдна” гэхэд “Чамайг явуулахгүй” гэж байна” гэж тэрбээр ярилаа.

Ийнхүү Өмнөд Монголын малчдын дундаас тодорсон манлай тэмцэгч Янжиндулам чимээ аниргүй болсны учир тайлагдлаа. 2019 оны гурав, дөрөвдүгээр сард ӨМӨЗО-ы Улаанхад (Чифэн) хотын Хэшигтэн хошуунд малчдын нутаг бэлчээрээ хамгаалах, энэ тэмцэлд оролцоод хоригдсон зохиолч О.Сэцэнбаатарыг суллуулах эсэргүүцэл өрнөж, түүнд хатагтай Янжиндулам идэвхтэй оролцсон. Харин түүнээс хойш тэрбээр чимээ сураггүй болоод байсан билээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*