ӨМНӨД МОНГОЛЫН 2017 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН – 4

SMC
2017 оны Өмнөд Монголын хүний эрхийн тайлан - 4

ДОЛДУГААР САР

2017.7.12-нд Ордос хотын Хангин хошууны 400 ард суулт хийв. Тэднийг цагдаагийн хүчээр тарааж, 3 хүнийг баривчилж, 1 хүүхдийг бэртээж гэмтээсэн байна.  Хангин хошууны малчин ардуудыг 2007-2008 онд хүчээр нүүлгэсэн, засгийн газар ингэж нүүлгэснийхээ дараа 70 ам метр тохилог сууц, ажил олгоно гэх зэрэг амлалтаа биелүүлээгүй өдий хүрснийг тэд эсэргүүцжээ.

Хошууны хүн амын 1/3-ийг албадан нүүлгээд, засгийн газар нүүрс, уран, хий, гөлтгөнө, глауберийн давс зэрэг байгалийн баялгийг цөлмөн ашиглах болсон хэрнээ, малчдад хохирлын нөхөн олговрыг амласныхаа дагуу өгөөгүй байна. 

Германд суугаа Өмнөд Монголын их хуралдайн тэргүүн Тэмцэлт “Ойр хавьд гараагүй том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөлөө. Энэ нь малчин ардын амьдрал ямар хэцүү байгааг илтгэж байна. Хятадын засаг яаралтай зохих шийдвэрийг гаргаж ажиллах ёстой. Малчид үймээн самуун өдөөгөөгүй, тэд хүн шиг амьдрахыг хүсч байна” гэж дүгнэн хэлжээ.

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/07/21/n-61/

Хангин хошууны суулт хийж буй малчид.

2017.7.15-нд Улаанхад хотын Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын эгэл малчин Найралт Боржигин шоронгоос суллагдав. 

Түүх сөхвөөс: 2015 оны 5-р сарын дундуур Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын 200 гаруй малчин орон нутгийн засгийн ордноос хураасан бэлчээр нутгийг нэхэж, эсэргүүцэл илэрхийлсэн билээ.  2015.5.31-нд Найралт Боржигин зэрэг 5 малчныг хууль бус суулт зохион байгуулсан гэж баривчилжээ.

Энд “Хамгаалалттай газар нутаг” буюу булаагдсан бэлчээр нутагт малаа хариулсан гэж малчдыг хүчээр хөөн бухимдуулж иржээ. 1997 онд орон нутгийн засаг нийт 94 000 гектар бэлчээр булаасан байна. 2000 онд малчид тэр бэлчээр нутгуудад эргэн ирж, малаа хариулах болж. Орон нутгийн засаг үймээний цагдаа, амрыг хамгаалахынхныг авчирч, малчдыг зодох, торгох, малыг буудаж алах зэрэг харгислал үйлдэж ирсэн. Харин ой хамгаалах нэрийн дор булаасан газраа гахай үржүүлж, хавь ойрын малчдын  бэлчээр нутгийг бохирдуулжээ.

Түүнээс хойш, малчин Найралт Боржигин 25 сар шоронд хоригдсон. Суллагдаад, нутагтаа ирээд баяртайгаар угтсан малчдад хандаж:

 “Би одоогийн хууль цаазаар буруутгагдсан ч, ард түмнийхээ өмнө буруугүй. Өнөөдөр олон малчин надад баяр хүргэсэн. Гэвч нэлээд нь өөр хошууны алс газар хүчээр нүүлгэгдсэний улмаас, мал нь эзгүйд нь “хориотой бүсийг” зөрчиж магадгүй учраас, ядуурлаас болж газраа зарж өөр амьдрал хөөсний улмаас ирж амжихгүй нь байна гэж үнэнээ хүлээсэн юм.

Хүмүүс сэрж, шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байхад шоронд байх нь надад аймшигтай учир байгаагүй. Ард түмэн сэрэхгүй, зовж шаналж байх нь хамгийн аймшигтай. Өнөөдөр би өөртөө маш итгэлтэй байна. Бид эх нутаг, нүүдэлчин амьдралаа алдсан байлаа ч, үзэл санаагаа алдаж болохгүй” гэж хэлсэн юм. Түүний шоронд суулаа гээд огтхон ч нугараагүй, шантраагүй, өөрийгөө буруутан гэж үзээгүй, зөв үйлсийн төлөө хилсэдсэн гэдэгтээ итгэлтэй байгаа, улам ирлэгдэж хатуужсан байдал нь зон олны бахдлыг төрүүлсэн юм.

Видео:

https://www.youtube.com/watch?v=qxf8gbPhzQY&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=154

Суллагдсан малчин Найралт хошуундаа ирээд угтсан малчдад хандан үг хэлж байна.

2017.7.19-нд Тунляо хотын Жарууд хошууны Долоот сумын Өмнөбулагт гацааны малчид гацааны хятад даргынхаа эсрэг зарга хийж байгаагаа Малчдын өргөөнд цуглан, олонд зарлав. Гацааны дарга нь хоёр хэсэг газрыг тогтсон үнээс 2 дахин хямд үнээр, гацааны малчдад мэдэгдэлгүйгээр бусдад түрээслүүлсэн байна. Уг нь гацааны малчдын 2/3 нь зөвшөөрсөн бол түрээслүүлэхийг зөвшөөрөх дүрэм журамтай. Мөн Загасан нуурыг авлига авч, хууль зөрчин түрээслүүлсэн байна. Энэ асуудлаар Хөх хотод очиж заргалдна гэж малчид мэдэгдлээ.

1984 онд батлагдсан, 2001 онд өөрчлөлт оруулсан Үндэсний цөөнхи өөртөө засах тухай хуулийг бэлчээр нутгийг булаах, устгах үйлдлүүдээр Өмнөд Монголд ноцтой зөрчсөөр ирэв. 27-р зүйлд нь бэлчээрийг устгахыг хатуу хориглосон. Өмнөд монголчууд өөртөө засах байгууллагуудаараа дамжуулан бэлчээр, ой шугуйг ашиглах эрхийг бүрэн хэрэгжүүлнэ гэдгийг тус хууль баталгаажуулсан байдаг.

Видео:

https://www.youtube.com/watch?v=1F6M89lW8B4

Малчдын өргөөний гадна цугласан малчид бичлэгт зургаа авахуулав.

2017.7.23-нд, бэлчээр нутгийг булаахын эсрэг малчдын тэмцлийг оройлон манлайлж тэмцэгч Янжиндуламын ярилцлага нийтлэгдэв. Монгол улсын сэтгүүлч ярилцлага авчээ. Янжиндулам 2012 оноос малчдын тэмцэлд оролцож ирсэн. Эхэндээ өөр аймгуудаар голдуу их нууц байдалтай, нэрээ ч нууцлан оролцож, бас WeChat-аар нэлээн ажил өрнүүлдэг байлаа. Тэрбээр бэлчээр нутаг хамгаалах, хэт уул уурхайжилт, химийн хортой үйлдвэр, БО-ы бохирдлыг эсэргүүцэх, хүний эрхийг шаардах үйл ажиллагаа явуулж ирлээ.

“Монгол гэж хэлж болохгүй болсон. Монгол гэж хэлбэл үндэстнээ хагацуулах гэсэн болдог. Бас биднийг барьж саатуулах, эрүүдэж байцаах, мөрдөж мөшгих, тагнаж чагнах, дарамталж сүрдүүлэх гээд саад бол их ээ. Хятадад хүний эрх маш муу, үнэн үг л хэлбэл барина хорино гэдэг. 

Газар газрын малчид эрх ашгаа хамгаалаад дуугардаг, тэмцдэг, Засгийн Ордонд ирж жагсаал цуглаан, суулт хийдэг боллоо. Энэ бол бидний тэмцлийн өнөөгийн гол үр дүн юм даа. 

Малчдын бэлчээр нутгийг булааж байна. Бас 90% нь өр ширэнд баригдаад байгаа. Банкны зээл авахад нутгийн дэвтэр шаарддаг, нутаг бэлчээр маань банкны гарт орж байна. Уурхай ухах хятадууд их цөмөрч орж ирж, хүн ардыг дээрэлхэх бүүрэлхэх, доромжлох зодох, бүр алах явдал ч гардаг. Хүний ёс, хууль цааз олдохоо байсан. 

Усны төвшин доошилж хуурайшиж байна. Үүл буудахтай холбоотой зөрчил их гарч байна. Ард иргэд нутаг бэлчээрийг булаахын тулд бороо оруулахгүй сумаар буудаж байна гэж эсэргүүцэж байна. Монгол хүн чононоос хамгаалж хотоо манадаг байсан бол одоо төр засгаас, хятадуудаас хамгаалж хотоо манадаг болсон. Хүмүүс ээлж ээлжээр тал нутгаа манаж байна” гэж ярив.

Тэрбээр  ямар ч хүний эрхгүй болж, байнга мөрдөгдөж хавчигдаж, дотоодыг хамгаалахынхан хувийн амьдралыг нь өөрөөс нь илүү мэдтэлээ судалж, тагнаж байдаг болсныг өчсөн. Сөнид зүүн хошууны дотоодыг хамгаалахын ажилтан  түүнд “Чи юу юм бэ? Чи бол юу ч биш. Чи бол ялаа. Чамайг хүсвэл дуртай цагтаа бяцлана” гэж мэдэгдсэн байна. Бас 24 цаг тасралтгүй хатуу сандал дээр суулган, хоол унд өгөлгүй, байцааж дарамталж байжээ.

Тэр хоригдож тамлагдсан ч няцаж шантраагүй. Суллагдсаныхаа дараа Янжиндулам шингээлт хийн түгээхдээ : “Газар сайгүй гаслангийн дуун сонсдож байна. Ноёдод ард түмний үхэж сэхэх хамаарахгүй бол ард түмний бухимдал бачимдал хязгааргүй. Түшмэдүүд сонсоцгоо!  Тэсвэр тэвчээрээ ард түмэн барьж дийлэхгүй хэмжээнд хүрч байна!  Барих хорихоор шийднэ гэвэл хилэн хорсол дээд туйлдаа хүрч та нар цусаар уйлавч дийлэхгүй болно. Хаана дарлал байна, тэнд эсэргүүцэл байдаг. Засаг ноёд хэр хэмжээтэй байгаарай!  Бид хүн шүү. Төр улс ард түмнээс бүтдэг, та нараас биш. Ноёд нь юу хийхээ мэдэхгүй, цагдаа нар нь хуулиа мэдэхгүй, ёс моральгүй, ийм болхи бүдүүлэг дарангуйллыг бид тэвчихгүй. Энэ бүхний эсрэг тэмцэлд би илээр улам эрс шулуудан орж байгаагаа тунхаглаж байна!” гэсэн юм. Видео:

https://www.youtube.com/watch?v=qehh2NiOufE&index=124&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgY

 Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/07/23/n-62/

Малчин баатар Янжиндулам.

2017.7.26-нд Тунляо хотын Жарууд хошууны Долоот сумын Өмнөбулагт гацааны малчдын хөдөлгөөний удирдагч эмэгтэйг Бао Гунианыг нөхрийнх нь хамт гэнэт баривчлан авч явж, үйл ажиллагааг нь тасалдуулжээ. Тэд энэ сарын 19-ний өдөр шударга бусаар газрыг нь булаасан гацааны дарга, түрээсчдийн эсрэг Хөх хотод очиж заалдан тэмцэхээ зарласан. 

Бао Гуниан баригдаагүй байхдаа маш их дарамтанд буй, амь нас нь эрсдэлд буйг илэрхийлэн шингээлт үйлдсэн байдаг. Тэгэхдээ: “Би бол бүдүүлиг ард. Тийм учраас амь насаа золиослон тэмцнэ. Өөрөө амиа хорлож мэднэ, тэмцлийн явцад алагдаж мэднэ, намайг далдуур хорлож мэднэ. Намайг үгүй болбол холбооны нөхөд минь үнэн цагаан үйлсийг минь үргэлжлүүлэн тэмцээрэй. Энэ заалдаан амь настай минь холбоотой. 2016.6.16-нд намайг ардыг үймүүлсэн гэж 10 хоног хорьсон. Түүнээс хойш бие эрс муудсан. Би энэ заалдаанд эцсээ хүртлээ тэмцнэ” гэж WeChat-ын холбооны нөхөддөө хандан хэлж захиж байжээ. Видео:

https://www.youtube.com/watch?v=BODja4xnHOM&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=132

https://www.youtube.com/watch?v=g2NMGleBQfc&index=133&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Бао Гуниан.

2017.7.26-нд Улаанцав хотын Дөрвөд хошууны малчид үүл буудаж байгаа хятад иргэдийг барьж, мэдүүлэг авч, ажиллагааг нь таслан зогсоогоод явуулжээ. Үер уснаас хамгаалан бороо оруулахгүй сумаар үүл буудаж байна гэсэн хардлагаас үүдэлтэй  юм. Ингэснээр ган гачиг үүсгэж, мал аж ахуйг доройтуулж, улмаар бэлчээр нутгийг булаах, малчдыг хүчээр суурьшуулахад дөхөмтэй болно гэж олон малчин үздэг. Малаасаа салбал амьдралгүй болно гэж малчид боддог бөгөөд, олон тохиолдолд энэ нь батлагддаг. Хошууны цаг уурын товчооны дарга Цан Зудог барьж яриулан бичлэг үйлджээ.  Видео:

https://www.youtube.com/watch?v=CUPOIydieR4&index=134&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Хошууны Цаг уурын товчооны дарга Цан Зудо баригдаад байгаа нь.

2017.7.29-нд Улаанцав хотын Дөрвөд хошууны 200 малчин хошууны төв рүү явж шаардан, нөхдөө суллуулав.

 Энэ сарын 26-нд үүл буудахыг зогсоосон хэргээр Тулгуур, Мөнхзаяа нарын 4 малчныг хошуу засгаас барьж хорьжээ. Тэднийг 30 хоног баривчлана гэжээ. Цусны шинжилгээ хийх зэргээр, цаашид хориход бэлтгэжээ. Малчид: “Бүгд ашиг тусынхаа төлөө сэтгэлээр нэгдэцгээе! Тал нутаг маань бороо хургүй болохоор амь орохоо байлаа! Ажил яаруу гээд битгий хойш суугаарай! Бидний эн тэргүүний ажил бол малчин нөхдөө суллуулах шүү!” гэж уриалжээ.

Ингээд суллах шаардлагаа тавихад хошуу засгаас “хэрэв малчид тарж явбал 4 малчныг суллана” гэжээ. Харин малчид тэднийгээ суллуулаад авч явна гэж зүтгэсээр 29-ний орой зорьсондоо хүрсэн байна. Малчид эв санаагаа нэгтгэвэл ялалтад хүрч болдог юм байна гэж тэд баясаж сууна.

Өмнөд Монголын бэлчээр нутагт хятадууд сэм сэмээр хэрэн хэсэж, үүл буудсаар, үүл сарниулах сум харваж байна гэж малчдын сэжиглэх ихэссээр байв. We Chat-ын сүлжээнд малчид “Үүл сарниулахыг хүчтэй эсэргүүцье. Ган гачиг болбол малгүй болно. Малгүй болбол амьдралгүй болно. Хотод очиж суувал монгол соёлгүй, монгол цусгүй болно. Тэгвэл монгол хүн устаж үгүй болно!” гэж  бухимдан бичиж байлаа. Видео:

https://www.youtube.com/watch?v=QzivW2gVXNA

Малчин залуу бичлэг үйлдэн, нөхдөө уриалж байна.

НАЙМДУГААР САР

2017.8.1-нд өмнөд монгол малчныг мэдээ бичлээ гээд 15 өдөр хорьсон тухай мэдээлэгдэв.

Түүнээс хэдэн өдрийн өмнө Улаанцав хотын Дөрвөд хошууны малчин Цэнхэр дээлт хэмээх Давшилт суллагджээ. Тэрбээр, We Chat-д малчдын эрх ашгийг хамгаалсан мэдээлэл тавьснаас болж, 15 хоног баривчлагдах шийтгэл хүлээж. Өдгөө сүлжээнд мэдээлэл тавилаа гэж баривчлаад байдаг болсон нь их муу үр дагавартай юм. Дахин давтан ингэж буруутгавал, шийтгэл улам чангарч нэмэгдэж байх болно. Мөн мэдээ мэдээлэл дамжуулахаас хүмүүс айн болгоомжилж байх болно. Үнэний үүд хаагдна.

Тэрбээр, урьд нь хууль бус жагсаал цуглаан зохион байгуулалцсан, цагдаагийн шаардлага биелүүлэлгүй танхайрсан гэх зэрэг буруутгал хүлээж байжээ. Дөрвөд хошуунд малчдын тэмцэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Цэнхэр дээлт Давшилт, Шар дээлт Давшилт, Хүрэн дээлт Давшилт гэж гурван Давшилт байдаг. Цэнхэр дээлт Давшилтыгаа суллагдахад Шар дээлт Давшилт нь очиж уулзан, эв санааны нэгдлээ илэрхийлжээ.

Давшилт нарын оролцсон нэгэн том эсэргүүцлийн хөдөлгөөн бол, 2015 оны эхээр өрнөсөн Зүрхийн цэргийн баазыг өргөтгөхийн тулд малчдын бэлчээр нутгийг булааж, аж амьдралыг хохироохыг эсэргүүцсэн хүчирхэг хөдөлгөөн юм. Энэ полигон нь Хятадын хамгийн том цэргийн баазуудын нэг учраас, дэлхий нийтийн анхаарлыг татсан байдаг. Тэнд Хятадын түүхэнд байгаагүй том цэргийн парад болж, шинэ хөнөөл ихт зэвсгүүдийг танилцуулж, Ши Жинпин түрэмгий үг хэлэхэд дэлхий нийт санаа зовсон.

Зүрхийн цэргийн хээрийн сургуулийн бааз нь Улаанцав хотын Дөрвөд хошуу болон зэргэлдээ Шилийн гол аймгийн Сөнид Баруун хошууны нийт 1066 ам км бэлчээрийн нутаг эзэлдэг. Нийт 708 малчин өрхийн 2907 хүн бэлчээр нутгаасаа хүчээр хөөгдөн, хошууныхаа төвийн ойролцоох цагаачлалын тосгонд очжээ. Нүүлгэн суурьшсан малчин өрхүүдийг нөхөн олговор, амьдран суух боломжийн орон сууц аль алинаар нь хангаагүй байна. Энэ нь өргөн тэмцэл өрнөхөд хүргэж байсан. Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/561/

Цэнхэр дээлтэй Давшилт эсэргүүцэл илэрхийлж байна.

