АР БА ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ҮЭЧХ-ИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА-1

Монгол улсын “Цогт тайж” (1945) уран сайхны кинонд Цогт тайжийн сүүлчийн тулалдааныг үзүүлсэн нь.

Лигдэн хаан.

БНХАУ оршиж буй нутаг дэвсгэрт уугуулаар аж төрж ирсэн монголчууд болон тэднээс гарвальтай монголчуудыг өмнөд монголчууд гэж нэрлэх нь ҮЭЧХ-ийнхэнд түгээмэл болжээ. Мөн тэднийг өмнөд биш, өвөр гэж байя гэх санал байдаг бололтой.

Юань улс буюу Язгуурын гүрэн мөхсөний дараа Цагаан хэрэмээс умардхи нутаг дахь монголчууд Баруун буюу Дөрвөн Ойрад, Зүүн хоёр болон хуваагдав. Зүүн Монгол дотроо Баруун, Зүүн хоёр гарт хуваагджээ. Халх, Цахар, Урианхай гурав буюу Зүүн гарыг хаан, Түмэд, Ордос, Юншээбүү гурав буюу Баруун гарыг жонон захирч байлаа.

1504 онд Батмөнх Даян хаан өөд болсны хойно улс орон 12 хөвүүнд хуваагдан өвлөгджээ. Ар Халх буюу одоогийн Монгол орны дийлэнхи хэсэг отгон хүү Гэрсэнзэд очиж, Өвөр Халх (баарин, баягуд, жарууд, үжээд, хонгирад) болон, бусад Зүүн Монголын ихэнхи хэсэг хожим Өвөр Монгол гэгдэн бүрэлджээ. 17-р зуунд Өвөр Монгол, Халх, Баруун Монгол гэх улс төрийн том хуваагдал бүрэн төлөвшсөн гэдэг бол тэр үед зүрчид нэгдэж нягтран, Айшин гүрүн буюу Алтан улсаа ахин байгуулах үйл явц өрнөжээ.

Цахарын Лигдэн (1588–1634) 1604-1634 онд Монголын хаан хэмээн засаглаж, үнэндээ тэр үед монгол ноёд туйлын тархай бутархай, бие даан тус тусдаа нутгаа мэдэн сууж байв. Лигдэн бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж, эвээр ноёдыг нэгтгэхийг хичээсэн боловч санасандаа хүрээгүй. Зүрчин нарын шинэ удирдагч Нурхачи (1559—1626) Лигдэнд Мин улстай хамтран тэмцэхийг санал болгож байв. Лигдэн хаан түүнд: “Мин хийгээд бидний хоёр улс дайсан улсууд бүлгээ. Монгол улс эртнээс Мин улстай өшөөтэй болохоос Зөрчид нартай өшөө атаа үгүй. Бид тасарсан элчин харилцаагаа сэргээх буй за” гэжээ. Гэхдээ Лигдэн хаан нь Мин улсын хил хязгаарыг хамгаалан шан хүртдэг байсан, Минд халдвал номхотгоно гэж Нурхачид сануулдаг, харин үүнд өвөр монгол ноёд дургүй байв. Тэд харин зүрчидтэй хүч хавсарч, шинэ гүрэн байгуулах санаа өвөрлөдөг байлаа.

Лигдэн хааныханд цэрэг нь удаа дараалан ялагдсаны дараа Нурхачи баатар монгол аймгуудтай ингэж байлдаад амжилт олохгүйгээ мэдэж, зөөлөн аргад шилжсэн юм. Тэр Мин улстай байлдахад хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон монгол аймгуудтай илт дайсагнахаа больж, ар талын аюулгүй байдлаа хангахад анхаарч эхэлжээ. 1618 онд Нурхачийн 20 мянган цэрэг Ляодунд цөмрөн оров. Мин улс Лигдэн хаантай цэргийн холбоотны гэрээ байгуулж, Мин улсаас авах шан харамж 4 000 лан мөнгө байсныг 20 000 болгожээ. Лигдэн хааны энэ үйл ажиллагааг Өвөр Монголын бүх ноёд дургүйцэн хүлээн авч, Нурхачи баатрыг түших болжээ.

Лигдэн хааны бодлогыг эсэргүүцсэн үзэмчин, сөнид, хуучид, авга нар говийг гаталж, Халхын Сэцэн хан Шолойн нутагт нүүж ирэв. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж, 40 000 цэргийг нь бут цохиход оролцжээ. Үүнийг Халхын ноёд дэмжиж байв. Лигдэнгээс бусад нь бараг бүгдээрээ Мин улсыг л аюулт дайсан гэж үзэж байлаа. Үүнийг ҮЭЧХ-ий нэг илрэл гэж үзэж болох мэт.

Лигдэн хаан хэд хэдэн ялагдлын дараа, 1634 онд Хөх нуур руу цэрэг, албатуудтайгаа нүүдэллэн явахад олон нь зам зуур үлдэж хоцорч байжээ. Тэрбээр Монголын хааны хувьд Монголын ноёдод Хөх нуурт цэрэгтэйгээ ирж, хүчээ нэгтгэн хурахыг зарлигджээ. Хөх нуурт суурьшин бэхжээд, улааны шашинт түвдүүдтэй хүч хавсран, Манжтай болон, Манжийн дэмжлэгийг хүлээсэн шарын шашны Далай лам, Банчин богд нартай үзэлцэж, улмаар бүх Монголоо нэгтгэх зорилгыг тэр өвөрлөжээ. Лигдэн хутагт хаан аян замдаа Шар тал гэдэг газар цэцэг өвчинөөр өвдөж насан эцэслэжээ.

1636 онд Өвөр Монгол Нурхачийн хүү Амбагай (1592 — 1643) хаанд захирагдав. Амбагай хаан гүрнээ хятадаар Да Жин буюу Их Алтан байсныг Да Чин буюу Их Ариун болгон өөрчилж нэрлэсэн байна. Тэрбээр үндэстнээ мөн зүрчин байсныг манж болгож нэрлэсэн нэгэн. Өвөр монгол ноёд Дайчин гүрний байлдан дагуулалд идэвхийлэн оролцож, Юань гүрний хойчийг байгуулалцав гэх итгэл үнэмшилтэй явжээ. Чин гүрэн бол манж монголчууд хамтран байгуулсан улс юм.

Халхын ноёдын дундаас Цогт тайж (1581-1636) ойрын садан Лигдэнгээ болон төрийн шашин улааны урсгалыг дэмжиж байв. Үүнээс болж хавчигдан, Түмэнхэн ноёнд цохиулж, Халхаас гарч явжээ. Монголчуудын бутралыг засах эрхэм зорилготой Түмэн засагт хаан 1576 онд Түвдийн улааны шашин буюу уламжлалт шүтлэгийн Гармаа ламыг Монголд авчирч багш шавь барилдан, шашны тугийн дор нэгтгэх ажил зохиож байсан байдаг. Гэтэл Түмэдийн Алтан хан 1577 онд Түвдийн лам Содномжамцыг залж, шинэчлэгч шарын шашныг дэлгэрүүлжээ. Ийнхүү шашны хагарал буй болсон. Хааны зүгээс үзэхэд, шарын шашинтнууд нь хааны залсан улсын шашин улааны урсгалыг дагаагүй эсэргүүнүүд байв. Манж нар энэ хагарлыг дэвэргэж, шарын шашныг дэмжиж байлаа. Тэгвэл түвдийн лам нар, ноёд олон зуун жил монголчуудад ноёрхогдон ирсэндээ өсөрхөж, монголчуудыг бутаргах, сулруулах бодлогыг удтал баримталж байв. Тиймээс монголчуудын эв нэгдэлд саад болсон гэж үзсэн шарын шашинд цохилт өгч, улмаар монголчуудын хүчийг зангидан, Манжийг сөрж ялах, урьдын Монголын сүр хүчийг сэргээхийг Лигдэн хаан, Цогт тайж нар зорьж байжээ.

Цогт тайж 1632 оны орчим Хөхнуурт ирж, Түмэдийн Алтан ханы ач Хулачийн нутгийг эзлээд тэндээ бэхжжээ. Цогт дөрвөн түмэн морьт цэрэгтэй, нийтдээ 100 мянга орчим хүн дагуулж Халхаас гарчээ гэдэг. Тэгвэл Далай лам ойрадуудаас тусламж хүссэний дагуу Хошуудын ноён Төрбайх (1582 – 1654) 100 мянган хүн дагуулан ирэв. Ойрадууд энд Цогтын цэрэгтэй бүх ойрадын хүчийг цуглуулан байлдах, Түвдийг эзэлж захиргаандаа оруулах бэлтгэл хийж эхлэв. Халх ноёдын цэрэг ч Цогттой байлдахаар ирсэн гэдэг.

Цогт тайж өөрийн хүү Арслан тайж нарыг Түвдийн Үй, Цанг эзэл гэж илгээсэн ч, Далай ламын аргад автан урвасан харамсалтай явдал боллоо. Арслан тайж Цогт тайжийн зарлигаар цаазлуулав.

Ойрадын Хошууд аймгаас Төрбайх баатар, Дүүрэгч ноён, Чорос аймгаас Эрдэнэбаатар хунтайж, Мэргэн дайчин, Торгууд аймгаас Хоо өрлөг, Мэргэн жонон тайш, Мэргэн Тэвнэ ноён,Бумба Илдэн, Хойд аймгаас Сүлдэн тайш, Сүмэр тайш, Дөрвөд аймгаас Далай тайш нар цэрэглэн ирж, их хүч бүрдсэнээр Хөх нуурт 1636 онд их алалдаан болов. Цогт тайжийн цэргийг Их , Бага Улаан Хошуу гэдэг газарт бутцохижээ. Цөөн хүчтэй ухарсан Цогтыг нэхэж гүйцэн цохиж, Цогт тайжийг барьж хөнөөжээ.

Гүүш хаанТөрбайх дараагийн он жилүүдэд улааны шашныг үгүй хийх дайн байлдааныг өрнүүлж, Хөх нуурт бэхжиж, 90 орчим жил буюу 1723 он хүртэл тогтсон Хошуудын хаант улсын үндэслэгч болж,Түвдийг эзэлжээ.1720 он хүртэл ойрадууд Түвдийг захирчээ.

Лигдэн хааны цэрэг цэцэг өвчнөөр хиараагүй, Арслан тайж урваагүй бол үйл явдал ямраар ч өрнөж болох байсан хийгээд, Лигдэн, Цогт хоёр ялна л гэж тооцоолж явсан нь лавтай. Сүүлийн үед, тэд улааны шашныг хамгаалах гэж л байлдсан гэх болсон нь тун эргэлзээтэй. Тийм л юм бол илүү хүчтэй байхдаа яагаад улааны шашны төлөө байлдсангүй вэ? Улсаа алдчихаад, юуны өмнө хэрхэн буцааж авах вэ, хэрхэн манжуудыг цохиж хөөх вэ гэж бодохын оронд, юу гэж гагцхүү улааны шашныг мандуулъя, шарын шашныг сөнөөе гэж явах вэ?

Ийнхүү ар монгол, өмнөд монголчуудын ҮЭЧХ-ий нэгэн хамтын ажиллагаа буюу Лигдэн хаан, Цогт тайж нарын хамтран тэмцнэ гэсэн нь эмгэнэлтэйгээр төгсчээ. Гэвч арван жилийн дараахи бас нэгэн хамтын ажиллагааны тохироо бүрдэж байлаа.

Ч.Мөнхбаяр

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *