ХОНКОНГЧУУД ТЭМЦЭХ БОЛНО, МОНГОЛЧУУД ДЭМЖИХ БОЛНО

9-р сарын 7 Хонконгийн шударга тэмцлийг дэмжих олон улсын өдөр байв. 

Өмнөд Монголын Их Хуралдайн (ӨМИХ) гишүүд үүнд нэгдлээ. Токио хотын Шинжүкүд болсон жагсаал цуглаанд идэвхтэй оролцлоо. Улаанбаатар, Нью-Йоркод гудамж талбайгаар явж, ухуулга хийлээ. 

Токиод болсон “9-р сарын 7. Хонконгод эрх чөлөө!” олон улсын цуглаанд ӨМИХ-н дэд тэргүүн Жаргал, ЕНБД Дайчин тэргүүтэй ӨМИХ-н гишүүд оролцохдоо шийдэмгий байр сууриа илэрхийллээ. Ноён Дайчин үг хэлэхдээ:

“Өнөөдөр Өмнөд Монгол, Уйгур, Түвд, Тайвань, Хонконгийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн (ҮЭЧХ)-ийхөн болон япон ахан дүүс бид хамтдаа жагсаал цуглаан хийж байна. 

Азид эрх чөлөө хэрэгтэй!  БНХАУ дахи хүний эрхийг зөрчих харис хэрцгий явдлыг үл хүлцэн эсэргүүцье! Хонконгийн залуу журмын нөхөд болон Хонконгийн ард түмний шударга тэмцлийг дэмжиж байгаагаа энэ завшааныг ашиглан хэлье! Хонконгийн ард түмнийг гүн хүндэтгэж байгаагаа илэрхийлье! Хонконгчууд аугаа ард түмэн юм аа! 

Ялтан сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэнээр эхэлсэн хонконгийн ард түмний тэмцэл бүх дэлхийн бахдлыг төрүүлж байна. Өмнөд Монголын уугуул ард түмний төлөөлөл бид Хятадын харгис хэрцгий колоничлолын эсрэг боссон Хонконгийн ахан дүүсээрээ бахдаж байна. 

Эрх чөлөө Хонконгийн эрэлхэг баатарлаг ард түмэнд харьяалагдах ёстой, эрх чөлөө бүх дарлагдсан үндэстнүүд, ард түмнүүдэд байх ёстой. Улс орон тусгаар тогтносон байх ёстой, үндэстэн чөлөөлөгдсөн байх ёстой, ард олон хувьсгалч байх ёстой. Энэ бол буцаан эргүүлж болшгүй түүхэн хандлага юм. Буцах зам үгүй. 

Хонконг цаашид эрх чөлөө, чөлөөлөлтийн замаар явах ёстой. Эрх чөлөөт Хонконг мандан бадраг! Эрх чөлөөт Өмнөд Монгол мандан бадраг!” гэлээ.

Хонконгийн тэмцэгчдийн нэгэн шаардлагыг засаг хүлээн авсан. Үүнийг тэмцэгчид: “Дэндүү хоцорсон, дэндүү бага, дэндүү хуурмаг” гэж дүгнэжээ. Хонконгийн ардчиллыг хамгаалах бусад шаардлагыг хүлээн автал хатуу тэмцнэ гэдгээ залуус голдуу тэмцэгчид илэрхийлж, Хонконгийн цагдаагийн харгислал, Хятадын армийн заналхийллийг үл тоон хойчийн тэмцлээ үргэлжлүүлэх хүсэл зориг төгс байна.

“Хонконгод эрх чөлөө!” жагсаалын үеэр. Токиод.
Өмнөд Монголын Их Хуралдайн ЕНБД Олхонууд Дайчин цуглаан дээр үг хэлж байна. Зургийн баруун гарт хуралдайн дэд тэргүүн Жаргал, зүүн гарт Японы идэвхтэн Фумиэ Фурукава.
Улаанбаатарт.
Нью-Йоркод.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*