2017.8.4-нд Хөлөнбуйр хотын Эвээнх хошууны Хүйтэн гэдэг газар малчдын зөвшөөрөлгүйгээр хятад иргэдэд бэлчээр нутгийг нь түрээслүүлжээ. Үүнийг малчин ардууд эсэргүүцэж цуглахад түрээсэлсэн  хятад иргэдийн талынхан  олноороо малчдыг мод чулуу барин хэрцгийгээр зодож, бэртээж гэмтээжээ.

Малчид гэмтсэн хүмүүсийг орон нутгийн засгийн ордны үүдэнд авчирч хэвтүүлэн, эсэргүүцлийн цуглаан хийж, дотогш орохыг оролдлоо. Ордныг олон цагдаагаар хамгаалуулан, малчдын гомдлыг албан тушаалтнууд эс хүлээн авч, дотогш нэвтрүүлэхгүй байлаа.

Ордны үүдний чулуун шалан дээр хэвтсэн хүмүүсийн биеийг цагдаа нарт харуулахад шарх сорвиор дүүрэн байв. Гэвч, цагдаа нар, түшмэдүүд ойшоосонгүй. Нэг түшмэд гарч ирж, газрын зураг үзүүлэн, тэр газрыг түрээслүүлэх шийдвэр гарсан байхад та нар төр засгийн ажлыг эсэргүүцэж байна гэж уурсан загнав.

Хятадын төр ӨМӨЗО бол “Хятадын эрчим хүчний бааз” гэж тунхагласан. Улсын нүүрс, шатдаг хийн олборлолын ихэнхи нь Өвөр Монголд хийгдэж байна. Дэлхийн ховор металлын 85%-ийг Хятад олборлодог агаад, ихэнхийг нь мөн Өвөр Монголоос авдаг. Ялангуяа Бугат хотын Баян-Овоо гэдэг гамшгийн бүс болгож хувиргасан газраас. Уул уурхайжуулахын тулд өмнөд монголчуудын бэлчээр нутгийг булааж, малчдыг нутаг уснаас нь хөөж, нүүрс, нефть, хийн улайрсан компаниуд, мянга мянган уурхайчдын армиуд орж ирсээр… Видео:

https://www.youtube.com/watch?v=qSx8zwNYd4Q&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=128

https://www.youtube.com/watch?v=smk3uwzw05w&index=129&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg

Зодуулсан малчны нуруу.

2017.8.4-нд “Московский комсомолец в Бурятии” сонинд “Хятадын хэт даврагчид буриадуудын бэлчээр лүү дайрч, малчдыг зодож доромжиллоо” гэх материал гарчээ:

“Буриадын ерөнхийлөгчид нэр дэвшигч Батодалай Багдаев фэйсбүкдээ энэ талаар мэдээлэл тавьжээ.

Шэнэхэний Баруун суманд нэг метр урттай саваа мод барьсан 100 гаруй этгээдүүд халдлагыг үйлдэж, үймээн самуун дэгдээлээ. Фото зургуудыг харахад эрчүүдийн ихэнхи хүнд бэртэл, шарх аван хэвтэж, зарим нь гараа сойсон байдалтай, эмэгтэйчүүд тэднийг асарч байна. Видеон дээр хятадууд тэдний үхрийг тууж, малчдыг ойртуулахгүй хөөж, заримыг нь олны дундаас татаж гаргаж бүлэглэн зодож байгаа нь үзэгднэ. Эмэгтэйчүүд: “Үхэрээ иижэ намнуулжа, сохюулжа байнабди, Залуушуул ерытээ, ерыт!” гэж аврал эрэн, малчин олныг уриалан хашгирч байв. Оросын буддын шашны лам Лобсан Чойнзин ( И.Сотников ) «Өвөр Монголд байгалийн баялгийн төлөө дайн болж байна” гэж мэдэгдэв.

Буриадууд Шэнэхэн талд 1903 оноос суурьшиж эхэлсэн. Өнөөгийн Агын ӨЗ тойргийн нутгаас голдуу гарвальтай. Тэдэнд 9000 ам км нутаг дэвсгэр гаргаж өгсөн байдаг. Хайлаар хотын ойролцоохи Шэнэхэн нутагт гурван буриад сум бий. Хамгийн том нь 3600 хүн амтай Баруун сум. Ихэнхи буриадууд мал аж ахуй эрхэлдэг” гэжээ. Эх сурвалж: http://ulan.mk.ru/articles/2017/08/04/izbili-i-obrugali-kitayskie-ekstremisty-napali-na-buryatskie-pastbishha-vo-vnutrenney-mongolii.html

Хөлөнбуйр аймгийн Эвээнх хошуунд хятадууд малчид болон, хариулж байсан үхрийг нь цохиж нүдэж, хөөж тууж, бэлчээр нутгийг нь булаах гэсэн балмад хэрэг үйлдэгдсэн нь Оросын буриадуудын анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлж, хэвлэлийн хэрэгслүүдэд нь холбогдох мэдээлэл нийтлэл цөөнгүй гарсан . “Буряад үнэн” сонинд 2017.8.9-нд сэтгүүлч Александр Махачкеев “Шэнэхэний буриадууд Орост ч, Хятадад ч хэрэггүй болов” гэсэн нийтлэлийг бичжээ: 

“Социал сүлжээнийн буриадын хэсэгт Өвөр Монголд бэлчээр нутаг булаахын эсрэг тэмцэж байгаа кадрууд түгсэн билээ. Өмнө нь бусад монгол ястан малчдын эсэргүүцлийг харж байсан бол энэ удаад бидэнтэй яс нэг шэнэхэн буриадуудын  хохирогч болох ээлж иржээ. Сэтгэл шимшрэм бөгөөд итгэхэд бэрх дүр зураг…

Малчдын дургүйцлийн гол шалтгаан нь үйлдвэржсэн дарамт, тариачин хятадуудын шилжин суурьших түрлэгт оршно.  Уул уурхайн компаниуд, хятадын фермерүүд бэлчээр нутгийг булаан эзэлдэг. Малчдын эсэргүүцлийг засгаас хатуу чангаар таслан зогсоодог. 

Юутай ч өнөөдөр Цагаан хэрэм хил хязгаар биш, жуулчны үзмэр болж, харин нүүдэлчид мөхөж байна”.

Эх сурвалж:

https://burunen.ru/site/news?id=19051

NewsBabr.com сайтад  2017.8.10-нд сэтгүүлч Дмитрий Верхотуров “Монголчуудыг улам их зодох болно” гэсэн нийтлэлийг бичжээ: 

“Энэ нутаг нь Монгол, Оросын хилээс холгүй, хятадын нутаг руу түрсэн Монголын нутаг дэвсгэрийн хойхно байдаг. Саваа мод барьсан зуу гаруй хүн малчдыг малд нь ойртуулахгүй цохиж зодож байв.

Энэ бүхний шалтгаан энгийн юм: ӨМӨЗО бол бүх хятадын хэмжээний Кузбасс бөгөөд, хятадын олборлолын 25%-ийг өгдөг. Нүүрсний хамаг нөөц нь 1,1 их наяд тонн, 224,4 тэрбум тонн нь арилжааны олборлолд тохирно. Олборлосон нүүрсний ихэнхийг Хятадын бусад районууд руу болон, экспортод гаргах гэж зөөж, зарим хэсгийг орон нутагт хэрэглэдэг. Жишээ нь, Хуулингол хотод 1800 МВт-ын хүчирхэг цахилгаан станци баригдсан. Дэргэд нь Братск, Красноярскийн хөнгөн цагааны үйлдвэрүүдээс ч том Huomei Hongjun хэмээх хөнгөн цагааны үйлдвэр байх бөгөөд, 2012 онд дэлхийн адил төрлийн үйлдвэрүүд дундаа 2-р байранд орсон. Уг цахилгаан станци чанар муутай хүрэн нүүрс түлж, хаягдал нь хөнгөн цагааны үйлдвэрийнхтэй нийлээд, эргэн тойрны тал нутгийг хэдэн арван км-ийн хэмжээнд бохирдуулж байдаг.

Уурхайн үйл ажиллагаа явуулахад газар хэрэгтэй, ингээд малчдын бэлчээр нутгийг булаадаг. Малчид нь монголчууд юм. Уурхайн тоосноос болж мал өвчлөн үхэж, мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хувьд амьдрал улам хэцүүдэж байна. Уугуул ард түмний эрхийн зөрчигдөл, байгаль орчны бохирдлоос шалтгаалан, монголчуудын эсэргүүцэл нь олон өдөр үргэлжлэх мөргөлдөөн болон хувирдаг.

БНАСАУ-аас нүүрс импортлохыг хорьсон НҮБ-ын хоригт БНХАУ нэгдсэн. Мөн БНХАУ-ын дарга Ши Жинпин ХАЧА-ийн 90 жилийн ойгоор зэвсэгт хүчнийг урьд өмнө байгаагүй хэмжээгээр хүчирхэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ бүхэн нь нүүрсний олборлолыг Өвөр Монголд нэмэгдүүлэхэд хүрнэ гэж бодож байна. Тиймээс цаашдаа монголчууд, түүн дотор буриадууд саваа модоор бүр ихээр зодуулах болох нь ээ”. 

Эх сурвалж:

http://babr24.com/china/?IDE=163495

NewsBabr.com сайтад 2017.8.15-нд Дмитрий Верхотуров “Хятадын буриадууд илүүдэл хүн ам уу?” гэсэн өгүүллийг бичжээ. Үүнд: 

“Хятадуудын байр суурь бол: буриадууд эдийн засгийн хувьд үр ашиг үл авчрах илүүдэл хүн ам болжээ. Харин газрыг нь үр ашигтай хэрэглэж болно гэж тэд үзэж байна.

Өмнөд монголчуудын махны үйлдвэрлэл нь бүх Хятадын амьтны аж ахуйн хувьд бага юм. Хятад 2016 онд 85,4 сая тонн мах үйлдвэрлэсний 53 сая нь гахайны, 18,8 сая нь шувууны мах. Нүүдлийн мал аж ахуйн гол бүтээгдэхүүн болох хонины мах 4,5 сая тонн хэмжээтэй бэлтгэгдсэн нь нийт хэмжээний 5,2%-ийг эзэлж байна. 

Өөртөө засах зарчмыг, өөрөөр хэлбэл үндэсний цөөнхүүдийн аж амьдралыг төрөөс дэмждэг байсан бол одоо цаг өөрчлөгдөж, зөвхөн хатуу прагматик бодлогоор солигджээ. Буриадуудаас эдийн засгийн үр ашиг хангалтгүй гарч байгаа бол, саваа далайн хөөх нь амар шийдэл”. Эх сурвалж:

http://babr24.com/china/?IDE=163696

Эмэгтэйчүүд шархадсан малчдыг сувилж байна.

2017.8.5-нд Өмнөд Монголын баатар тэмцэгч Хадаагийн эхнэр Шинээгийн хүнд хэцүү байдлын тухай мэдээлэгдэв. Үүнээс хэд хоногийн өмнө хатагтай Шинээ сошл-сүлжээнд зурвас үлдээснээс хойш чимээгүй болжээ.

Зурваст бичсэнийг үзэхэд, түүнийг ордог сүлжээнүүддээ орох боломжгүй болгон блоклож хааж эхэлсэн байна. Фэйсбүкэд орохыг нь блоклож амжаагүй байхад зурвасаа үлдээсэн бололтой юм. “Би дээрэмчин биш, надад ингэж хандаж болохгүй” гэж Шинээ бухимдан бичжээ. “Хүүд чинь муу юм болно шүү” гэж сүрдүүлэх, скриншотууд илгээж  “үүнийгээ устга” гэж шаардах, дайрч доромжлох явдлууд гарсныг амарыг хамгаалахынхны хийж байгаа ажил гэж тэр үзжээ. Төрийн хууль хяналтын ажилтнууд бэлэг сэлт өгч татахыг ч мөн оролджээ.

“Нам засгийн суртал ухуулгаас өөрөөр сэтгэх эрх чөлөө улам муудаж, хохирсон хүмүүс надтай уулзах байтугай, утсаар ярих боломжгүй боллоо, надтай харьцаж болохгүй гэж тэднийг ихээр сүрдүүлж байна” гэж Шинээ тэмцэгч өчжээ. Түүнийг дагаж мөрдөж, хяналтын камеруудаар 24 цагийн турш ажиглаж байна.

Тэрбээр, хохирсон малчдад туслах ажил нь таслан зогсоогдоод байгаад их харуусаж байна. Түүнийг нийгмээс бүрэн тусгаарлаж, ганцаардуулж байна. “Муу зүйл хүчжих нөхцөл нь сайн хүмүүс дуугүй байх явдал гэж ухаант хүмүүн хэлсэн. Сайн санаатнууд аа, мууг эсэргүүцэн бүгд дуугараач!” гэж тэр уриалжээ.

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/08/05/n-72/

Шинээ багш гэрийнхээ гадна.

2017.8.17-нд дуучин Тэнгэр хэлмэгдсэн тухай мэдээлэл нийтлэгдэв.

Түүний эрхийг хязгаарлаж, Өвөр Монголын өөртөө засах орны 70 жилийн ойд гэнэтийн бэлэг барьсан аж. Өмнөд монголчууд хайртай дуучнаа ойн баяр наадмын үеэр ямар уран бүтээл толилуулах бол гэж тэсэн ядан хүлээж байсан. Дуучин Тэнгэр ч монгол хүнийг магтан дуулахаар бэлтгэл сургуулиа хийсэн байжээ.

Гэтэл баяр наадмын зохион байгуулагчид өмнө нь “болно” гэж зөвшөөрч байсан хэрнээ, гэнэтхэн монгол хүнийг биш, Хятадын нам засгийг магтсан дуу дуул гэж тулгажээ. “Ингэж уран бүтээлчийг хүндэтгэхгүй байж болохгүй, би бэлдсэн дуугаа дуулна” гэж дуучин Тэнгэр маргасан байна. Үүний улмаас түүнийг баяр наадмаар олон түмний өмнө ямар нэг байдлаар гарахыг хоригложээ. Дуулахаа хориулсан уран бүтээлчийг дагаж мөрдөн, хоригоо биелүүлж буй эсэхийг хянажээ.

Дараа нь “хэргийн учир өөр зүйлд байсан байна, Ордос нутгийн алдарт дуучин Сайнбаярын Тэнгэр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож, үнэнийг илэн далангүй өгүүлж, монгол хүний сайн сайхны төлөө тэмцнэ гэсний төлөө, бас Монгол улсын үндэсний үзэлтэй улс төрч Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд баяр хүргэсний төлөө шоронд хоригдон, шалгагдаж байцаагдсан бөгөөд, гарч ирээд ажлаасаа халагдлаа, дуулах эрхээ хасууллаа, эхнэр, хүүхдийнх нь ирээдүйд ч энэ бүхэн нь сөргөөр нөлөөлөх бололтой” гэсэн утгатай мэдээллүүд түгсэн. 

Дуучин Тэнгэр 1960 онд Өвөр Монголын Ордосын Отог хошуунд малчин Сайнбаярын гэр бүлд төрсөн. Бүх Хятадын Хөдөлмөрийн жишээч, мөн Бүх Хятадын тавдугаар сарын 1-ний хөдөлмөрийн шагнал авсан. Хятадад гурван том дуучин тодруулж, “Дундад улсын гурван том морин тэрэг” шагналыг хүртээхэд дуучин Тэнгэр, хоёр хятад хүн шалгарчээ. 2005 онд Бүх Хятадын 10 том дуучныг жагсаахад бас багтжээ. 

Бүх Хятадын Үндэстний дуу бүжгийн төв чуулганы дэд захирлын албанд 2009 оны наймдугаар сард томилогджээ.

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/12/01/n-110/

Дуучин Тэнгэр.

2017.8.31-нд тэмцэгч баатар Хуучинхүүгийн хүү Цээл 33 настайдаа АНУ-д бие барав. Хайрт ээж нь болох Хуучинхүү багш 2016.10.25-нд нөгчсөн юм. Ээж хүү хоёр хавдрын адил өвчлөлөөр энэ хорвоогоос хальсан.

Энэ эрхэм дайчин эмэгтэйг  хүү дээрээ очиж уулзна, биеэ эмчлүүлнэ гэхэд Хятадын засаг гадаад паспорт өгөөгүй. Цээл хүүд Өвөр Монголд ирж, ээжтэйгээ уулзахыг нь хааж хориглодог байлаа. Хятадын төрийн бодлогыг шүүмжилдэг тул тэрбээр шоронд орох ч магадлалтай байсан. Ийнхүү уулзаж чадахгүй байсаар өөр улсуудад ойр зайтайгаар нас барсан юм.

Цээл АНУ-д нэгэн том компанид инженерийн ажил хийж, амжилт бүтээлтэй хөдөлмөрлөж байсан. Тэр ээжийнхээ хамгийн сайн туслагч, хамтран тэмцэгч байсан бөгөөд, Хуучинхүү багш түүнийг Хадаа багшийн хүүгийн адил хэлмэгдэж зовох вий гээд, хичээж зүтгэсээр 2010 онд АНУ руу явуулсан юм. Үндсэндээ улс төрийн цагаачаар явсан гэж болно. АНУ руу яваагүй бол удалгүй Хадаа, Шинээ нарын хүү Үйлс шиг шорон оронд орж, хэлмэгдэн зовж, ажил амьдралгүй болох байсан. Эх хүний хайр ивээлийг шингээн хүүгээ АНУ руу явуулж, хагацал үзэж байсан билээ.

Хүү Цээл хайртай ээжийгээ АНУ руу татаж, асарч өргөхийг хүссэн. Гэвч Цээлийг явснаас хойш Хятадын засгийн газар Хуучинхүү багшийг илээр ч шоронд хорьж, далдуур ч гэрийн хорионд оруулж, чандлан харж хянах болсон тул бүтээгүй. Хятадын харгислалаас болоод, Хуучинхүү багшийн эрүүл мэнд их муудсан, эмчлүүлэх эрх нь ч хязгаарлагдмал, ажил эрхэлж болохгүй тул амьдрал нь маш хүнд байсан. Цээл хүү Монгол улсын эх оронч залуусын тусламжтайгаар, ээжийгээ эхлээд Монгол руу, дараа нь Монголоос АНУ руу авчрахыг оролдсон.

