ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ЭХ ХЭЛЭЭ ӨМГӨӨЛЛӨӨ

Хоёрдугаар сарын 21 буюу Олон улсын эх хэлний өдөр Япон, Швед, Монгол улсуудад Өвөр Монголчуудын эх хэлний эрхийг өмгөөлсөн эсэргүүцлийн арга хэмжээнүүд өрнөлөө.


Японы Токио, Осака, Нагоя хотуудад Хятадын ЭСЯ, консулын газруудын өмнө эсэргүүцлийн цуглаан болж, уг газруудад мэдэгдэл хүргүүлсэн юм. “Дэлхийн монголчуудын холбоо”, “Өмнөд Монголын их хуралдай” ТББ-ууд Япон дахь үйл ажиллагааг зохион байгууллаа.


Осака дахи БНХАУ-ын Консулын газрын дэргэдхи цуглаанд оролцогсод:


-БНХАУ НҮБ-ын Байнгын зөвлөлийн гишүүний хувьд олон улсын хууль дүрмийг хамгаас илүү чандлан сахих ёстой. Гэтэл Өмнөд Монголд соёлын хядлага хийж байна. Монгол хэлийг сургууль соёл, нийгмээс арчиж байна. Өвөр Монголын сурган хүмүүжлийн тэнхимээс монгол хэлээр хичээллэхийг хятад хэлээр хичээллэдэг болгоно гэж саяхан дахин зарлажээ. Хятадын Үндсэн хуулинд бүх хэл эрх тэгш байна гэсэн байдаг нь зөрчигдөж байна. Энэ бүхнийг Өвөр Монголд 30 түмэн хүн эсэргүүцэн боссон. Тэр тэмцлийг хүчирхийллээр дарангуйлан дарсан. Үндэстний оюун санаа, амин сүнс нь эх хэлээр илрэнэ. Өмнөд монгол нутгийн ахан дүүсээ оюуны хядлагаас өмгөөлөн тэмцэцгээе.


Бид бүхэн БНХАУ-ын төр засагт хандаж:


-1-рт, Соёлын хядлагаа зогсоож, урьдны монгол хэлээрхи сургалтыг сэргээж, соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөр гэж хатуу шаардаж байна!


-2-рт, Өмнөд Монголд хятадууд нүүдэллэн ирэхийг зогсоож, малчдын булаагдсан бэлчээр нутгийг буцааж өгч, хуулинд заагдсан өөртөө засах эрхийг бүрэн эдлүүлэхийг хатуу шаардаж байна!


-3-рт, Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу эх хэлээ хамгаалсныхаа төлөө хууль бусаар хоригдож байгаа хүмүүсийг бүгдийг нь суллахыг хатуу шаардаж байна!


Даян дэлхийн шударга бүхэнд хандаж:


-Хятадын үйлдэж буй геноцидийг хүлээн хүлээн зөвшөөрч, түүнийг эсэргүүцэн тэмцэж, БНХАУ зөв шийдэлд хүрэхгүй бол Бээжин-2022 олимпийн тоглолтыг таслан зогсоохыг уриалж байна! гэсэн мэдэгдэл бичгээ монгол, япон хэлээр чангаар уншлаа.


2-р сарын 20-нд “Санкэй Шимбун” сонины тэргүүн нүүрэнд Японы парламентад Өвөр Монголын лобби байгуулагдах гэж байгаа тухай мэдээ гарсан билээ. Японы парламентчид энэ тухайгаа мэдэгдэн, өвөр монголын тэмцэгчидтэй эв санааны нэгдлээ илэрхийлэн дэмжсэн юм. Ёшиаки Харада, Хироши Уэно, Такаши Нагао, Хироши Ямада, Мио Сугата зэрэг парламентчид өмнөд монголчуудыг дэмждэг билээ.


“Швед дэх Монгол соёлын холбоо” ТББ Стокгольм хотноо Хятадын элчингийн гадна эсэргүүцлийн акци зохион байгуулав:

https://www.facebook.com/savethemongolianlanguageYouth/videos/252236496371784. Стокгольмд Улаанбаатарын нэгэн адилаар хатуу хөл хориотой байгаа билээ.


