МОНГОЛ-ТҮВДИЙН СОЁЛ ШАШНЫ СИМПОЗИУМД ӨМИХ ОРОЛЦЛОО – 1

МОНГОЛ-ТҮВДИЙН СОЁЛ ШАШНЫ СИМПОЗИУМД ӨМИХ ОРОЛЦЛОО

Өмнөд Монголын Их Хуралдайн (ӨМИХ) төлөөлөгчид Энэтхэгийн Дарамсалаа хотод ажиллалаа. 11-р сарын 3-5-ны өдрүүдэд Түвдийг дэмжих бүлгүүдийн олон улсын 8-р бага хуралд оролцсоныхоо дараа, Монгол-Түвдийн соёл шашны симпозиумд оролцлоо. Симпозиум 11-р сарын 6-ны өдөр Дарамсалаа хот дахи Түвдийн Ганчен Кишон хэмээх төрийн хороололд болов. Энэхүү хороололд Түвдийн засгийн газар, парламент, төрийн байгууллагууд, төрийн өндөрлөгүүдийн өргөө, ажилчдын байр зэрэг оршно.

Хуралдай болсон газар. Энэтхэг улсын Химачал-Прадеш орны Дармасала хотын Ганчен Кишон дүүрэг дэх Түвдийн төв захиргааны барилгууд.

Түвдийн улс төрийн хүрээлэн энэхүү симпозиумыг зохион байгуулж, байрандаа хуралдууллаа. Хуралд мөн судлаачид, Түвдийн парламентын гишүүд, Далай ламын төлөөлөгчид оролцов. Түвдийн төв захиргааны ерөнхийлөгч буюу сикёнг, ноён Лувсан Сэнгээ хурлыг нээж үг хэлэв. Өмнөд Монголыг дэмжин эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, хятадын дэглэмд Түвд ба Өмнөд Монголын ард түмнүүд хүлцэхийн аргагүй хүний эрхийн зөрчил, улс төрийн хэлмэгдүүлэлт, соёлын уусгалт, эдийн засгийн мөлжлөг, экологийн сүйрэл  зэрэг харгислалд адил төвшинд өртөж хохирч байна гэв.

 “Хятад дээрх хоёр оронд байгалийн баялгийг нь цөлмөх ижил сонирхлыг агуулдаг.  Жишээ нь:  Өмнөд Монголд газрын ховор металлын дэлхийн олборлолын ихэнхи явагдаж байна. Хятад үүнээс асар их ашиг олж, уугуул ард иргэдэд болохоор ач тус нь хүрдэггүй. 

Өнөөдөр хятадын харгис бодлого уйгурын ард түмний үндэсний эрх чөлөөний үйлсэд даян дэлхийн анхаарлыг хандуулж байна. Монгол ахан дүүсийн зовлон ч дэлхийн анхаарлыг татах ёстой, дэлхийн анхаарал нэмэгдэхэд монгол ахан дүүс ч бэлэн байх ёстой. 

Сүүлийн 60, ялангуяа сүүлийн 30 жилд Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Төвдийн төв захиргааны хүчин зүтгэлээр Түвдийн асуудал дэлхийн тавцанд ямагт ахицтай байсаар ирлээ. Монгол нөхөд эвлэлдэн нэгдэх, нэгдмэл чиглүүлэгч бодлоготой байхын чухлыг онцлох ёстой гэж бодож байна.

Түвдийн төв захиргаа хүч үл хэрэглэх, төв үзлийг баримтлах арга зам дээр хатуу суурилан Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцлийг манлайлж байна. Түвдийн ард түмний хэл, шашин, соёлыг хамгаалахын төлөө тэмцэж байна. Олон зууны шашин, оюуны харилцаатай Өмнөд Монгол Түвд хоёр нь эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэлд илүү нягт хамтран ажиллах шаардлагатай байна” гэж ерөнхийлөгч Лувсан Сэнгээ ярилаа.

Зүүн гараас: Түвдийн улс төрийн хүрээлэнгийн захирал Цэвээн Жалбуу Арьяа, Түвдийн ерөнхийлөгч Лувсан Сэнгээ, тус хүрээлэнгийн дэд захирал Тензин Лекшай нар симпозиумыг нээж байна.

Түвдийн улс төрийн хүрээлэнгийн захирал, ноён Цэвээн Жалбуу Арьяа: 

“Монголын ахан дүүс Түвдийг дэмжих бүлгүүдийн 8-р бага хуралд идэвхтэй оролцсон нь түвдийн үйл хэрэгт эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн сайхан хэрэг билээ. Мөн өнөөдрийн энэ симпозиумыг санаачилсан билээ. Энэ симпозиум бидний олон зуун жилийн соёл шашин, түүх, улс төрийн онцгой харилцаа хэлхээг бэхжүүлж, үндэсний эрх чөлөөний тэмцлийн холбооцлыг хөгжүүлнэ гэж үзэж байна. 

Хятадын эв хамт нам өнөөдөр Түвд Монгол хоёр Юань гүрний үеэс Хятадын хэсэг байсан гэж суртал ухуулга хийдэг. Түүхийн баримт үзэхэд Хубилай хаан Юань гүрэн байгуулснаа 1271 онд буюу хятадын Өмнөд Сүн гүрнийг эзэлж авахаасаа хавьгүй өмнө зарласан байдаг. Юань гүрэн бол Хятадын биш, Монголын түүхийн хэсэг. Тиймээс Хятад Юань гүрэнд санаархах нь ямар ч үндэслэлгүй гэдгийг бид тод чангаар мэдэгдэх ёстой” гэв. 

Хурлын 1-р хэсэг  “Монгол, Түвд дэхи буддизм” гэсэн сэдэвтэй, Москва дахи Түвдийн офисийн тэргүүн, ноён Дилов хутагт даргалав. 

ӨМИХ-н тэргүүн, ноён Тэмцэлт Шовцууд “Өмнөд Монгол ба буддизм” сэдвээр илтгэв. 

“Түмэдийн Алтан хан  шарын шашин дэлгэрэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Батмөнх Даян хааны ач, Барсболд хааны хоёр дахь хүү болно. 1577 онд тэрбээр Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамцыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн бусад ноёдыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, Далай лам гэдэг цолыг түүнд өргөжээ. Монголын анхны Буддын сүм хийд болох Тэгчин Чонхорыг Хөх хотод чухам Алтан хан байгуулсан. Мөн 1586 онд Абтай Сайн ханы дэмжлэгтэйгээр Хархорумын ойролцоо Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ. Алтан ханы ач хүү Ёндонжамц нь 4-р Далай ламаар тодорч байсан түүхтэй.

Зангиа хутагт буюу Жанжаа хутагт, Өвөр монголын шашны тэргүүн, Ар Монголын  Жавзандамба хутагтын хамт Монгол орны хоёр том хутагт хэмээн өргөмжлөгдсөн. Далай лам, Банчин эрдэнэ, Богд Жавзандамба, Зангиа хутагт нар нь Бурхны шашны Гэлүгбагийн урсгалын дөрвөн том хутагт хэмээгддэг. 

Хятадын эв хамт нам Өмнөд Монголын бараг бүх сүм хийдийг маш их соёл, оюуны өвтэй хамт устган сөнөөсөн. Өнөөдөр Өмнөд Монголд зарим нэг хэмжээгээр шашин шүтлэгийг сэргээх ажил явагдаж байгаа гэх ч, Хятадын эв хамт намын хуурамч Банчин Богдын захиргаан дор худал шүтлэг дэлгэрүүлж байгаа учир учир дутагдалтай байна. Шарын шашин бол түвд монгол ард түмнүүдийн шашин, үнэт өв соёл юм. Хамтдаа шарын шашнаа хамгаалан мандуулцгаая” гэж ярилаа.

ЭША, ноён Дэнзэн Цэдэн “Шарын шашин дахи хятад менежмент” сэдвээр илтгэв.

“1949 онд БНХАУ шүтэн бишрэх эрх чөлөөг зарласан ч, сүмийн хөрөнгө газрыг хураах, лам нарыг хар болгох зэргээр үүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн. 1953 онд байгуулагдсан Хятадын буддын холбоог шашингүйн үзэлтэн намын үзэл сурталч удирдах ёстой байдаг. 1966 онд бүх буддын сүмийг хааж, бүх лам гэлэнмааг дахин хүмүүжүүлэх лагерьт илгээж харгисласан, олноор нь алж хядаж, тахир дутуу, хүнд өвчтэй болгосон. 1980 онд шүтэн бишрэх эрх чөлөөг ХКН дахин зарлав. 

1991 онд хятадын засаг “шашин дахи эх оронч хүмүүжил” гээчийг зарлаж, буддын лам нарыг “Далай ламаас татгалз, коммунист улс төрийн зохиолыг шашны номын адил цээжил” гэж албадах болсон. Түвдийн мөргөлчдийг Энэтхэг, Балба руу явахад саад хийж, буддын зүтгэлтнүүдийн паспортыг хураасан. “Далай ламын тагнуул” гэж хуурамч хэрэг үүсгэх болсон. Лам сүсэгтнүүд эсэргүүцлээ илэрхийлбэл цус урсгасан хэлмэгдүүлэлт харгислал өрнүүлдэг. Цөхөрсөн лам сүсэгтнүүд олноороо өөрийгөө шатаах болсон.

Банчин ламын асуудлыг аваад үзье. 10-р Банчин лам 1962 онд 7000 ханзтай шүүмжлэлийг Маод илгээснээр буруудсан. Улаан хамгаалагчид түүнийг зовоосон. 1977 он гартал шоронд байсан. 1987 оноос ахин шүүмжлэл өрнүүлсэн. Удалгүй түүнийг хордуулан хөнөөжээ. 11-р Банчин лам 6 настай хөвүүнийг Бээжин хулгайлж, сураггүй болгожээ. Түүнийг тодруулсан Жадрел рэнбүүчийг 1995 оноос хорьж, 2011 онд хорлон егүүтгэжээ. ХКН хуурамч Банчин Богдыг тодруулж, түүний удирдлагын дор шарын шашныг захируулан завхруулахыг оролдож байна. 

Хутагт хувилгаадыг ХКН ямар ч эмх замбараагүйгээр тодруулж байна. Шарын шашны лам нарыг сүм хийддээ “БНХАУ-ын далбааг мандуул, ХКН-ын удирдагчдын зургийг тахь, намын үзэл суртлыг ухуул” гэж шахах болсон. БНХАУ-д шарын шашин уруудан доройтсоор, мөхлийн зам руу явж байна” гэж ярилаа.

Хурлын 2-р хэсэг “Монгол-Түвдийн холбоо” сэдэвтэй, Түвдийн улс төрийн хүрээлэнгийн захирал, ноён Цэвээн Жалбуу Арьяа даргалав.

Түвдийн төв захиргааны суваргын өмнө. Зүүн гараас: Өмнөд Монголын Их Хуралдай буюу ӨМИХ-н ЕНБД-ын орлогч Арцаа Говрууд, Voice of America Tibet – ийн тэргүүн Шарцон Дэнзэн Детан, ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт, Байнгын зөвлөлийн тэргүүн Ч.Мөнхбаяр, дэд дарга Өргөн.

ӨМИХ-н Байнгын зөвлөлийн гишүүн, ноён Ч.Мөнхбаяр “Монгол-Түвдийн холбоо” сэдвээр илтгэлээ.   Тэрбээр хоёр ард түмний соёл шашны харилцааны түүхээс яриад, ХХ зуун руу орж: 

“1911.12.29-нд ар өвөр монголчууд тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг зарлав. 1913.1.23-нд XIII Далай лам Түвдийн тусгаар тогтнолыг зарлав. Монгол Түвд улсууд харилцан бие биеийн тусгаар тогтнолыг зөвшөөрөв. Ингэж хүнд бэрх үед бие биедээ түшиг болж байлаа. Түвд бол Монгол улсын хувьд тусгаар тогтнолыг нь зөвшөөрсөн анхны улс, 10 жилийн турш тийм алхам хийсэн цорын ганц улс байлаа. 

Монгол, Түвдийн хувьд тэр үед адил төстэй зүйл их байв. Гадаад Монгол, Дотоод Монгол гэж байсан шиг, Гадаад Түвд, Дотоод Түвд гэж байлаа. Түвд, Британи, Хятад 3 улсын гэрээ 1914 онд Энэтхэгийн Симлад хэлэлцэгдэж, Хятад үзэглэхээс татгалзаж, Түвд, Британи хоёр үзэглэж байсан бол, түүнтэй төстэй Монгол, Орос, Хятад 3 улсын гэрээ Хаант Оросын Хиагтад байгуулагдаж байлаа.

