PEN America: Өвөр Монголын зохиолч А.Лхамжавыг Монголын нутгаас баривчилж, Хятад руу албадан гаргасан нь харгис хэрэг

Энэ сарын 3-нд Өвөр Монголын нэрт зохиолч, түүхч Боржигин А.Лхамжавыг Улаанбаатараас баривчилсан гэнэ. Үүний хариуд “PEN America” сайтын бичих эрх чөлөөний төвийн хөтөлбөрийн захирал Талита Песоа дараах мэдээллийг гаргажээ.

Тэрээр “Хятадын засгийн газар үндэстний цөөнхүүдийг олонх болсон хан үндэстний соёл, хэлэнд хүчээр уусгах бодлого явуулж буй энэ үед монгол хэл, соёлыг дэмжигч, зохиолчдын эсрэг улам түрэмгий арга хэмжээ авч байгаад бид гүнээ түгшиж байна. Эдгээр нь Хятадын болон олон улсын хуулиар хамгаалагдсан үзэл бодол, итгэл үнэмшил, соёлын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, боловсрол эзэмших эрхийг зөрчив.

80 настай А.Лхамжавыг Монголын газар нутгаас баривчилж, Хятад руу даруй албадан гаргасан нь харгис хэрэг бөгөөд Хятадын засгийн газар үндэснийхээ хил хязгаараас гадуур тэрс үзэлтнүүдийн дуу хоолойг хааж, дарамталж, заналхийлж байгаагаа удаа дараа харууллаа. Мөн олон улсын хамтын нийгэмлэг болон ардчилсан улс орнууд үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлтийн эсрэг цөллөгт байгаа зохиолч, уран бүтээлч, сэтгүүлч болон бусад эсэргүүцэгчийн эрхийг хамгаалж чадахгүй байгааг харууллаа.

Бидний зүгээс Хятадын эрх баригчдаас А.Лхамжав болон  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, соёлын эрх чөлөөгөө эдэлсэн хэргээр баривчлагдсан бүх хүнийг нэн даруй суллахыг уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийг үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлтийн үйлдлээс хүчээр хамгаалах, хэлмэгдүүлэлтийн засгийн газруудаас орогнохоор ирсэн хүмүүсийн эрхийг хамгаалахыг уриалж байна” гэжээ

Түүхч, зохиолч А.Лхамжав нь 2006 онд хэвлүүлсэн “Хятадын соёлын хувьсгал” номдоо нь соёлын хувьсгалын үеэр Өвөр Монголд олон мянган хүний амь үрэгдсэн явдлыг судалж, амьд үлдсэн хүмүүсийн аман түүхийг бичжээ. 2019 онд түүнийг “салан тусгаарлах үзэл”, “үндэсний эв нэгдлийг хорлон сүйтгэсэн”, “хууль бус хэвлэн нийтлэл, түгээлт” зэрэг зүйлээр буруутгаж нэг жил хорьсон байна. 2020 оны сүүлээр гэрийн хорионд байж байгаад саяхан Монгол руу зугтсан ажээ.

Тэрээр Улаанбаатар хотод байхдаа энэ оны гуравдугаар сард Монголын соёл, түүхийн талаар гурван шинэ ном бичихээр төлөвлөсөн байжээ. А.Лхамжав “Өвөрмонголд монгол хэлээр ном хэвлүүлэхийг бүрэн хориглосныг та бүхэн мэдэж байгаа. Би номдоо олон жил зүтгэсний эцэст энд хэвлүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх итгэл найдвараар зэвсэглэн Монголд эрсдэлтэй замыг туулан ирсэн. Миний номоор дамжуулан хойч үе манай үндэстэн юуг даван туулж, ард түмэн маань оршин тогтнохын төлөө хэрхэн тэмцэж байсныг ойлгох болно” гэж бичжээ.

“PEN America” сайтын 2022 оны “Бичих эрх чөлөөний индекс”-ээр  Хятадын засгийн газар дөрөв дэх жилдээ хамгийн олон зохиолчийг баривчилж, хорьсон орноор нэрлэгдсэн бөгөөд тус улсад 90 зохиолч хоригдож байгаа гэв. Мөн 137 зохиолчийн эрхийг зөрчих, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэдгээр “PEN America”-ийн Эрсдэлтэй зохиолчдын мэдээллийн сангийн тэргүүн байрыг эзэлжээ.

Боржигин Аминбөхийн Лхамжав 1944 онд ӨМӨЗО-ы Хэшигтэн хошууны эртний Барс хотын бууринд төрсөн. Улаан тайжийн удам, Батмөнх даян хааны 17-р үеийн ач үр Боржигин Аминбөхийн 3-р хөвгүүн аж.

12 настай Хөөргө сүмийн бага сургуульд орж, Бяруу балгасны монгол дунд сургуулийг төгсжээ. Өвөр Монголын биеийн тамирын тусгай мэргэжлийн сургуульд суралцсан ч Соёлын хувьсгалын улмаас сургуулиа төгсөж чадалгүй хөдөө гарч, 1965 онд Шилийн гол аймагт ирж, жолооч, тээврийн механикийн ажил хийх болов.

Идэр залуу цагаасаа зохиол бичиж эхэлсэн бөгөөд ”Чингис хааны түмэн хишигтний хойчис” зохиол нь Өвөр Монголд маш алдартай бөгөөд ”Улаан хувьсгал” хэмээх номоо  Соёлын хувьсгалд өртөж, хохирсон 500 гаруй амьд гэрчтэй уулзаж, сурвалжлан тэмдэглэсэн дээрээ үндэслэн бичсэн гэнэ.

Эх сурвалж,https://pen.org/press-release/pen-america-condemns-chinas-arrest-of-exiled-mongolian-writer-and-historian-lhamjab-a-borjigin/