МАЛЧИД ХОХИРСООР, БҮХ НИЙТИЙН ТЭМЦЭЛ ТАСРАЛТГҮЙ ӨРНӨСӨӨР…

Алшаагийн малчдын гэр хашааг нурааж байна. 2016 оны 1-р сар.

Өмнөд Монголын малчдын тэмцэл нь бүх нийтийн чанартай гэмээр болсон билээ. Дорхи жишээнүүдээс харцгаая.

ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГЭР ХАШААГАА НУРААЛГАЖ ШАТААЛГАХ ЭМГЭНЭЛ. 2016 он гарангуут, өвлийн хүйтэнд Алшаа Зүүн хошуу, Алшаа Баруун хошуу, Эзнээ хошуунд хятадын төр малчдын гэр хашаа, дэд бүтцийг буулгах өргөн ажиллагаа явуулж, буулгасан зүйлсээ шатаав. Малчид саад хийхийг оролдовч, хүчит техникийн эсрэг яаж ч чадахгүй байгаа нь олонд түгсэн видеонд үзэгднэ. Алшаа хошуунд нутаг бэлчээрээ булаалгаж, мал маллах эрхээ хориулсан малчид цөөнгүй. Тэгвэл ийнхүү орон байрыг нь нураав.

Нурах эрсдэлтэй байшинг нураах, ундны усыг хамгаалах, хөдөө нутгийг суурьшмал болгох, цахилгаан эрчим хүч түгээх, ТВ, радиожуулах, сургуулийн дэд бүтцийг сайжруулах, сургуулийн аюулгүй байдлыг хангах, ариун цэвэр, соёлын стандарт төвүүд байгуулах, супермаркетын сүлжээ үүсгэх, малчдыг тогтмол тэтгэвэртэй болгох зорилготой гэх “10 бүтээн байгуулалтын” буюу түргэн суурьшуулах төслийг хэрэгжүүлэх нэрийн дор малчдыг төрөл бүрээр хохироох болсон.

Түргэн суурьшуулах төсөлд хохирсон айлд нөхөн олговор гэж 1500 доллар нэг удаа л олгох нь энгийн тохиолдол. “Энэ бол бидний соёл уламжлалыг устгах хятадуудын эрс шийдэмгий алхам. Үр дүнд нь монголын ард түмэн устах нь” гэж эндхийн малчин Дамба ярьжээ.

Үүнээс өмнөхөн, 2015 оны 12-р сарын 17-нд Эзнээ хошууны морь тэмээ унасан 100 орчим малчин хошууны төвд ирж, Гансу мужаас хятадууд ирж бэлчээр нутгийг булааж буйг болиулж, гэсгээн цээрлүүлэхийг шаардсан.

Дархан-Муумянган хошууны малчид шударга ёсыг шаардлаа. 2016.1.25.

НӨХӨН ТӨЛБӨРӨӨ ШААРДААД, “САЛАН ТУСГААРЛАГЧ” ГЭЖ БАРИГДАВ. 2016 оны 1-р сарын 25-нд  Дархан-Муумянган хошууны хэдэн арван малчдыг “гадаадын хэвлэл мэдээлийнхэнтэй холбогдсон”, “үндэсний салан тусгаарлах үзэл гаргасан” гэж барьж авч явжээ. Ийм хэрэг гаргавал муу юм болно гэсэн утгатай заналхийллийг олон малчин цагдаагийн газраас утсаар авчээ.

Үүний өмнөхи 7 хоногт, засгаас мал хариулахыг хориглосныхоо нөхөн төлбөрийг өгөхийг шаардан хэдэн арван малчин хошууны засгийн ордны өмнө цуглаан хийсэн юм. Түүний дараа малчид боломжоороо бичлэг, мэдээ түгээсэн. Туяа малчны утсыг шалгаж, салан тусгаарлах байгууллагын гишүүн гэж буруутгахыг оролдсон бөгөөд бусад малчдад ч ингэж ханджээ.

Сүүлийн 6 сар юу ч хэлэлгүйгээр, мал хариулахыг хориглосны нөхөн олговор олгохоо больсон учир малчид эсэргүүцсэн байна. Бид амьдрах ямар ч аргагүй боллоо гэж тэд бухимджээ.

Урад дунд хошууны малчид газар худалдахыг эсэргүүцэв. 2016.2.23.

УРАД ХОШУУНЫХАН ЖАГСААД БАРИВЧЛАГДАВ. 2016 оны 2-р сарын 23-нд Урад дунд хошууны малчид Халиут суурин дахи засгийн ордны өмнө цуглаан хийв. “Түшмэдүүд бэлчээр нутаг булаахыг зогсоо, малчдын эрхийг хамгаал” гэсэн баннер барьжээ.

Орон нутгийн түшмэдүүд уул уурхай зэрэг янз бүрийн шалтаг шалтгаанаар бэлчээр нутаг булаадгаас болж, олон малчин хохирчээ. 2006 оноос тэд, түшмэдүүд хууль бусаар хятадуудад бэлчээр нутгийг зарах, булаагдсан газарт уул уурхай, цэргийн бааз байгуулах, хохиролд таарсан нөхөн төлбөр үл олгох зэргийг эсэргүүцэн тэмцэж иржээ. 2013 оны 11-р сард тэдний төлөөлөгчид Бээжинд очиж, төв ЗГ-т гомдол мэдүүлсэн. Цагдаа нар тэднийг барьж, албадан нутаг буцааж байсан билээ.

ШУДАРГА ҮГ ХЭЛБЭЛ ШУУД ХОРИНО. 2016 оны 3-р сарын 4-нд Урад дунд хошууны Баян Уул сумын малчин Сайшингааг тусгайгийнхан баривчилжээ. Гадаадын хэвлэл байгууллагуудад мэдээлэл өгсөн гэж 15 хоног хорьжээ. Өмнө нь 14 хоногийн дотор хошууны 20 гаруй малчныг бас адил шалтгаанаар баривчилж, хорьсон. 44 настай байсан Сайшингаа орон нутгийн түшмэдүүд хуурамч бичиг баримт үйлдэн, 980 акр малчдын нутаг бэлчээрийг дээрэмдсэнийг эсэргүүцэж иржээ.

3-р сарын 7-нд малчин Мөнх, Туяа нарыг хошууны засгийн ордны өмнө эсэргүүцэл илэрхийлсэн гэж барьж, Мөнхийг 15 хоног хорьсон байна.

2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГ ОЛЧИХООД, ХОХИРООВ ГЭЖ МАЛЧДЫГ ШИЙТГҮҮЛЭВ. 2016 оны 3-р сарын 19-ний өглөө Баруун Үзэмчин хошууны Баянхуа балгасны Сайн-Өндөр гацааны Ганбаатар, Отгонбаатар, Мөнхбаатар, Эрдэнэбаатар, Төвшин, Амармэнд нарыг орон нутгийн амарыг хамгаалах товчооноос барьж, нийгмийн хэв журмыг алдагдуулсан гээд 10 өдөр хорих болжээ.

Энэхүү сарын 6-8-ны өдрүүдэд Сайн-Өндөр гацааны 100 орчим малчин аж үйлдвэрийн Баянхуа бүсийн ойролцоо цуглаж, бэлчээр нутаг, байгаль орчныг бохирдуулж байгааг эсэргүүцжээ. Баянхуа бүсэд 42 корпораци нүүрс, төмөрлиг болон төмөрлиг бус ашигт малтмалын ордуудыг ашиглан, олборлол, баяжуулалт, боловсруулалт, металл хайлуулалт, эрчим хүч үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж, 2 тэрбум орчим долларын ашиг олцгоосон байна.

Бүс нь монгол малчдын 30 000 мү буюу 5000 акр нутаг бэлчээрийг хууль бусаар булааж, хохирлыг барагдуулаагүй ажээ. 3 өдрийн эсэргүүцлийн үеэрээ малчид үйлдвэрлэлээ зогсоо, хорт хог хаягдлаа цэвэрлэж, нөхөн сэргээлт хий гэж шаардлага тавьцгаажээ.

3-р сарын 17-нд Баянхуа хотын засаг малчдыг хүлээн авч уулзаж, бичгээр хариу өгч, анхаарна судлана гэжээ. “Тэд байнга ингэж аргацаадаг, хуурдаг, харин бүсийн хорт хаягдал бидний ажил амьдралыг сүйрүүлсээр байна” гэж малчид хэлдэг. Эсэргүүцлээс хойш удалгүй амрыг хамгаалах товчооноос “Мөнхбаатар нарын малчид уурхай, техникүүдийн үйл ажиллагааг 26-54 цаг  саатуулж, хохирол учруулсан тул хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгджээ. Малчид хошууны засгийн ордны гадна нөхдөө суллуулахыг шаардан, эсэргүүцлийн цуглаан хийжээ.

СҮЛЖЭЭНД ЮМ БИЧИВ ГЭЖ СҮРТЭЙ ШИЙТГЭЖ ХОРЬЖЭЭ. 2016 оны 3-р сарын 21-нд Зүүн Үзэмчин хошууны Бүрдээ, Ачлалт, Баруун Үзэмчин хошууны Энхбатыг “Интернет ашиглан, хууль бус цуглаанд уриалсан” гэж баривчлан, 10 хоног хорьжээ.

3-р сарын 21-нд Шулуун хөх хошууны нэгэн малчин сураггүй алга болжээ. Гэтэл “Су. гэх малчин WeChat ашиглан хууль бус жагсаал цуглаанд уриалсан, эсэргүүцэлд өдөөн хатгасан хэргээ хүлээж, 15 хоногийн баривчлах шийтгэл хүлээлээ” гэж хэвлэлд мэдээлсэн байна.

Урад дунд хошууны малчин хатагтай Одонгэрэл тэр өдөр бас баригдаж, WeChat-д үзэл бодлоо илэрхийлсний төлөө бурууджээ.

Малчдыг барьсан талаар малчин хатагтай Оюунчимэг WeChat-д: “Цагдаа биднийг барих тусам бид улам олуулаа, улам хүчтэй болно. Хэдэн арав, хэдэн зууг хориод ч нэмэргүй. Шударга ёсны төлөө бид үхэн үхтлээ тэмцэх болно” гэж бичжээ.

Жарууд хошууны З00 малчны эсэргүүцлийг 500 цагдаа дарлаа.2016.4.9.

ЗӨВИЙГ ХЭЛСЭН 300 МАЛЧНЫГ 500 ЦАГДАА НУХЧИН ДАРАВ. 2016 оны 4-р сарын 8-ны өглөөний 10 цагт Жарууд хошууны Ар Хөндлөн сумын бүх гацааны төлөөлөл болсон 300 гаруй малчид Хуулинголын хөнгөн цагааны хүдэр боловсруулах үйлдвэр хог хаягдлаараа хүн малын эрүүл мэндийг муутгаж, байгаль орчныг бохирдуулж буйг эсэргүүцэв. Тэд “Хуулинголын хүдэр боловсруулах үйлдвэр бидний амьдрах эрхийг хязгаарлаж байна!” гэсэн лоозонг барьсаар үйлдвэр лүү жагсан очиход 500 үймээний цагдаа тэдэн рүү довтлон хүчээр тараажээ. 20 малчныг зодож, баривчилжээ. Зураг бичлэг хийсэн малчдын гар утсуудыг хураасан байна.

Хонь ямаа үйлдвэрлэлийн гаралтай бохирдлоос болж олноороо эндэх болсон байна. Малчин Насан-Өлзий энэ жил бид 30 хонь зүй бусаар эндэгдүүлж алдлаа, зүй бусаар хорогдсон төлийн бол тоог алдсан, малын шүд урт ургаж гаждаг гэв. 2012 онд Хятадын хэвлэлд “Ус, хөрс, ургамал, ясанд фтор хэт их болсон нь Жарууд хошууны Ар Хөндлөн суманд мал олноор эндэж буйн шалтгаан байж болох юм” гэсэн байдаг. Малчдын шүд ч гажих болжээ.

ГАХАЙ ХЭРЭГТЭЙ, МОНГОЛ МАЛЧИД ХЭРЭГГҮЙ БОЛЖЭЭ. 2016 оны 10-р сарын 21-ний өдөр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсныхаа дараа Онниуд хошууны Хайлаас балгасын Сандаг гацааны 100 гаруй малчин COFCO Group (Хятадын үндэсний үр тариа, тос, хүнсний корпораци)-ийн барилгын талбайн дэргэд цуглаж, монгол малчдын их хэмжээний нутаг бэлчээрийг хууль бусаар булааж авсан COFCO Group-ийн гахайн фермийн төслийн ажлыг зогсоохыг Хятадын ЗГ-т шаардлаа.