Монгол улс Хятадын харьяан дахи монголчуудын нутгуудыг чөлөөлөх Таван замын дайныг хийж байсан бол Түвд улс бас Хятадын харьяан дахи төвдүүдийн нутгуудыг чөлөөлөх дайныг хийж байлаа. 

ЗХУ Монгол улсын нэрийг ашиглаж, Түвдэд нөлөөгөө тогтоох оролдлого хийж байв. Монголын төлөөлөгчид гээд өөрсдийн тусгай даалгавартай иргэдээ илгээдэг байлаа. Гэвч Түвд улс шарын шашны дайсан коммунистуудыг хүлээж аваагүй юм. Ийнхүү ЗХУ-ын балгаар Түвд Монгол улсуудын харилцаа тасрав. 

Харин түвд монгол сүсэгтнүүдийн шашны харилцаа тасраагүй билээ. Монголчууд Түвдэд олноороо очиж мөргөсөөр байлаа.

Дэлхийн 2-р дайны үед Түвд төвийг сахиж, Энэтхэгээс хятадууд руу зэвсэг зөөхөд нутаг дэвсгэрээ ашиглуулахаас татгалзсан билээ. Үүнийг Японы талыг баримтлав гэж тайлбарлах явдал байсан. Ялсан улсууд Түвдэд тусгаар тогтнолоо хамгаалахад хангалттай улс төр, цэргийн тусламж үзүүлээгүй. 1950 онд ЗХУ-ын дэмжлэгт БНХАУ Түвд рүү уулгалан довтолж булаан эзэлсэн. 

Дэлхийн дайны үед өмнөд монголчуудын дунд Японтой хамтран ажиллах явдал байв. Тэд “Япон өмнөд монголчуудыг хятадуудаас хамгаална” гэж бодож байв. БНХАУ байгуулагдахаас өмнө Дундад Иргэн Улс Өмнөд Монголд бүрэн хяналтаа тогтоож чадахгүй байлаа. 

Харин ялсан гүрнүүд Ар Монголыг тусгаар улс хэвээр байлгана, Өмнөд Монголыг хятадуудад өгнө гэж шийдсэнээр, БНХАУ өмнөд монголчуудыг худал амлалтаар хуурч эрхэндээ оруулаад, дараа нь харгислаж эхэлсэн. Өмнөд монголчуудыг Японтой нийлсэн урвагч ард түмэн гэж буруутгаж байв.  

Түүнээс хойш түвдүүд, монголчууд аль аль нь улааны дарлал дор зовсон. Монгол улсад ардчилсан хувьсгал ялж, Зөвлөлтийн ноёрхлоос гарсан ч, өнөөдөр Хятадын нөлөө манай оронд асар их боллоо. Түвдүүд болон өмнөд монголчууд Хятадын коммунистуудын дарлал дор байсаар. Өнөөдөр түвдүүдэд ч, монголчуудад ч эрх чөлөө, хүний эрх хэрэгтэй байна, хүчээ нэгтгэх хэрэгтэй байна” гэж ярилаа.

Доктор, ноён Дэнзэн Дэсал: “Орчин үетэй шүтэн барилдахуй болон, төр улс руу тэмүүлэхүй” сэдвээр илтгэлээ. 

Тэрбээр, 1913 оны Монгол-Түвдийн гэрээний талаар нэлээн ярьсан нь сонирхолтой. 

“1913.1.11-нд үзэглэгдсэн энэ гэрээ нь Чин гүрэн унаснаас хойш хоёр улс олон улсын эрхзүйн бүрэн бие даасан субъектийн хувьд байгуулсан найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ юм. Хоёр оронд шашин төрийг хослон барих хаант засаг тогтсон байлаа. Гэрээг Монголын талаас ГХЯ-ны сайд Да лам Равдан, Бүх цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн, Түвдийн талаас XIII Далай ламын төлөөлөгч Цанид хамба Агван Доржиев үзэглэжээ. Харилцан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, шарын шашны нийтлэг байдлаа онцолж, бусад нийтлэг байдлыг ч тусгаж, гадаад дотоод дайсантай хамтран тэмцэхээр болж, хоорондын чөлөөт худалдааг зарласан зэрэг 9 зүйлтэй байлаа. 

Энэ гэрээ нь Түвдийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн, олон улсын эрхзүйн субъект болохыг баталсан цорын ганц баримт бичиг юм.  Британид энэ гэрээ нь Хаант Орос Түвдийг эзлэх, монголчуудаар дамжуулан Түвдэд өөрийн бодлогыг хэрэгжүүлэх үндэслэл болж мэднэ гэж түгшиж байжээ. Далай лам Агваан Доржиевт гэрээг үзэглэх бүрэн эрхийг өгсөн нь хоёр захидалд нь тодорхой гэрчлэгдэн үлдсэн байдаг ажээ. Энэхүү гэрээ нь Түвд, Англи, Хятад гурван улсын Симлагийн конвенцид багагүй нөлөөлж байжээ. Түвдийн хойчийн түүхэнд ч хангалттай нөлөөлжээ” гэлээ.

ӨМИХ-н ЕНБД, ноён Дайчин Олхунуд “Дэлхийн улс төрийн бодлогын өөрчлөлт ба Монгол, Түвдийн ирээдүйн тухай бодрол” сэдвээр илтгэлээ.

“Өнөөдөр даян дэлхийд дарангуй бурангуй дэглэмүүд ээлж дараалан нурж унаж, эсвэл хямрал эсэргүүцэлд идэгдэн сулран доройтож байна. Нэгэн жишээ нь Хонконгийн эсэргүүцэл билээ. 2014 онд тэд Шүхрийн хувьсгалаа хийж, ХКН-аас Хонконгийн сонгуулийг атгах санаархлыг болиулж буулт хийлгэж байсан бол одоо хэрэгтэн шилжүүлэх санаархлыг зогсоон буулт хийлгээд зогсолгүй, Хонконгийн захирагчийг огцруулах, сонгуулиар сонгогддог болгох, эсэргүүцлийн үеэр эрх мэдлээ хэтрүүлсэн цагдаа, төрийн албан хаагчдыг шийтгэх, хууль ёсны эсэргүүцлийг үймээн гэж үзэхээ болих, эсэргүүцэлд оролцоод баригдсан хүмүүсийг ямар нэг буруутгал оноосон байдалгүйгээр суллах, Хонконгийн иргэдэд чөлөөт сонгуулийн эрх олгох зэрэг шаардлагыг тавин тэмцэж байна. АНУ Хонконгод БНХАУ хүний эрх зөрчвөл хориг арга хэмжээ авах хууль батлах төлөвтэй боллоо. Энэ асуудал АНУ-д их яригдаж байна.

Энэ нэг жишээнээс харахад, цөөн тоот ард түмэн тууштай тэмцлийг ХКН-ын эсрэг өрнүүлбэл амжилтанд хүрч, шударга улс орнуудын дорвитой дэмжлэгийг хүлээж болох байна. Түвд нөхөд маань төр засгийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцлийг манлайлдаг төлөвшсөн сайхан бүтэц, зохион байгуулалттай болохыг бид бүхэн үзэж харж байна. Энэ бол Хятадын цөөн тоот дарлагдсан ард түмнүүдийн хувьд тун үлгэр дууриалтай юм. Өмнөд Монголын бид бүхэн түвд нөхөд шиг төрийн болон тэмцлийн зохион байгуулалттай, хонконг нөхөд шиг түмэн олныг байлдан дагуулж, бүх нийтээр нь тэмцэлд босгож чаддаг болох аваас зорилгоо бодитойгоор биелүүлж хэрэгжүүлж, тодорхой амжилтанд хүрэхэд дөхөм болох нь дамжиггүй” гэж ярилаа.

Voice of America радиостанци дэлгэрэнгүй сурвалжлага хийлээ. Сурвалжлагын бчилэгээс татсан зураг. Баруун гараас: ӨМИХ-н төлөөлөгч Тэмцэлт Шовцууд, Өргөн, Дайчин Олхунууд, Ч. Мөнхбаяр.