Хуучинхүү багшийг аврахыг зорьсон, амь дүйсэн гавьяат үйлсийн талаар испаний сэтгүүлч “Хаффингтон пост” гэдэг америкийн хэвлэлд бичсэн байдаг. Монголын Ганболд, Батбаяр гэдэг залуус нэрт тэмцэгч Хуучинхүү багшийн бие муу байгаад түгшин, Монгол улс руу авчирч, улмаар АНУ дахи хүүтэй нь уулзуулахыг оролдсон ажиллагааны талаар юм. Харамсалтай нь, Өвөр Монголд Хуучинхүү гуай маш хатуу хараа хяналтын дор байсан тул арайхан бүтсэнгүй. 

Насан туршдаа үндэстнийхээ төлөө тэмцсэн арвин баялаг намтартай Хуучинхүү багш 2010.11.6-нд, нэг ангийн сурагч болох Хадааг гяндангаас суллах үед, “Монголчууд баатраа тосохоор очъё” гэж уриалсан, өөрийн блогдоо бичсэн зохиолоос болж, гэрийн хорионд орсон байна. 2011.1.27-нд цагдаа нар Хуучинхүү багшийг үл мэдэх газар аваачиж хорьсон байна.

Хуучинхүү гуай шоронд зодуулж нүдүүлж, эрүү шүүлт амсаж их зовсны эцэст, эрүүл мэнд нь туйлаас доройтсон байдалтай гарч ирсэн. Хэвлэх нийтлэх, хүмүүстэй харьцах, мэдээлэл авах, сүлжээнд орох бараг бүх эрхээ хаалгасан. Бие нь муудаж, зовхио нээн юм харж чадахаа больсон. Сүүлдээ Хуучинхүү гуайн жаахан үлдсэн эрх нь ч бүрэн хаагдаж, бие нь ч бүр муудсан. Хорт хавдар хамаг биеэр нь тархан нөгчсөн билээ.

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/09/03/n-83/

http://www.huffingtonpost.com/entry/5877a625e4b065be69099208?timestamp=1485097245283

Хуучинхүү багш хүү Цээлийнхээ хамт Монгол улсын нийслэлийн ойролцоохи Мэлхий хадны дэргэд.

ЕСДҮГЭЭР САР

2017.9.11-нд 9-р сарын 11-ний өдөр Онниуд хошууны засгийн ордны өмнө өндөр настан монгол ээж суулт хийлээ. Тэрбээр, газар нутгийнхаа төлөө тэмцээд цагдаад баригдаж хоригдсон хоёр малчны ээж юм. Буруу зүйл хийгээгүй тэднийг суллахыг монгол ээж уйлан хайлан гуйж байлаа. Энэ ээжийг дэмжсэн хорь орчим малчид бас ирж, эсэргүүцлээ илэрхийллээ.

Онниуд хошууны малчдын амьдрал нэн хүнд байгаа. Нэг л жишээ хэлэхэд, 1950-иад оноос Онниуд хошууны засаг ноёд Сандаг гацааны малчдаас 1859,63 гектар шилдэг бэлчээр нутгийг булаан авсан, 2014 онд Хайлаас балгасны захиргаа малчдад хэлэлгүйгээр COFCO грүппэд бэлчээр нутгаас нь зарсан, үүнээс болж олон зөрчилдөөн сөргөлдөөн гарсан. COFCO нь булаагдсан бэлчээр нутагт “Сая гахай өсгөх технологийн загвар бүс байгуулах төсөл” хэрэгжүүлж эхэлсэн аж. Өөр ч олон бэрхшээл бий.

Үүнээс хойш, малчин айлууд цонх үүдээ нээх аргагүй өмхий муухай үнэр ханхалж, гол ус гахайн баас шээсээр дүүрч, өвс ургамал хордож үхэн, мал сүрэг элдэв өвчин эмгэг тусан хиарч, хүн ардын ч эрүүл мэнд эрс доройтжээ. Ийнхүү малчид бэлчээх нутаггүй, адгуулах сүрэггүй, уух усгүй, амьсгалах агааргүй, өрх бүлээ тэжээх амьжиргаагүй, амь тээх биегүй болж түмэн зовлонд унасан тул тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, эгч дүү Ин Гэ, Ман Лиан нар тэргүүлжээ.

Гэвч компанийхан авлигач түшмэдүүдийн хүчээр малчин ардуудыг дарангуйлсаар ирлээ. Эгч дүү Ин Гэ, Ман Лианыг “амар төвшнийг алдагдуулсан” гэж энэ оны 5-р сарын 29-нд барьж хорьсон.

Сүүлийн үед Өмнөд Монголын малчдын аж амьдрал нэн хэцүү болж буйг малчид “Шинэ Соёлын хувьсгал болж байна” гэж бачимдан хэлдэг. Тэдний цөхрөлийн илрэл нь энэ монгол ээжийн нулимс юм. Видео:

https://www.youtube.com/watch?v=Tr6MxcBtiZQ&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=84

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/09/11/1913/

Малчин ээж уйлж байна.

2017.9.12-нд Өмнөд Монголын малчдын эрх, бэлчээр нутгийнхаа төлөө дуугарсан залуусыг дарамталж хавчих нь их болсон тухай бичигдлээ.

“Эмч Алмас Шарнуудыг байнга хянаж, эргүүл тойруул хийж байдаг. Гадаад паспорт түүнд олдохгүй болсон. Бөхөө, Төгсмэнд, Илч, Дүүрэнбилиг, Дүүрэнсанаа, Тэнүүн гээд шударга залуусыг байцаадаг. Үндэсний үзэл гаргадаг, Хятад улсын амар төвшинд халдлаа, улсын нууц задрууллаа гэж том том хуулиа гаргаж ирээд, толгой дараад байдаг. Янжиндуламтай харьцлаа ч гэж хардна. 

Нэгэнтээ хөдөө үүр цайхад цагдаа нар Бөхөөгийнд ирсэн байна. Тэгээд асууж байцаажээ. Гадныхантай холбоо барилаа гэж түүнийг буруутгадаг. 

Дарамт нь маш хортой. Цөс муу хүмүүс бол нэг хоёр байцаагдаад л алга болдог. Хүний үзэл санаанд нөлөөлж, маш хортойгоор айлган сүрдүүлдэг” гэж нууцлагдмал өмнөд монгол залуу өчжээ.

Алмас Шарнууд бол Эв нэгдлийн холбоо гэх төр засаг зөвшөөрдөггүй, шударга ёсны холбоо байгуулсан.  Ардын баатар Хадаа багшийн малчдын хүнд хэцүү байдлын тухай эсэргүүцлийн бичигт гарын үсэг зурлаа гэж Алмасыг баривчилж байв. Сүүлийн үед Хятад улс дотоод гадаад бодлогоо хатуу ширүүн болгож байна. Тийм учраас өмнөд монгол өөр тэмцэгч идэвхтэнүүд ч хоригдох шийтгүүлэх эрсдэл ихэссээр. Тэнд, шүүмжлэлтэй л юм дуугарвал салан тусгаарлагч гэдэг болжээ.

Бөхөө бол шударга ёсны мэдээлэл түгээдэг, Өмнөд Монголын сөрөг үзэлтнүүдтэй холбоотой, үндэсний үзэл гаргадаг гэж буруудаж, байцаагдаж, хараа хяналтын дор орсон. “Цагаан сараар Монгол улсын бараа авч, бэлэглэе!” гэдэг хөдөлгөөн өрнүүлэлцэж, Монголын нүдний өвчтэй эмэгтэйд зориулж хандив цуглуулаад Монгол улсад ирж байсан. 

Сүлжээнд байцааж шалгагдсан тухайгаа: “Хэсэг хугацаанд чаатаа ашиглаж чадсангүй. Хятадын цагдаагийн байцаалтаас болоод, хамаг юм балрах дөхлөө. Гурван удаа байцааж шалгалаа. Орой 4 цагдаа ирээд сахиж хонолоо, бүр. Хойшдоо та нар намайг яасан ч бай, би хийх зүйлээ хийнээ. Ингэх тусмаа та муусайн нөхдөд улам хорсох л болно” гэж бичсэн байдаг.

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/09/12/n-87/

Алмас.
Бөхөө.

2017.9.26-нд Өмнөд Монголын тэмцэгчид Хадаа багшийг эргэж чадсангүй.  2017.9.21-нд Шилийн гол аймгийн Янжиндулам, Өлзиймядаг, Улаантуяа, Хөх хотын Шинээ, Бодьзав, Тунляо хотын Жанхаан, Мандаа, Ордос хотын Оюунхуар, Хянган аймгийн Давхарбаяр, Жоу Баху, Ордос хотын Баярмандах, Гоосэцэнгэрэл, Сарангуа, Хөлөнбуйр хотын Саруул нарын сүлжээчдийн төлөөлөл болсон монгол малчид эвлэлдэн нэгдэж, ӨМӨЗО-ы дарга Бу Шиаолинд хандан ил захидал бичиж, Бао Гуниан, Хай Вэнмин, Ин Гэ, Ман Лиан нарын шударга малчдыг суллах, түшмэд, цагдаа нарын хууль зөрчин дарангуйлахыг зогсоох, ардчиллыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьсан билээ.

Хоригдсон хүмүүсийн эрх их зөрчигдөж байна. Бао Гуниан 2017.7.26-нд зүй бусаар баривчлагдсан. Хошууны шоронд хоригдсоор. Гэр бүлийнхэн нь болон, өмгөөлөгч нь уулзъя гэхэд зөвшөөрдөггүй, биеийн болон сэтгэл санааны байдал нь ямар байгааг ч хэлдэггүй. Иймэрхүү байдал бол энгийн үзэгдэл.

Эвлэлдэн нэгдсэн малчид тавьсан асуудлаараа ӨМӨЗО-ы даргатай уулзах хүсэлт тавьсан. Малчид хариу хүлээх зуур тэмцэгч Хадааг эргэхээр шийдсэн байна. Тэр хүнийг нийгмээс тусгаарлах, мөрдөж мөшгих нь улам их болсныг малчид нүдээрээ үзжээ. Малчдын санааг цагдаа нар яаж ч юм олж мэдсэн нь тагнаж чагнахтай холбоотой биз ээ.

Малчдыг гудамжинд гарангуут энгийн болон цагдаагийн хувцастай зургаа долоон хүн дагажээ. Хадаагийн суудаг байрны гаднахи хашааны үүдэнд мөн энгийн болон цагдаагийн хувцастай хэдэн хүн харуулдаж байсан бөгөөд, малчдын бараанаар тосон ирж, учрыг хэлэлгүй, бичиг баримтаа үзүүлэхгүй, шууд “оруулахгүй” гэж зам таглаж, “яв” гэж хөөж түлхэж, тун бүдүүлэг авирлажээ. Тэд малчдаас хоёр дахин олон байлаа. “Малчдыг бол оруулахгүй, харин Хадаа гуайн эхнэр Шинээ багшийг гэрт нь оруулж болно” гэж цагдаа нар хэлжээ. Баахан толхилцож, орох гэж зүтгэсний эцэст, малчид аргагүй буцаж явлаа.

Тэд болсон явдлыг бичлэгт буулгаж, сүлжээнд тавьжээ. ӨМӨЗО-ы дарга Бу Шиаолин хатагтай уулзсан ч үгүй, хариу өгөх ч үгүй байх тул малчид хожим нутаг руугаа буцацгаасан юм. Дараагийн алхам болгож хэрхэн тэмцэхээ жичдээ ярьж шийднэ. Видео:

https://www.youtube.com/watch?v=j6NAgS8aYIQ&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=77

https://www.youtube.com/watch?v=K9Cq3ZEXZLI&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=70

https://www.youtube.com/watch?v=8fT7kk2eROs&list=UUR9_wIfbHOByHYuTlWEvgYg&index=71

Эх сурвалж:

http://southmongolia.org/mn/2017/09/25/1808/

Хадаа багшийг эргэх гэсэн малчин тэмцэгчдэд цагдаа саад хийж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*