Монгол улсад ковид-19-ийн эсрэг хатуу хөл хорио байгаа учир, “Эх хэлээ аваръя” ТББ-ын зүгээс“Монгол хэл бичгээ аваръя” нэртэй, олон улсын онлайн хурал зохион байгууллаа. Монгол улсын IV ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, соёлын сайд асан Ц.Оюунгэрэл, СГЗ Л.Пүрэвдорж, СГЗ Го.Аким, доктор М.Саруул-Эрдэнэ, Японы судлаач Тошиюки Учида, Өвөр Монголын төлөөлөгч профессор Ба. Болд, Буриадын ардчилсан холбооны тэргүүн Дорж Дугаров зэрэг 50 орчим эрдэмтэд, тэмцэгчид оролцлоо:

https://www.facebook.com/savethemongolianlanguageYouth/videos/792938661335087


Ноён Ц.Элбэгдорж:


-Монгол туургатнаа гэсэн журмын нөхөд бид Дэлхийн монголчуудын холбоо байгуулан ажиллаж байна. Японд салбар байгуулагдсан, АНУ, Шведэд салбар байгуулж байна.


Эх хэл бичгээ мандуулан бадраах нь монгол үндэстнийхээ төлөө тэмцэж буй нэгэн хэлбэр билээ.


Өнөөдөр өвөр монголчууд хүнд байдалтай байна. Тэднийхээ эрхийн төлөө бид бүхэн дуу хоолойгоо хүчтэй гаргах ёстой шүү. Бид дуугүй байж ерөөсөө болохгүй. Дуугүй байвал улам хэцүү болно.


Манай улс төрчид дэлхийн Монголчууд гэхээр Монгол улсаас гадаадад очсон хүмүүсийг л яриад байдаг болсон. Дэлхийн монголчуудаа ярихаас айдаг, эмээдэг. Айх биш, манай УИХ-д дэлхийн монголчуудаа жинхэнэ утгаар нь ойлгодог дэмждэг лобби бүлэг байж байх ёстой шүү дээ. Манай улс төрчид үндэсний сэтгэлгээний хувьд Өвөр Монголын малчдаас дор байх юм. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын бодлого тодорхойлогчид шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй.


АНУ-ын ТНБД тэргүүтэй том улс төрчид өмнөд монгол тэмцэгчидтэй уулзсан, өмнөд монголчуудыг ил тодоор, эрс шийдэмгий дэмждэг. Японы парламентад лобби бүлэг байгуулагдлаа. Жирийн монголчуудын Өвөр Монгол дахь ахан дүүсээ дэмжсэн цуглаанд Шведийн долоо найман парламентэч ирээд идэвхтэй оролцсон. Манай улс төрчид юу болоод байна. Тэнд хүмүүс монгол бичгийнхээ төлөө, монгол үндэстнийхээ төлөө амиа өгдөг шүү хэмээн ярилаа.


Өмнөд Монголын тэмцэгч, Францад амьдардаг Хачингоо соошл-акци зохион байгууллаа. Акцид оролцогчид энэ өдрийн утга санаанд нийцсэн зураг авахуулж, фэйсбүкэд постлох учиртай байлаа. Цөөнгүй хүн урам зоригтой оролцлоо. Зураг тавигдсан групп:

https://www.facebook.com/groups/240498437723768


Монгол улсын “Эх хэлээ аваръя” ТББ бас соошл-акци зохион байгуулсан. Оролцогчид фэйсбүкийнхээ профайл-зургийг тусгай хүрээнд хийж нийтлэх ёстой байлаа. Олон хүн хамрагдлаа.

Токиод болсон жагсаал.
Осакад болсон жагсаал.
Нагояд болсон жагсаал.
Японы эсэргүүцлийн зарлал.
Шведэд болсон акци.
Монголын идэвхтнүүд зохион байгуулсан олон улсын онлайн-хурлын зарлал.
Өвөр Монголын Хачингоо (Франц) тэмцэгчийн зохион байгуулсан соошл-акцийн зарлал.
Фэйсбүкийн профайл-зургаа хүрээнд хийх акцийн жишээ.
“Санкей Шимбун” сонины мэдээ.