Тэд: “Өвөг дээдсийн минь үлдээж өгсөн газар нутгаа бид үр хойчдоо өвлүүлэх ёстой!”, “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй!” гэсэн баннерууд барьж, “Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг!” гэж ам нийлүүлэн хашгирч байлаа.

1950-иад оноос Онниуд хошууны засаг Сандаг гацааны малчдаас 1859,63 гектар шилдэг бэлчээр нутгийг булаан авсан, 2014 онд Хайлаас балгасны захиргаа малчдад хэлэлгүйгээр КОФКО грүппэд бэлчээр нутгаас нь зарсан, үүнээс болж олон зөрчилдөөн сөргөлдөөн гарсан гэж хохирсон малчид мэдэгдэлдээ бичжээ. КОФКО нь булаагдсан бэлчээр нутагт “Сая гахай өсгөх технологийн загвар бүс байгуулах төсөл” хэрэгжүүлж эхэлсэн аж.

“Шандун мужаас шахагдсан муу нэртэй КОФКО-г эсэргүүцэхэд Онниуд хошууны бүх малчид эвлэлдэн нэгдэгтүн!” гэж тус хошууны малчин Тунгалаг WeChat-д уриалжээ. 2016 оны 10-р сарын 17-нд 200 малчин КОФКО-гийн ойролцоо цуглаж, зам хаасан юм. Тэгэхэд 400 үймээний цагдаа ирж, эсэргүүцлийг харгислан дарж, олон малчныг зодож нүдэж, 3 малчныг барьж саатуулсан.

Улаанхад хотын Синчэн дүүргийн монгол эцэг эхчүүд монгол цэцэрлэгийн төлөө. 2016.11.5

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ХАРГИС БОДЛОГЫН ЗОЛИОС БОЛОХ УЧИРГҮЙ. 2016. 11.5-нд  Улаанхад (Чифэн) хотод монгол эцэг эхчүүд цуврал эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ нь хотын 2 монгол цэцэрлэгийг даргаар хятад хүнийг томилсноос үүджээ. Саяхан тэр цэцэрлэгүүдэд монгол хэл заахыг хориглосон шийдвэр гарсан. Энэ бүхэн нь эцэг эхчүүдийг үндэсний бодлогыг шүүмжлэхэд хүргэжээ.

Хотын боловсролын газрын дарга Хан Лижоны “6-р сарын 1” монгол цэцэрлэгт томилсон цэцэрлэгийн дарга Дай Шяоли монгол хэл заахыг хорьсон бол, орлогч Лю Шяоли офисод багш нар монгол хэлээр ярихыг хорьсон шийдвэр гаргажээ. Синьчэний монгол цэцэрлэгт бас зөрчил гарчээ. Эцэг эхчүүд эсэргүүцлийн бичигтээ хятадын шовинизм, үндэсний дискриминаци, харгис колоничлол илэрч байна гэжээ. “Энэ газар нутгийн хууль ёсны эзэн бидний эх хэлээрээ ярих эрхийг боогдуулж, хятадаар ярих тулгалтыг үг дуугүй дагахыг шаардаж байгаа нь этнотерроризмын нэг хэлбэр юм. Өнгөрсөн түүхэнд колоничлогч-булаан эзлэгчид  хүн төрөлхтний эсрэг ийм үзэн ядах үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл бид ийм үйл ажиллагааг үзэн ядах нь зүйн хэрэг юм” гэж бичжээ.

Тэмцэгч Хадаа “Өмнөд Монголын гарц” өгүүлэлдээ бичсэнээр бол, Хөх хотод 210 000 монгол хүн амьдарч байна. Тэгвэл Хөх хотын хоёр бага монгол сургуульд 3000 сурагч л байх боломжтой. 1980-аад оны эхээр ӨМӨЗО-нд  110 000 хүүхэд монгол бага сургуулиудад сурч байсан бол, одоо 19 000 болжээ.

You may also like...

1 Response

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *